Хариу нэхэхгүй зан үйлийн “Чин сэтгэл” төсөл хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Хариу нэхэхгүй зан үйлийн “Чин сэтгэл” төсөл хэрэгжинэ

Хүүхдийн сөрөг зан үйлийг өөрчилж эерэг зан үйлийг төлөвшүүлэх зорилготой “Чин сэтгэл” төслийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр дунд сургуулийн наймдугаар ангийн “а” бүлэгт хэрэгжүүлэхээр боллоо.

    Тус аймгийн Хүүхдийн Гэмт Хэргийг Хариуцах Хорооны нарийн бичгийн дарга, төслийн зохицуулагч Ц.Дулмаа, “НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, найман сарын турш үргэлжлэх, таван мянган долларын өртөгтэй энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд дөрвөн зорилт тавьж ажиллана. Энэ нь сурагч нэг бүрт, хамт олонд чиглэсэн, ухуулга нөлөөллийн, тэгээд эцэст нь нийгмийн зах зээлд гарах үйл ажиллагаа байх юм. Төслийг хэрэгжүүлэх 11 хүнээс бүрдсэн ажлын хэсэгт маань Өндөрхаан хотын Захирагч, Хүүхдийн Төлөө Хэлтсийн дарга, сум дундын шүүгч, сэтгүүлч, дөрөвдүгээр дунд сургуулийн захирал болон нийгмийн ажилтан, төсөл хэрэгжих ангийн багш, ангийн дарга сурагч зэрэг бүрэлдэхүүнтэй. Төслийг хэрэгжүүлж байгаа наймдугаар ангийн гучин сурагчдаараа дамжуулан аймгийн төвийн дунд сургуулиудад нөлөөлөх нь манай төслийн гол зорилго байх болно” гэж ярилаа.

    Ихэвчлэн гэр хорооллын хүүхдүүд сурдаг дөрөвдүгээр дунд сургуулийн наймдугаар ангийн тэдгээр сурагчдын 12 нь хөвгүүд 18 нь охид байлаа. Төслийн сүүлийн хоёр сарыг хяналт үнэлгээ хийхэд зарцуулах юм байна.

    -Хэн нэгэнд тус хүргэснийхээ төлөө заавал хариу нэхдэг жишиг тогтсон энэ нийгэмд бид аль болох хариу нэхдэггүй эерэг зан үйлийг төлөвшүүлж сэтгэлдээ үлдээдэг хандлагыг бий болгоно гэдэг маш чухал зүйл билээ хэмээн Хүүхдийн Төлөө Хэлтсийн дарга З.Бат-Эрдэнэ төслийн нээлтийн үеэр онцоллоо.

    “Би энэ сургуульд 10 дахь жилдээ ажиллаж байна. Энэ ангийг зургаадугаар ангиас нь эхэлж дааж гурав дахь жилийн нүүрийг үзэж байна. “Чин сэтгэл” төсөл өсвөр үеийнхэнд маань их нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Манай сурагчид ч зан үйлийн хувьд төлөвшсөн, бие биендээ тусалж чаддаг хүүхдүүд. Тийм ч учраас энэ төсөлд манай анги сонгогдсон байх!” гэж ангийн багш У.Баяртунгалаг өгүүллээ.

    Хэнтий аймгийн Хүүхдийн Гэмт Хэргийг Хариуцах Хороо нь, 2006 оноос аймгийн Засаг даргын удирдлага дор байгуулагдаж НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүүжилт дэмжлэгээр ажиллаж ирсэн байна.

Б.Адъяахүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж