Хөлбөмбөгийн ААШТ маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн ААШТ маргааш эхэлнэ

Ази тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн энэ сарын 7-29-ний өдрүүдэд Катар улсад болно. Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү нэр хүндтэй тэмцээн Катар улсад хоёр дахь удаагаа зохиогдох гэж байгаа нь энэ. Тэд өмнө нь 1988 онд анх удаа тивийн хэмжээний томоохон тэмцээнийг хүлээн авч байлаа. Харин энэ удаагийнх нэлээд онцлогтой, учир нь 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулах эрх авсан катарчуудын зохион байгуулалтыг дэлхий нийт анхааралтай ажиглах нь дамжиггүй. Уламжлал ёсоор тэмцээнд Ази тивийн хамгийн шилдэг 16 баг оролцоход бэлэн болоод байна.

А хэсэгт зохион байгуулагч Катар улс Кувейт, БНХАУ болон Узбекистаны багуудын хамтаар өрсөлдөх болсон. Энэ хэсгийг тэмцээний хамгийн сулхан хэсэгт тооцож байгаа. Азийн аварга шалгаруулах тэмцээнийг нээж, уламжлал ёсоор зохион байгуулагч Катарын шигшээ Узбекистаны багтай нээлтийн тоглолтыг хийх юм.

В хэсэгт Азийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга Саудын Араб, мөн тивдээ гурав түрүүлсэн Япон улсын шигшээ багуудаас гадна Йордан, Сири улсын багууд багтсан байгаа. Мэдээж урьдчилан тааварлаж байгаагаар хэсгийн гол өрсөлдөөн “Цэнхэр самурай”, Арабын багуудын хооронд өрнөх биз. “Цэнхэр самурай” хочит Японы шигшээ багийнхан энэ тэмцээнд түрүүлэх хэмжээний тоглолт үзүүлж чадна гэдгийг дэлхийн аваргын үеэр дэлхий нийтэд харуулсан билээ. Хөлбөмбөгийн хөгжил нь шинэ шатанд гарч, өндөр төвшний тоглолтыг үзүүлэх болсон Японы шигшээ багт энэ жилийн Азийн шилдэг хөлбөмбөгч Ясухито Эндо, Аваргуудын лигийн тэмцээнээр өөрийгөө таниулсан Кейсүки Хонда болон Бундеслигт хамгийн амжилттай тоглож байгаа “Боруссия Дортмунд”-ын Шинжи Кагава, “Вольфсбург” багт хүчин зүтгэдэг Макото Хасабэ, Оросын суперлигийн “Томь Томс” багийн Дайсүкэ Мацуи гэсэн тоглогчид бүгд тоглох учир “Цэнхэр самурай”-нууд 2000, 2004 онд түрүүлж байсан амжилтаа давтах боломжтой юм.

С хэсэгт мөн л хүчтэй багууд өрсөлдөх болсон нь тэмцээний өрсөлдөөнийг чимэх нь дамжиггүй. Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа оролцох гэж байгаа Австрали болон сүүлийн жилүүдэд ямар ч багийн хувьд хэцүүхэн учраа болоод байгаа БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ, мөн Энэтхэг, Бахрайны шигшээ багууд энэ хэсэгт өрсөлдөх юм. Гуулин улсын баг тивдээ шилдэгт тооцогдох бүрэлдэхүүнтэй ч Азийн цомын эхний хоёр тэмцээнд түрүүлсэн гэсэн амжилтаас өөр магтуулах амжилт Азийн аваргад үзүүлээгүй байгаа. Багийн лидер Пак Чисуны хувьд энэ тэмцээн хамгийн сүүлийн Азийн аварга нь юм. Багийн хамгаалагчдыг эс тооцвол Өмнөд Солонгосын багийн бүрэлдэхүүн эрс залуужсан. Түүнчлэн Азийн аваргад цахиур хагалах тамирчинд тооцогдож буй 1992 онд төрсөн “Гамбург”-ийн довтлогч Сон Хэйун Мин хэрхэн тоглох нь анхаарал татаж байна. Харин хэсгийн гол өрсөлдөгч Австралийн шигшээ тивдээ өрсөлдөгчгүй гэсэн шалтгаанаар Ази тивийн өрсөлдөөнд хоёр дахь удаагаа нэгдэж байгаа бөгөөд Премьер лигийн “Эвертон” клубын гол тоглогч Тим Кахилл тэргүүтэй зургаан тоглогч шигшээд багтсан гэхээр хэр өрсөлдөгч болохыг гэрчилнэ.

Харин D хэсгийн тоглолтууд хамгийн сонирхолтой өрнөх өндөр магадлалтай. Аварга цолоо хамгаалан оролцож байгаа Иракийн шигшээ, БНАСАУ, АНЭ болон Иран шигшээ гэсэн хүч тэнцүү багууд энэ хэсэгт багтсан тул  энэ хэсгээс ямар баг хасагдах шатанд шалгарахыг тааварлах хэцүү.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж