Жон Казаковыг Монголоос гаргахгүй байх хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Жон Казаковыг Монголоос гаргахгүй байх хүсэлт гаргажээ

Дархан-Уул аймгийн  Хонгор сумынхан бүгдээрээ цианит натрид хордон, эрүүл мэнд амь насаараа хохирсоор байгаа тухай олон жил яригдаж байгаа ч өнөө хэр наашгүй шийдэлд хүрээгүй байгаа. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Буданчийн гол дагуу нутагладаг малчид Хонгорт гарсан эмгэнэлт хэргийг давтах болсон талаар Монголын гол нууруудын  нэгдсэн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ц.Мөнхбаяр нарын хүмүүс өнөөдөр мэдээллээ. Мандал сумын нутгаас алт олборлож буй “Пураам”, “Сентарра гоулд” зэрэг компаниудын буруутай үйл ажиллагаанаас болж Буданчийн гол их хэмжээгээр бохирдон иргэдийн биеэр элдэв зүйл туурч, мал хүртэл уух усгүйдэх болсон төдийгүй тус нутгаас авсан хөрсний шинжилгээгээр хүнцлийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 20 дахин өндөр байгаа талаар хэвлэлийн бага хуралд оролцогчид онцолж байлаа. Монголын гол нууруудын холбооноос “Пураам”, “Сентарра гоулд” компаниудын байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг хөндлөнгийн байгууллагаар тогтоолгон өнгөрсөн оны аравдугаар сард Улсын мөрдөн байцаах газарт өгсөн. Өргөдлийн дагуу шалгалт явуулж байгаа ч  “Сентарра гоулд”-ын захирал  Жон Казаковыг Монголоос гаргахгүй байхад анхаарлаа хандуулахыг хүсчээ. Учир нь гадаад захирал Монголын баялгийг цөлмөчихөөд ямар ч шийтгэлгүйгээр хил даван гарч болзошгүй гэж иргэний хөдөлгөөнийхөн сэрэмжилж байгаа юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж