В.Путины мөнхийн дайсан

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

В.Путины мөнхийн дайсан

Шинэ оны өмнөх өдрүүдэд ОХУ-ын шүүхээс хоёр дахь удаагаа М.Ходорковский
болон түүний хамсаатан П.Лебедев нарыг буруутган 13.5 жилийн ял оноолоо.
Тэднийг газрын тос олборлогчдоос 824 тэрбум рублийн газрын тос хулгай
хийсэн, хууль бус мөнгө угаасан зэрэгт буруутгав. Уг нь энэ хоёр залилан
хийсэн, татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдан найман жилийн ял
сонссон хүмүүс. Ирэх онд тэдний ялын хугацаа дуусах байсан юм. Гэвч
сууллагдах нь нэгэнт худал болов.


Тэгвэл “Ходорковскийн хэрэг” гэж юуг хэлээд байна вэ. Түүнийг бүү суллагдаасай гэж хэн хүсч байна. Энэ талаар товч өгүүлье.

М.Ходорковский гэж хэн бэ?

Михаил Борисович Ходорковский 1963 онд Москва хотод төрсөн. Нийгмийн
зүтгэлтэн, нийтлэлч, бизнесмен. Эцэг эх нь химийн инженер мэргэжилтэй
хүмүүс. Тиймээс Михаил багаасаа химийн шинжлэх ухаанд шимтэн, энэ
салбарын гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулийг дүүргэжээ. 1981 онд
Д.Менделеевийн нэрэмжит Москвагийн хими, технологийн их сургуульд элсэн
орсон. Суралцаж байхдаа салбараа солин эдийн засгийн тэнхим рүү шилжсэн
байдаг. Энэ үеэс Михаил комсомолын идэвхтэй гишүүнээр тодорч удалгүй
ЗХУ-ын Коммунист намд элсчээ. Тэр үед комсомолд хамтран зүтгэж байсан
нөхдүүд нь өдгөө ч түүний үнэнч найз хэвээр үлдсэн аж. Михаил мөн
Г.Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн их сургуулийг төгссөн байдаг.
Намтрыг нь үзвэл, Михаил маш олон чухал “мест”-д ажиллаж байсан нэгэн.
Гэвч тэр сэдвийг орхиод “Ходорковскийн хэрэг”-ийн гүн рүү нэвтэрье.

“Менатеп”ын баг

1987 онд Фрунзе дүүргийн Комсомолын хорооны дэргэд “Менатеп” (Салбар
дундын шинжлэх ухаан, техникийн хөтөлбөрүүд) байгуулагдахад
Ходорковскийн талаар юу эсийг ярив. Түүнийг хилийн чанадаас “хулхи”
“Наполеон” коньяк болон Польшид савлагдсан Швейцари цагаан архи оруулж
ирсэн, “чанамал” жийнс оёж намын мөнгө “угаадаг” байсан гэхчилэн зөндөө л
хов яригдсан. Харин “Менатеп”-ынхан энэ олон “домог”-ийг үгүйсгэж
технологи нэвтрүүлэлтээс болон компьютерын импортоос орлого олдог байсан
гэж ярьдаг. Гэхдээ гадаадын архины үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийж
байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Ходорковскийн орлогчоор ажилладаг
Леонид Невзлин “Коньякны үйлдвэрлэлд бид хөрөнгө оруулж байсан удаатай.
Тэглээ гээд хэн ч хордоогүй шүү дээ” гэж хэлсэн нь дээрх хэргийг
баталдаг. Ходорковский энэ үеэс эхлэн өдөрт 14 цаг ажилладаг зуршилтай
болсон нь цорын ганц үнэн юм. Тэр үед хүмүүс ганц ганцаараа ажилладаг
байв. Харин ямар нэгэн ажил явуулахдаа бүлгээрээ цуглаж тохиролцогоо
хийчихээд, мөнгөө хувааж аваад тэр дороо “бутрана”. Тэгэхгүй бол цагдаад
баригдаж “аав”–ынд морилох аюултай. Тэгвэл Ходорковский энэ заншлыг
дагаагүй атал багаа хадгалж үлдэж чадсан нэгэн. Багийнхан бие, биедээ
тун үнэнч байв. Хэзээ ч бие биенийгээ хуурч байгаагүй юм. Ходорковский
аз туршиж байсныхаа хэрээр маш их ашиг олдог байв.

Ходорковскийн багийнхан удалгүй 2.7 сая рублийн хөрөнгө оруулалт хийж
“Менатеп”-ыг банк болгожээ. Шаардлагатай 2.3 сая рублийг хувьцаагаар
олов. Тухайн үед “Менатеп”-ын хувьцаа олон нийтийн дунд маш хурдан
борлогддог байсан ч хувьцааны ашиг гэмээр юм бараг авч чадаагүй үлдсэн
гэж хэлж болно. Ходорковскийд “том” танил тал байсан уу гэдэг нь нууц
хэвээр. Гэтэл тухайн үед тусгай албадын “дэмжлэг”-гүйгээр импортын үйл
ажиллагаа явуулахад бэрх байсан цаг. Гэхдээ Ходорковский төрийн албан
хаагчдад “хөрөнгө оруулалт” хийдэг байсан нь түүнд эргэлзээгүй ашгаа
өгсөн нь ойлгомжтой. “Томчууд”-ын амьдардаг Рублёвка зусланд үе үе
хүлээн авалт зохион байгуулах нь Ходорковскийд гарсан зардлаас нь мянга
дахин их өгөөжийг өгдөг байлаа. “Менатеп” ОХУ-ын анхны хөрөнгө
оруулалтын банк байсан гэж хэлж болно. Харин Ходорковский банкаас илүү
аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг хүсдэг нэгэн байв. Тиймээс ч 1994-1995 оны
хооронд 100 гаруй үйлдвэрийн хувьцааг худалдаж авч чадсан байдаг. Харин
1995 оны арванхоёрдугаар сард дэлхийд дөрөвт, ОХУ-д хоёрт ордог “ЮКОС”
хэмээх газрын тосны компанийн 78 хувийг өөрийн болгож чадсан юм.

“ЮКОС” мэндлэв


“ЮКОС”-ыг худалдан авсан энэ явдал нь ОХУ-д өрнөсөн хувьчлалын хамгийн
сонирхолтой түүх болон үлджээ. Газрын тосны боссууд их өвөрмөц хүмүүс
байдаг. Тэд өөрсдийнхөө хүрээлэлд нийслэлийнхнийг эсвэл комсомолчууд
болон “шинэ” оросууд орж ирэхийг тэвчдэггүй. Компаниа төмөр нударган дор
удирдан банкны эзэд битгий хэл, гэмт хэрэгтнүүдтэй ч эрх мэдлээ
хуваалцдаггүй хүмүүс. Тиймээс ч Сургут мужид 1990-ээд оны эхээр хэдэн
арван “хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хулгайч нар”-ыг егүүтгэсэн нь үүний
тод жишээ гэлцдэг. Гэвч Ходорковский болон түүний багийнхан энэхүү
хүрээлэлд хүч түрэн орж ирж өөрсдийнхөө ноёрхлыг тогтоож чадсан юм.
Ингэхдээ дарга нарт сайхан зан гаргаж ашиглачихаад, дараа нь хөсөр
хаядаг байв. Ходорковский тухайн үед өмнөө гурван зорилго тавьж
ажилласан байдаг. Нэгдүгээрт, газрын тосны хулгайг зогсоох. Хоёрдугаарт,
ажилчдыг цомхотголд оруулах. Гуравдугаарт, татвар төлөлтийг багасгах.

Ажилчдыг хайр найргүй цомхотгосон. 76 мянган ажилчнаас 25 мянгыг л
“ЮКОС”-т үлдээв. Бусдыг нь төртэй хамтарч байгуулсан үйлчилгээний
компаниудад эсвэл алдагдалтай ажиллаж байсан газрын тосны төрийн
байгууллагуудад амжилттай “шахав”. Ингэснээр цомхотголд орсон хүмүүсийг
өөрөөсөө зайлуулж, “ЮКОС”-оос хамааралгүй болгож чадлаа. Харин “ЮКОС”-ын
удирдлагынхны бодож олсон бас нэг гайхалтай арга нь “цооногийн амсар
дээрх шингэн”-ийг зарах явдал байв. Энэхүү шингэнийг зарснаар орон
нутагт нь хамгийн бага хэмжээний татвар төлөх боломж бүрддэг байжээ.
Тэгвэл улсад төлөх татварыг яаж багасгах вэ. Үүнд олон арга бий. Харин
тэд улсын өрийг өөрөөр нь эргүүлж төлүүлэх аргыг бодож олжээ.

Татвараас зайлсхийх сонгодог арга

Үүнийг энгийн аргаар тайлбарлъя. “ЮКОС” улсын төсөвт өртэй, гэтэл төр,
засгийн зүгээс тухайлбал Волгоград мужийн хөгжлийн зорилтот хөтөлбөрт
мөнгө шилжүүлэх ёстой гэж бодъё. Улсын төсвөөс тус мужид мөнгө
шилжүүлнэ, муж “ЮКОС”-т өрөө төлнө. Харин тэр мөнгөөр нь “ЮКОС” улсын
төсөвт өрөө төлнө. Ийм амархан. Ерөөс тэр үеийн компанийн захирлууд бүгд
л улсаас “хулгай” хийж амьдардаг байсан цаг. 1995-1998 оны хооронд тэд
татвар төлдөггүй байсны улмаас улсын төсөвт орж ирэх мөнгө багассаар
байв. Харин зардал нь өссөөр л. Тэгвэл төр, засаг төсвийн хөрөнгөө
хаанаас болгодог байсан бэ гэсэн асуулт гарч ирнэ дээ. Хариулт нь
амархан. Банкны олигархууд улсад төлөх ёстой байсан татварын хэмжээтэй
дүйцэхүйц хөрөнгийг төрд зээлүүлдэг байжээ. Жишээгээр тайлбарлъя.
Тухайлбал, “ЮКОС”-ыг газрын тостой “зууралдах” хооронд “Менатеп” төрийн
үнэт цаасуудыг худалдан авах, мөн Сангийн яамны баталгаатай өрийн
бичгээр үйлдвэрүүдэд зээл өгөх зэрэг ажлуудыг амжуулжээ. Үйлдвэрүүдэд
зээлийг маш зальжин аргаар өгдөг байж. Төсвөөс санхүүждэг үйлдвэрт
хөрөнгө шаардлагатай. Нэгэнт улсын төсөвт мөнгө байхгүй тул үйлдвэрийн
удирдлага Сангийн яамнаас бус арилжааны банкнаас зээл авахад хүрнэ.
Гэхдээ Сангийн яам тэдний тавьсан зээлд маш бага буюу жилийн 12-15
хувийн хүүг арилжааны банкуудад төлдөг байв. Ингэж л арилжааны банкуудад
хүүгийн төлбөр гэх сул мөнгө орж ирдэг боллоо. Учир нь тэд тэрхүү
үйлдвэрт зээлийг мөнгөн хэлбэрээр өгөлгүй, ердөө өрийн бичиг гэсэн
нэртэй хоосон цаас өгдөг байсан юм. Харин үүнийхээ төлөө Сангийн яамнаас
бодит мөнгө авдаг байлаа. Ийм маягаар 40 их наяд рубль өрийн бичгээр
дамжсан гэх судалгаа бий. Харин “Менатеп” өрийн бичгийн зээллэгээрээ
арилжааны банкууд дундаа тэргүүлэгч нь байжээ. ОХУ-д хүн бүр л татвараас
зайлсхийхийг хүсдэг. Харин олигархууд улсын төсвийг хоёр удаа
“дээрэмддэг” байсан юм. Улсын төсөвт орлого орох болон зарлага гарах
бүрт тэд ашиг хүртэж чаддаг байв. Тиймээс ч “ОХУ-ын төсөв” гэх саалийн
үнээ 1998 оны наймдугаар сард амь тавьсан гэж бүрнээ хэлж болох аж.

Засгийн газраа сүрдүүлэн байж амь аврагдав

1997 онд Ходорковский зорилгоо бүрэн тодорхойлно. Одоо тэрбээр газрын
тосны салбарт хаанчлал тогтоохыг хүсэх болов. Титан, зэс, ойг хүртэл
эргэлтэд оруулж мөнгө болгох хэрэгтэй гэж үзэв. Тэгтэл “Роспром” компани
“Уралэлектромедь”, “Ависма” зэрэг “хэрэгцээгүй” гэж үзсэн үйлдвэрүүдээ
зарж эхлэв. Уг борлуулалтаас орж ирсэн мөнгөөр нь “Роспром”-ынхон Дорнын
газрын тосны компанийг (“ВНК”) худалдан авахаар төлөвлөжээ. Гэтэл
хөрөнгө нь хүрэлцэхгүй байсан тул “ЮКОС”-т хандав. “ЮКОС” тэрхүү
хөрөнгийг өөрийн газрын тосны компаниа барьцаалан барууны банкаас зээлж
өгчээ. Харин 1997 онд Ходорковский “Менатеп”-ыг орхин “Роспром”
холдингийн тэргүүн болов. Уг албан тушаалд очсоноор химич мэргэжилтэйн
хувьд үйлдвэрлэлийг эрхлэх эртний мөрөөдөл нь биелсэн гэж хэлж болох
байлаа. Гэвч байдал өөрөөр эргэж эхлэв. Ер нь 1997-1998 онд Оросын
банкны олигархууд барууны орнуудаас валютын зээл авч, түүгээрээ
үйлдвэрүүдийн үнэт цаас худалдан авч амьдардаг байлаа. Ийм маягаар тэд
бүтээгдэхүүн экспортлогч олон үйлдвэрийг өөрийн болгосон байдаг. Рублийн
ханшийг унагаж, бага ханштай байлгах тусам барууны банкуудаас мөнгө
зээлэх нь их ашиг авчирдаг байсан цаг. Гэвч арилжааны банкуудын энэ
үйлдлийн улмаас ОХУ-ын Төв банк рублийн ханшийг тогтвортой байлгах
зорилгоор 1998 оны зөвхөн эхний хагас жилд найман тэрбум долларыг
зарцуулжээ. Тэгтэл тухайн жилийн долдугаар сараас эхлэн барууны банкууд
зээлийн хугацаагаа сунгахаас татгалзан мөнгөө эргүүлж авах хүсэлтээ
илэрхийлэв. Сандарсан банкирууд Засгийн газрын ордноор гүйлдэн “Зээл
төлөхгүй байх ямар нэгэн арга хэмжээ бодож олооч дээ” хэмээн орилолдоно.
Тэдний дундаас Ходорковскийн дуу хамгийн чанга нь байсан гэлцдэг.
Аргагүй л дээ, “Менатеп” зээлийн төлбөртөө 80 саяыг өгөх дээрээ
тулчихсан байжээ. Энэ бүхнийг өөрийн биеэр харсан зарим хүний хэлж
буйгаар, банкны олигархууд эцэст нь Засгийн газрын тэргүүнээр ажиллаж
байсан Кириенко дээр орсон аж. Тэд Кириенкод хандан “Чи энэ асуудлыг
шийдэж өгөхгүй бол газрын тосны “НОРСИ” компанийг чинь “булшилчихна” гэж
мэдээрэй. Барууны банкуудад мөнгө өгмөөргүй байна. Нэг арга бодож ол”
хэмээн сүрдүүлсэн гэх. Ямартай ч Кириенко барууны банкуудад өр төлөх
хугацааг хойшлуулах хүсэлтээ илэрхийлсэн нь үнэн. Харин энэ хугацаанд
Оросын банкирууд итгэлтэй түнш болон найдваргүй зээлдэгч нараа ялгаж
салгах ажилдаа оров. “Менатеп”-ын хувьд итгэлтэй түншүүдээ “Росбанк”-ны
мэдэлд шилжүүлж, найдваргүйг нь “Менатеп”-дээ үлдээв. “Росбанк” бол
“Менатеп”, “Мост-банк” болон “ОНЭКСИМ” компаниудын хамтын өмч байсан юм.

“ЮКОС”-ын ангуучид

Харин “ЮКОС”-ын хувьд байдал арай өөрөөр эргэв. Энэ компанийг ёстой л
ангуучилж эхлэв. Ангуучдын нэг хэсэг нь нөгөө мөнгө зээлдүүлсэн барууны
банкууд байлаа. “Daiwa”, “Westdeutschelandesbank” болон “Standard Bank
of London” банкууд газрын тосны уг компанийг шүүхэд өгч 236 сая доллар
нэхэмжлэв. Эцэст нь хууль ёсоор “ЮКОС”-ын 30 хувийг эзэмшихээр болсон
юм. Харин “ЮКОС” газрын тос олборлогч гурван охин компанийнхаа хөрөнгө
оруулалтын анхны өртгийг гурав дахин өсгөсөн нь дээрх банкуудын
эзэмшлийн хувийг 17 болтол нь бууруулчихав. Өөрөөр хэлбэл, тэд гадил
жимсний хальсыг л хүртэх болов. Харин гадил жимс нь өөрөө тэдний гар
хүрэхээргүй газар байлаа. Эцэст нь дээрх банкууд эзэмшлийн хувиа
зарснаар энэ хэрэг дууссан юм. Энэхүү гайхалтай аргыг дараагийн ангууч
болох Америкийн тэрбумтан Кеннэт Дарт хэмээх сонин нөхөрт хэрэглэж
болсонгүй. Тэрбээр “greenmail” буюу “ногоон шантаж” гэдэг аргад мэргэшиж
байсан нэгэн аж. Хөрөнгө оруулагч нар аливаа компанийн хувьцааны
багахан хэсгийг худалдан аваад, тэдгээр хувьцааг эргүүлээд гурав дахин
өндөр үнээр автал нь компанийн менежментын ямар ч төлөвлөгөөг
санаатайгаар эсэргүүцэх аргыг “greenmail” гэдэг аж. Кеннэт Дарт
“ЮКОС”-ын охин компаниудын хувьцааны 10-12 хувийг өөрийн болгож амжжээ.
Гэхдээ Дарт буруу газраа “ногоон шантаж” хийхийг оролдсоноо сүүлд
ойлгоно. “СУ-37” сөнөөгч онгоцны дэргэд нэг муу эрдэнэшиш шиг харагдах
Дартыг оросын бүргэдүүд дор нь “устгаж” орхижээ. “ЮКОС” охин компаниудаа
нэгтгэснээр Дартыг бараг юу ч үгүй үлдээж чадав. “ЮКОС” хэмээх “бар”-ын жаахан атугай хэсгээс хүртэхийг санаархсан
дараагийн ангуучид нь “улаан захирлууд” байсан юм. “Улаан захирлууд”
гэдэг нь социализмийн үеэс эхлэн үйлдвэрийн даргаар ажилласан хүмүүсийг
хэлдэг аж. Тэд улс орноо зах зээлийн эдийн засагт шилжих хүртэл нь
үйлдвэрийг жолоодож явсан хүмүүс. Гэтэл тэд ч бас “ЮКОС”-оос юу ч олж
долоож чадсангүй. Тэр бүү хэл, зарим нь амиа алдах дөхсөн юм. Харин
“ЮКОС” иймэрхүү бусармаг явдалд холбоогүй гэдгээ мэдэгдэж байлаа.
Эсрэгээрээ, “улаан захирлууд” хоорондоо өрсөлдөгчөөсөө салахын тулд
иймэрхүү аргыг хэрэглэсэн байж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлсэн.

Ходорковский дангаар ноёрхогчийн золиос болсон уу

ОХУ олигархуудынхаа тусламжтайгаар зах зээлийн эдийн засагт шилжсэн гэж
үзэж болно. Бизнесменүүд өөртөө ашиг олохын хэрээр нийгмийг өөд нь татаж
байв. Харин супер олигарх буюу дангаар ноёрхогч нэгэн гарч ирвэл
хоорондоо арсалдах баячууд алга болж зах зээлийн хөгжилд цэг тавигддаг
гэдгийг хэн бүхэн мэднэ. ШУА-ийн сурвалжлагч-гишүүн Борис Березовский,
нууц үйлдвэрийн эзэн Александр Смоленский, цонх угаах үйлчилгээ эрхэлдэг
компанийн эзэн Михаил Фридман, Эдийн засгийн гадаад харилцааны яамны
ажилтан асан Владимир Потанин болон авьяаслаг химич Михаил Ходорковский
зэрэг олигархад түүх яг ийм л “ял”-ыг тулгасан юм. Ходорковский 2004 онд
ОХУ-ын хамгийн баян хүнээр тооцогдож, дэлхийн баячуулын нэгд зүй ёсоор
ордог байсан юм. “Forbes” сэтгүүлийн Орос дахь салбар түүнийг 2004 оны
ОХУ-ын хамгийн баян бизнесменээр шалгаруулж байсан удаатай. Гэвч 2004
онд тэрбээр ажил хэргийн түншүүдийнхээ хамтаар эдийн засгийн бүлэг гэмт
хэрэгт буруутгагдсан юм. М.Ходорковскийг хулгай хийсэн, татвараас зайлсхийсэн зэрэг хэрэгт
сэжиглэн 2003 оны аравдугаар сарын 25-нд Новосибирскийн “Толмачёво”
нисэх онгоцны буудал дээрээс баривчилсан юм. Харин долоо хоногийн дараа
ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас “ЮКОС”-ын хувьцааг хурааж авав. 2005
оны тавдугаар сард Мещанский дүүргийн шүүхээс Ходорковскийг луйвар
хийсэн, бусдын өмчийг өөрийн болгосон, татвараас зайлсхийсэн гэх зэрэг
олон хэрэгт буруутайг нотлон Эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтыг үндэслэн
есөн жилийн хорих ял оноосон. Харин давж заалдах шатны шүүхээс ялыг нь
найман жил болгож бууруулсан юм. Ходорковскийг хорьсны дараа газрын тос
олборлогч охин компаниудыг нь төрийн “Роснефть” газрын тосны компанийн
мэдэлд шилжүүлсэн байдаг. Харин “ЮКОС”-ыг дампуурсанд тооцох болов.
Ходорковский хоригдох хугацаандаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн дөрвөн
удаа өлсгөлөн зарласан ч нэмэр болоогүй. Гэтэл шинэ оны өмнөхөн түүнд
дахин ял тулгаснаар Ходорковский дахин зургаан жилийг торны цаана
өнгөрөөх боллоо. Шүүхээс 13.5 жилийн ял оноосон ч хоригдсон жилүүдийг нь
оруулж тооцохоор шийдвэрлэсэн тул зургаан жил суух болсон гэсэн үг юм.
Сүүлийн үеийн мэдээллээр түүнийг буруу зүйл ангиар шүүсэн гэдэг нь
тогтоогдоод байгаа ч ялын хугацаанд онцын өөрчлөлт орохгүй бололтой.

Зарим нийгмийн зүтгэлтэн, сайн дурын нийгэмлэгүүдийн үзэж буйгаар,
Ходорковский сөрөг хүчний “ОХУ-ын Коммунист нам” болон “Яболоко” намыг
санхүүжүүлдэг байсан нь одоогийн төрийн удирдлагуудад таалагдаагүй учир
түүнийг шоронд хорьж өшөөгөө авч байна гэдэг. Үнэндээ ч Путин өөрийн
биеэр эдгээр намын санхүүжилтыг зогсоохыг шаардсан ч Ходорковский хүлээж
авалгүй, санхүүжилтээ үргэлжлүүлсээр байв. Тэр угаас хэнээс ч айдаггүй.
Тэгээд ч Ходорковский цагтаа Ерөнхийлөгчийн суудалд залрах хамгийн
өндөр магадлалтай хүн байсан нь үнэн. Магадгүй тэр үеэс энэ хоёрын дунд
үзэн ядалт үүссэн байж болох талтай. Гэхдээ өөр олон таамаг яригддаг.
Путины туслахууд Ходорковскийгээс авлига авдаг байсан нь ч тогтоогдсон
байдаг. Ямартай ч Ходорковский Путин хоёр мөнхийн дайсан болсон нь
туйлын үнэн. Тиймээс ч ОХУ-ын одууд, алдартай хүмүүс нь одоогийн төр
солигдсон үед л Ходорковский суллагдах боломжтой болно гэж үздэг юм.
Ходорковский ч өөрөө Путины “захиалгаар” шоронд сууж байгаа гэж үздэгээ
нуудаггүй. Тиймээс “Нэг хэргээр дахин дахин ял тулгана гэж байх уу”
хэмээн ёжилж байсан юм.

М.Ходорковскийд дахин ял тулгасан явдлыг зарим улс  таашаагаагүй.
Герман, Франц, АНУ энэ явдлыг эсэргүүцсэн байр суурийг илэрхийлсэн. Тэд
Оросын шүүхэд үл итгэн, хүний эрхийг ноцтой зөрчсөнд харамсч буйгаа
мэдэгдлээ. Мөн шүүхийн шийдвэр гарсан өдөр М.Ходорковскийг дэмжигсэд
жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Тэд гартаа “Түүнийг сулла”,
“Путинг шоронд хий” гэсэн бичиг бүхий лоозон барьсан байв. Тэгвэл
В.Путин үнэн хэрэгтээ хэн бэ. Улс төрд анх яаж гарч ирэв. Энэ бүхний
талаар удахгүй танилцуулах болно.

Ireporter Uyanga

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж