Кувейтын Гадаад хэргийн дэд сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Кувейтын Гадаад хэргийн дэд сайдтай уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Кувейт улсад хийж буй албан ёсны айлчлалд оролцож буй Гадаад харилцааны дэд сайд Б.Болор тус улсын Гадаад хэргийн дэд сайд Халед Аль-Жараллатай өчигдөр уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Болор Монгол Улс, Кувейт улсын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн жилүүдэд ихээхэн өргөжин тэлж байгааг дурдаад Кувейт улсаас Монгол Улсад авто зам болон цахилгаан станц барих зэрэг хэд хэдэн төслүүдэд зээл олгон хамтарсан төслүүд хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлэв. Мөн Монгол Улс Кувейт улстай тогтоосон найрсаг харилцаагаа цаашид ч өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг нотолж, ялангуяа хамтын ажиллагааг эдийн засгийн салбарт түлхүү хөгжүүлэх, Кувейтээс Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллахыг хүсэв.

Мөн уулзалтын үеэр дэд сайд Б.Болор Монгол Улсын Ерөнхий сайдын Кувейт улсад хийж буй албан ёсны айлчлалыг амжилттай зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж байгаад Кувейт улсын Засгийн газар, Гадаад хэргийн яаманд талархал илэрхийлэв.       

Кувейтын Гадаад хэргийн дэд сайд Халед Аль-Жаралла Кувейтын Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахыг Монгол Улсад 2007 онд айлчлахад дагалдан очсоноо дурсч, энэ үеэс эхлэн хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр идэвхжиж, улмаар хоёр тал харилцан ЭСЯ-даа нээсэн нь манай хоёр улсын харилцаа өндөр түвшинд хүрснийг илтгэж байгаа хэрэг хэмээн онцлон тэмдэглэв. Кувейт улс найрамдалт Монгол Улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч байгааг дэд сайд Аль-Жаралла тэмдэглээд Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр зохион байгуулагдаж буй Монгол-Кувейтын Бизнес Форум хоёр орны бизнесийн салбарын төлөөлөгчид хооронд мэдээлэл солилцох, хамтран ажиллахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, анхаарч ажиллах болно гэж хэлэв.

Мөн уулзалтын үеэр хоёр тал харилцан ашигтай бусад салбарт хамтран ажиллах боломж болон олон улсын харилцан сонирхож буй асуудлуудаар санал солилцов хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж