Амьтад олон тоогоор үхэж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Амьтад олон тоогоор үхэж байна

Дэлхийн хаа сайгүй олон тооны шувуу, загас үхэж байна. АНУ-ын Арканзаст 3000 гаруй хар хөөндий, Шведэд 500 орчим алагтуу үхсэн бол Луизианад 450 шувуу унаж үхсэн байна. Эдгээр явдал ямар нэг байдлаар хоорондоо холбогдохгүй байгаа юм. Шинжээчид болон амьтад судлаачид ийм төрлийн явдал алагтуу шувууны хувьд маш ховор тохиолддог үзэгдэл гэж мэдэгдэж байгаа бөгөөд үхлийн шалтгаан нь ямар нэг өвчин, эсвэл хортой холбоотой байж болох тухай хэлжээ. Луизиана мужид үхсэн шувууд харанхуйд машин, эсвэл цахилгааны шугам мөргөж үхсэн бололтой. Тэдний ихэнхийнх нь хүзүү, нуруу болон толгойнд гэмтэлтэй илэрчээ. Мөн АНУ-ын Кентаки мужид үхсэн олон шувуу олдсон байна. Италид мөн адил энх тайвны бэлэгдэл гэдэг тагтаа унаж, үхжээ. Модноос унжсан олон зуун үхсэн тагтаанууд иргэдийг айлгаж байна.

Түүнчлэн Арканзас мужид 100 мянга гаруй загас үхсэн бол Шинэ Зеландад олон мянган загас үхэж, хөвж гарч иржээ. Латин Америкт Бразиль улсад 100 тонн орчим сардин загас Паранагийн эрэг дээр гарч ирсэн байгаа бол Вашингтоны ойролцоо Мэрилэндэд мөн хоёр сая орчим загас үхэв.

Одоогоор амьтдын үхлийн шалтгааныг илрүүлээгүй байна.

Арканзасын хувьд унаж үхсэн шувуудын үхлийн шалтгааныг олохын тулд зарим шувуунд задлан шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний урьдчилсан дүнгээс харахад шувууд цээжин биедээ дотоод гэмтэлтэй байсан ба их хэмжээний дотуур цус алдалттай байсан аж. Бусад эд эрхтнүүд нь хэвийн байсан гэж албаны хүмүүс мэдээлсэн. Ямар нэг халдварт өвчин байгаагүй гэнэ.

Гэхдээ шувуу судлаач Карен Роүв энэ явдлыг тийм ч ер бусын зүйл биш гээд үүний шалтгаан нь аянга, эсвэл өндөр дэх мөндөртэй холбоотой байж болох тухай хэлж. Баасан гаригт хүчтэй шуурганы урсгал Арканзас мужийг дайран өнгөрсөн тул түүний үг үнэн байж болох. Зарим хүмүүсийн үзэж буйгаар Шинэ жилийн шөнө олон тооны салют буудсанаас болж хар хөөндий цочирсон байж болзошгүй аж. Биологичид ч мөн адил шувуудын үхэл цочирдолттой холбоотой гэж хэлж байсан юм.Харин Шведийн Фолкоепингийн хувьд шуурганы урсгал дайрч өнгөрөөгүй бөгөөд салют буудуулсан явдал гараагүй гэжээ. Мөн Америкт олон тооны загас үхсэн явдал цочир хүйтрэлтэй холбоотой байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж