Тэргүүн шадар сайд Хятадын элчин сайдыг үдлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Тэргүүн шадар сайд Хятадын элчин сайдыг үдлээ

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг  Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Юи Хунг Яог бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Элчин сайд Юи Хунг Яо Тэргүүн шадар сайдыг их ажлынхаа хажуугаар зав гарган хүлээн авч буйд талархал илэрхийлээд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Хятад хоёр улсын хамтын ажиллагаа салбар бүрээр эрчимтэй хөгжиж ирсэнийг тэмдэглээд цаашид хоёр улсын хөгжлийн ирээдүйн төлөө хийх ажил их байна. Ялангуяа харилцан ашигтай хамтран хөгжих боломжийг бид илүү өргөн харж хятадын компаниуд үүнд өргөнөөр оролцвол манай Засгийн газар ч дэмжиж туслахад бэлэн байна. Бид эртнээс хэл, соёл, зан заншил гээд бүх талаараа харилцаа холбоотой явж ирсэн. Түүнчлэн бурханаас заяасан хил хязгаар ойр зэрэг бидэнд маш олон давуу тал бий. Энэ утгаараа аль аль талдаа харилцан ашигтай, хамтран хөгжих боломжийг харж ажиллах нь чухал юм хэмээн үзэж байгаагаа тэмдэглэн хэллээ. Н.Алтанхуяг сайд түүний хариуд эрхэм Элчин сайдыг монголд байх хугацаанд хоёр орны хамтын ажиллагаа маш сайн хөгжиж ирсэн төдийгүй спортын ордон, мэргэжлийн хяналтын байгууллагын газар гэхчлэн томоохон бүтээн байгуулалтууд босож эдийн засгийн хувьд ч нааштай үзүүлэлтүүд гарсан. Энэ бүхэн таны дэмжлэг байсан гэдэгт итгэлтэй байна хэмээн талархал илэрхийлээд цаашид хоёр орны хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж байхыг хүслээ. Энэ үеэр ноён Элчин сайд өнгөрсөн хугацаанд ажиллах хүчний асуудал дээр бага зэрэг хүндрэл байсан ба энэ тал дээр Монгол Улс өөрийн бодлогоо гаргаж хэлэлцээр байгуулна гэж найдаж байгаагаа уламжилж, гадаадын хөрөнгө оруулагчдад тогтвортой найдвартай байх тал дээр илүү анхаарч хууль тогтоомжиндоо тусгаж өгвөл аль аль талдаа ашигтай байхыг хувийн санал болгон хэллээ. Тэргүүн шадар сайд 2011 оныг Монгол Улсын Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Тэр утгаараа бид мэргэжилтэй ажилтан бэлтгэх, дотоод нөөц бололцоогоо түлхүү хөгжүүлэх тал дээр илүү анхаарч байгаа. Цаашид гадаадаас мэргэжилтэй ажилтан авах тал дээр хууль зүйн үндэслэлтэй уялдуулан зөв зохистой бодлогыг явуулах болно хэмээгээд хоёр орны хамтын ажиллагаанд юуг анхаарах тал дээр саналаа хэлсэн ноён элчин сайдад талархал илэрхийлж Монгол улсад гурван жил болж сэтгэл зүрхээ өгөн ажиллаж байсны хувьд цаашид ч бас бид таньд итгэл найдвар тавьж ажиллах болно хэмээн цаашдын ажилд нь амжилт хүслээ. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж