Сахилга хариуцлагын зөвлөлгөөн болов

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Сахилга хариуцлагын зөвлөлгөөн болов

Баянхонгор аймгийн удирдах ажилтнуудын зөвлөлгөөнд  20 сумын төсөвт байгууллагын менежер, газар, хэлтсийн дарга гээд 100 гаруй хүн оролцлоо. Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар  энэхүү зөвлөлгөөнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Зөвлөлгөөний үеэр төсвийн сахилга хариуцлагын талаар Аудитын газрын мэдээллийг аудитор н.Цэцэгмаа,  хуулийн хэрэгжилттэй холбоотой мэдээллийг  Цагдаагийн хэлтсийн дарга Д.Мөнхбаяр, төсвийн байгууллагын  менежерүүдийн сахилга хариуцлагын тухай мэдээллийг  Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхсайхан нар хийсэн.

Архи ууж согтуурснаас эрүүлжүүлэх байранд орсон, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, согтуугаар автомашин жолоодож журамлагдсан гэх мэтээр 37 төрийн албан хаагч зөрчил гаргаж, бүртгэгдсэнийг цагдаагийн хэлтсийн дарга мэдээлэлдээ нэр дурьдсан. Мөн архидан согтуурахтай холбогдох хууль тогтоомж, заалтуудыг нийт албан хаагч нарт сурталчлан таниулах хэрэгтэй байгааг хэлэв.Харин төсвийн менежерүүдийн хариуцлага 2010 онд дээшилж, төсвийн сахилга хариуцлага сайжирч байгаа тухай мэдээлэгдэв. Гэхдээ баримтын бүрдэл дутуугаар төсөв зарцуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн зөвшөөрөлгүйгээр зах зээлийн үнээс өндөр үнээр бараа бүтээгдэхүүн авах зэрэг зөрчлүүд гарчээ. ЕБС-иуд сурагчдад “Үдийн цай”-г өгөхдөө багшийн бүртгэсэн өдөр тутмын ирцээр биш нийт сурагчийн тоогоор нь олгодгоос зардлын зөрүү их гарч байгааг Мэргэжлийн хяналтын газрын дарга мэдээлсэн. Зөвлөлгөөнд оролцсон төлөөлөгчдийн зүгээс  архидан согтуурахын эсрэг дорвитой арга хэмжээ зохион байгуулах, сумдад  очих хугацаатай албан бичгийг шуурхай хүргэх, төрийн албаны сонгон шалгаруулалт болон томилгоотой холбоотой асуултыг тавив. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, бусад заалт тогтоомжийг хэрэгжүүлэх тухайд аймгийн Засаг даргын гаргасан захирамж болон биелүүлэхээр авсан арга хэмжээний талаар мэдээллийг ХЗХ-ийн дарга Ц.Отгонбаяр  хийв.

 “Сахилга хариуцлагын зөвлөлгөөн гэж нэрлээд хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Гэхдээ сахилга гэдэг үгийг сахилга бат, хариуцлага гэдэг үгийг хариуцлага санаачлага гэж ойлгох нь зүйтэй болов уу? Сумын Засаг дарга та, ажилгүйдлийг бууруулахын тулд Оюу толгой, Тавантолгойд очив уу, уулзаж яриа хэлэлцээ хийв үү, газар тариалан хөгжүүлэхэд иргэдийнхээ хандлагыг яаж чиглүүлэв, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажилууд хийв гэдгээ дор бүрнээ бодох ёстой” гэж Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Үнэнбуян зөвлөлгөөний үеэр хэлсэн үгэндээ онцлон дурьдсан юм. Бүх шатны байгууллагад өгөх мэдээ тайланг цаг хугацаанд нь өгдөг болох архидан согтуурахтай тэмцэх  бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлэх,авилгын эсрэг, соён гэгээрүүлэх уриалгыг бүх нийтэд хандаж гаргах, төсвийн байгууллагын төсвийн зарцуулалтын ил тод байдлыг нэмэгдүүлэх зэрэг саналуудыг зөвлөлгөөнөөс гарах зөвлөмжид тусгахаар болов.                   

                            Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж