Моргэйж монголд үр дүнгээ өгсөнгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Моргэйж монголд үр дүнгээ өгсөнгүй

Моргэйжээс үүдэлтэй санхүүгийн хямрал дэлхийн олон оронд хүчээ авахтай зэрэгцээд Монголд моргэйж нэвтрүүлэх тухай ярьж байлаа. Санхүү, эдийн засгийн хямралын үр дагаврыг монголчууд чамгүй амссан хэрнээ тэрхүү гайт хямралын үндэс суурь болсон тогтолцоог хэрэгжүүлэх гэж, бүр “Энэ арга хямралаас гарахад тусална” хэмээж байсан нь инээдтэй ч юм шиг. Уг нь төрийн зөв бодлогоор хэрэгжүүлэх юм бол моргэйж тийм ч муу зүйл биш. Орлого багатай иргэд заавал ямар нэгэн үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч байх албагүй. Мөн авч буй байраа барьцаалах ч шаардлагагүй. Харин тогтвор суурьшилтай ажил эрхэлдэг байхад л болдог. Энэ утгаараа нийгмийн ач холбогдол, давуу тал ихтэй. Манай улсын Засгийн газар 2009 оны эцсээр Моргэйжийн даатгалыг Монголд нутагшуулах арга замыг эрэлхийлж эхэлсэн. Ингээд эхний ээлжинд Канад загварыг сонгож, туршихаар болсон. Энэ хугацаанд Монголд Моргэйжийн үндэсний корпораци болон Ипотекийн корпорацийг байгуулж, баахан ажил хийв. Гэхдээ үр дүн хангалттай биш. Өнөөдөр нийслэлийн иргэдийн талаас илүү хувь нь гэр хороололд амьдарсан хэвээрээ л байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан “4000 айлын орон сууц” хөтөлбөрийг Орон сууцны санхүүжилтийн корпораци хэрэгжүүлж байгаа нь моргэйжийн эхлэлийг амжилттай тавьж байгаагийн илрэл хэмээн дүгнэх нэгэн бий. Гэвч үл хөдлөх хөрөнгийн үнэ дорвитой буухгүй, иргэдийн цалин хангалттай өсөхгүй байгаа нь уг ажлын үр дүнд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Үүнээс гадна моргэйжийн институци нь дотроо үл хөдлөх хөрөнгийн, даатгал, үнэлгээ, зууч, төлөвлөлтийн компани, банк, банк бус санхүүгийн байгууллага, бүртгэл, мэдээллийн гэх мэт маш олон зүйлийг багтаасан байх учиртай. Энэ бүгд цогцоороо ажиллаж байж моргэйжийн чанартай тогтолцоо бүрддэг аж. Харин манай улсад тэр бүхнийг хэрэгжүүлэх боломж бүрдээгүй. Дээр нь зээлийн хүү, урьдчилгаа төлбөрийн хэмжээ ч өндөрт тооцогдоно. Орон сууцны санхүүжилтийн корпораци моргэйжийн зээлийн урьдчилгаа төлбөрийн хэмжээг хөдөө орон нутагт 15, аймаг, хотод 25 хувь байхаар тогтсон. Харин төрийн албан хаагчдын 4000 орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр 10 хувь байгаа. Хүүгийн төлбөрийн тухайд “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-д зааснаар тэтгэвэрт гарах хүртэлх хугацаандаа сар бүр өрхийн орлогын 45 хувиар төлөх учиртай. Өрхийн орлогын 45 хувь гэдэг нь өрхийн гишүүдийн Нийгмийн даатгалын шимтгэл, Хүн амын орлогын албан татвар болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хассан цэвэр орлогын дүн байх юм. Хямралын үеийг бодвол барилгын салбар гацаанаас гарч ашиглалтад орж орон сууцны тоо нэмэгдэж байгаа таатай мэдээ бий. Гэхдээ энэ мэт хатуу шаардлагаас үүдэн зээлд хамрагдагсдын тоо төдийлөн өсөөгүй байх жишээтэй. Энэ бүхнээс моргэйж Монголд үр дүнгээ өгөхгүй байна гэсэн дүгнэлт хийж болохоор байна.         

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж