Хөдөө орон нутагт H1N3 вирусын халдвар ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Хөдөө орон нутагт H1N3 вирусын халдвар ихэсчээ

Хөдөө орон нутагт ханиад томуу өвчний
дэгдэлт их байгаа аж. Хэнтий аймагт ханиадын өвчлөл огцом нэмэгдээгүй ч
амбулаторийн үзлэгийн 15 хувь нь ханиад томууны өвчлөл байна гэнэ. Харин
Сүхбаатар аймагт томуу, томуу төст өвчнөөр өвчилж байгаа хүүхдийн тоо
сүүлийн хоногуудад эрс нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар аймгийн
Нэгдсэн эмнэлэгт томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа нийт
хүүхэд 23 байгаагийн 16 нь томуугаар өвчилжээ. Хүүхдээ томуу төст
өвчнөөр өвчлүүлэхгүйн тулд дулаан хувцаслаж, илчлэг сайтай хоол хүнс
хэрэглүүлэхээс гадна дархлаа сайжруулах эм бэлдмэл өгөх хэрэгтэйг эмч,
мэргэжилтнүүд анхааруулж байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн
тусламжийн дуудлагын 34.8 хувь,өрхийн эмнэлгүүдийн 13-18 хувийг дээрх
өвчний дуудлага эзэлж байгаа аж. Энэ талаар бид аймгийн Эрүүл мэндийн
газрын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Гүндэгмаагаас
тодрууллаа.

-Аймгийн хэмжээнд томуу төст өвчнөөр өвчилж байгаа
хүүхдүүдийн тоо өсч байгаа мэдээ байна. Өвчний үүсгэгч хэлбэрийг
тогтоосон уу?

-Өвчний үүсгэгчийг нийслэлд дэлгэрээд байгаа H1N3
вирусээр халдварлаж байгааг тогтоосон. Хүйтэн сэрүүний улирал эхэлсэн
болохоор улирлын чанартай томуу давамгайлж байгаа. Ихэнхдээ 3-5  насны
хүүхэд томуугаар өвчилж байна.

-Өвчин ихсэх хандлагтай болж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Одоогоор
бэлтгэл ажлуудыг хийж байна. Сумдаас мэдээ авч боловсруулж байгаа.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс саяхан 22 сая төгрөгийн томуунд
зориулсан өвөрмөц үйлчилгээтэй эм ирснийг сумдад хуваарилаад дууслаа.
Зудтай байгаа сумдаас мэдээлэл илүү авч, заавар зөвлөгөөг өгч байна.
 

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж