Хятадын ”Хөргөх” бодлого гигантууд руу фокусаа тааруулав

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Хятадын ”Хөргөх” бодлого гигантууд руу фокусаа тааруулав

Хятадын Засгийн газар энэ оноос эхлэн мөнгөний бодлогоо чангатгаж, хэт “хал­сан” эдийн засгаа хөргөх ажлыг эрчимжүүлэхээр бол­сон. Үүний хүрээнд зах зээл дэх мөнгөний  нийлүүлэлтээ хумина хэмээн шинжээчид нотолж байна. Хятадын бод­лого боловсруулагчид зээлийн хэмжээг бууруулахгүйгээр бодлогын хүүгээ нэмж, бан­куудын нөөцийн харьцааг өсгөх, төрийн мэдлийн то­моохон компаниудын тат­ва­рын дараах ашгаас хураамж авах зэрэг олон арга хэмжээг аль хэдийнэ аваад эхэлжээ. Дэлхийн түүхий эдийн эрэлтийн дийлэнх хувийг дангаараа бүрдүүлж буй Хятад ийн зардлаа хумьж байгаа нь олон улсын зах зээлд үнийн хөөрөгдөл бий болгоомжлолыг төрүүлж буй. Гэхдээ тус улс түүхий эдийн импортоо бууруулахгүй хэмээн таамаглах шинжээч ч цөөнгүй байна.
Хятадын шатахуун, там­хи үйлдвэрлэгчид болон цахил­гаан холбоо, эрчим хүчний компаниуд Засгийн газартаа татварын дараах ашгийнхаа 15 хувийг өгч байхаар болжээ. Хятадын Сангийн яамнаас гаргасан мэдээллээр татварын да­раах хураамж өмнө нь 10 хувьтай байсан гэнэ. Нэмэлт төлбөр төлөх ком­­паниудын жагсаалтыг хөнгөн цагааны үйлдвэрлэлээр тэр­гүүлэгч “Петрочайна”, бор­доо үйлд­вэрлэгч “Синопек” болон “Чайна Мобайл”, “Чай­на Телеком” компаниуд тэр­гүүлж байна. Харин бусад компанийн хувьд өмнө нь татварын дараа таван хувийн нэмэгдэл төлдөг байсныг 10 хувь болгожээ. Хятадад үйл ажиллагаагаа явуулдаг төрийн мэдлийн томоохон 122 компани байдаг аж. Тэд өнгөрсөн онд нийт 1000 тэрбум гаруй юанийн ашигтай ажилласан байна. Гэхдээ энэ нь улс орныг бүхэлд нь хамраагүй тухайн салбар бүр дэх гигант ком­паниудтай холбогдож бай­гаа юм. Тиймээс эдийн зас­гийнхаа бусад хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор ийн татварын да­раах ашгаас авах хураамжаа нэмжээ.

Эдийн засгийн таван жи­лийн төлөвлөгөөнд тусгас­наар Хятадын Засгийн газар ажиллах хүчний зах зээл дэх татаасаа улам нэмэх аж. Ха­рин томоохон компаниудын ашгийн татварыг нэмэхтэй зэрэгцээд тэдний хөрөнгө оруулалтыг хязгаарлаж ма­гадгүй байгаа юм. Ялангуяа шаардагдах хэмжээнээсээ илүү их капиталын урсгал төвлөрсөн салбарт түлхүү хязгаарлалт хийх аж. Гэхдээ улс орныхоо эдийн засгийн өсөлтийг дагаад эрэлт нэ­мэгдэж байгаагийн эсрэг ямар нэг алхам хийхгүй. Хятадын хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байгаагаас олон улсын худалдаа, эдийн засгийн тэнцвэр хэтэрхий нэг тал руу хэлбийх ханд­лага ажиглагдаж бай­гааг шинжээчид хүлээн зөв­шөөрөх болсон. Харин Хята­дын хувьд энэ үед зарим суларсан зах зээлээ сэргээж, тогтворжуулахын тулд то­моохон компаниудын тат­варыг нэмж эхэлжээ. Тус улсын Засгийн газраас тог­­тоосон гуравдахь зэрэг­лэ­лийн компаниуд нь энэ оноос эхлэн анх удаа таван хувийн татвар төлөх аж. Хятадын Засгийн газар 2007 оноос хойш томоохон ком­паниудаасаа татварын дараах хураамж авсан бөгөөд түүгээр хуримтлал үүсгэн эмнэлэг, сургууль байгуулах зэрэг нийгмийн ажилд зориулах болжээ. Түүнчлэн нэлээд ху­вийг нь дотоод болон гадаад зах зээлээс жижиг хувьцаа худалдан авдаг аж. АНУ-д үүнтэй төстэй “401К” хөтөлбөр гэж бас бий. Гэхдээ тэр нь компаниуд гэхээс илүү хувь хүмүүс, иргэдэд хөрөнгийн хуримтлал бий болгох зо­рилготой юм.

Хятадын төв банкнаас өнгөрсөн сард дэлхийн сан­хүүгийн хямралаас хойш хоёр удаа бодлогын хүү­гээ нэмсэн. Өнгөрсөн онд тус улсын Ардын банк 7.5 их наяд юань буюу 1.1 их наяд ам.долларын зээл гар­га­жээ. Тиймээс энэ оноос эх­лэн тухайн банкны өөрийн хөрөнгө болон чанаргүй зээ­лийн харьцааг бууруулах шаард­лага тавьж магадгүй аж.

Ямартай ч энэ оны дун­дуур тус улсад инфляцийн түвшин зургаан хувьд хүрч магадгүй гэх таамаг байгаа юм. Энэ талаар “Credit Suisse” агентлагийн шинжээчид мэдэгдсэн байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард хэрэг­лээний үнийн индекс сүүлийн 28 сард байгаагүй өндөр гарч, 5.1 хувьд хүрчээ. Хятадын эрх мэдэлтнүүдийн санааг зовоож байгаа нэг гол зүйл нь үнийн өсөлтийн дийлэнх хувь нь хүнсний бүтээгдэхүүнүүдэд ноогдож байгаатай хол­боо­той. Хэдийгээр эдийн зас­гийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байгаа боловч хүн амынх нь талаас илүү хувь нь нэн ядуу бүлэгт багтдаг учраас өргөн хэрэглээний хүнс­ний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл тэдэнд маш хүнд тусах нь ойлгомжтой. Түүнч­лэн томоохон хотуудад үл хөдлөх хөрөнгийн үнэ тэнгэрт хадаж эхэлсэн нь моргейжийн зээлтэй хол­боо­той хямрал үүсэх вий гэх болгоомжлол төрүүлээд байна.

Ямартай ч Хятадын Ар­дын банк бодлогын хүүгээ өс­гөхөөс гадна юанийн ам.дол­лартай харьцах хан­шийг чан­гаруулахаар тө­дийлөн яа­равчлахгүй байж  магадгүй юм. Юанийн ханш чангарснаар тус улсын экспортлогчдын өр­сөл­дөх чадвар сулрахын зэ­рэгцээ импортын бараа бү­тээгдэхүүний үнэ ба­гас­на. Энэ нь Хятадын дотоодын зах зээлд инфляци хөөрөгдөхөд нэмэр болно уу гэхээс нэрмээс болохгүй юм. Тиймээс   АНУ-ын шаар­даж байгаачлан юа­ниа огцом чангаруулахыг төдийлөн яа­рахгүй бололтой. Гэхдээ “Securities Journal”-д мэ­дээлснээр энэ онд юанийн ам.доллартай харьцах ханш дор хаяж таван хувиар өснө гэсэн таамаглалтай байгаа аж.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж