76 тойрог болж хуваахаас татгалзсан гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

76 тойрог болж хуваахаас татгалзсан гэв

Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногт зохион байгуулдаг 4*11 уулзалт “Central tower”-ийн 17 давхарт болж өндөрлөлөө. Энэхүү уулзалтаар Монгол хүн 2020 эдийн засгийн хувьсгалийг эхлүүлж байгааг хэлсэн байна. Ийнхүү шилэн барилгад уулзалт хийх болсон учир нь Улаанбаатар хотын утааг хамтаараа харах боломжийг бүрдүүлсэнтэй холбоотой гэнэ. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Бид энэ хөтөлбөрийг ард нийтээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Бид өргөн уудам нутагтай, онгон дагшин байгальтай, үндэсний дундаж оюуны чадварын түвшингөөр дэлхийд тавдугаар байранд орж байна. Хүний хөгжлийн төвшнөөрөөө дэлхийн 169 орноос 100-р байранд орж байна. Иймд энэ хөтөлбөрийн хүрээнд үүнийг нэгдүгээр байранд оруулах зорилго тавьсан болно. Ардчилсан намаас, төр нь иргэний дээдлэх,хүн төвтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх “Монгол хүн 2020” хүний хөгжлийн цогц хөтөлбөрийг боловсруулж эхлэхдээ Эрх чөлөөтэй, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Ажилтай орлоготой, Аюулгүй орчинтой гэх зорилтуудын хүрээнд тодорхойлж байгаа аж.

Уг мэдээллийн дараа намын дарга Н.Алтанхуягаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

-Дэгийн тухай хууль дээр сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрхэнд нь халдсан тухай асуудал бий. Энэ асуудал дээр Ардчилсан нам ямар байр сууьтай байгаа вэ?

-Бид энэ асуудал дээр намын байр суурь бодлогыг гаргаагүй. УИХ дээр хэлэлцэгдэж буй олон асуудал гишүүдийн санаачлага, Засгийн газрын оруулснаар орж ирдэг. Энэ асуудал дээр тусгайлан ингэж хийх гэсэн бодлогыг гаргаагүй. 

-Ээлжит бус их хурлыг хуралдуулах асуудлыг зарим гишүүд тавьж байсан. Энэ асуудалд хэрхэн тохиролцсон бэ?

-Ээлжит бус их хурлыг хуралдуулах хөдөлгөөн гэж байгуулагдсан. Тэдэнтэй уулзаад “Монгол хүн 2020” хөтөлбөрийг хэлэлцүүлсний дараагаар ээлжит бус их хурлыг 2012 оны сонгуулийн өмнө хийхээр болсон.

-Үндэсний зөвлөлдөх хороо хэзээ хуралдах вэ?

-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өнгөрсөн 11-р сард хуралдсан. Дараагийн хурлыг магадгүй нэгдүгээр сард хийж болох юм. Дээрх хэлэлцүүлгийг хийхтэй холбогдуулан уулзаж ярилцах зүйл бий.

-Сонгуулийн тогтолцоог хэрхэн хийх талаар шийдвэр гарчихсан гэх юм. Ямар тогтолцоог сонгосон хэрэг вэ?

-Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн талаар ажлын хэсгүүд дээр хуралдаад яригдаж байгаа. УИХ дээр өөрчлөлтийн талаар яригдаж эхлээгүй байна. Сонгуулийн систем яг ямар байдлаар хэрхэн шийдэгдэх талаар шийдвэр гараагүй байгаа. Нэг зүйлийг нэмж хэлэхэд сонгуулийн тогтолцоо ямар ч байсан, сонгууль шударга л явагдаж байх хэрэгтэй.

Бид сонгуулийн хуулийн олон хувилбарыг туршиж үзсэн. Монгол улсыг 76 тойрогт хувааж буй жишиг нь тийм ч тохиромжтой биш. Монгол Улсын хөгжлийн бодлогыг явуулахад хэдэн сум дамнасан хэсэгт нэг гишүүн ажиллаж, тэдгээр хүмүүсийн эрхийг хэрэгжүүлэхэд төвөгтэй. Тэгээд ч тухайн гишүүн дахин сонгогдохын тулд тэр тойрогт улсын төсвөөс хөрөнгө мөнгө зохицуулах гэж гүйдэг нь тэр гишүүний буруу биш сонгуулийн хуулийн бурууд байна гэж үзсэн. Ардчилсан нам 76 тойрог болж хуваахаас татгалзах тал дээр шийдвэрээ гаргачихсан.

Мөн намын нэрийг сонгоод тухайн нам нэр дэвшүүлэх саналыг мөн зарим гишүүн эсэргүүцэж байгаа. Энэ нь Үндсэн хуулинд нэр дэвшигчийг сонгоно гэж заасантай холбоотой. Ард иргэд хэн нэгэн хүнийг биш намыг сонгоно гэдэг нь иргэдээсээ гишүүдийг холдуулж байх талтай. Энэ хоёр санал шүүмжлэлийн дундуур ямар хувилбар байх талаар яригдаж байгаа.

100 хувь намын нэрээр сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчсөн агуулгатай болох тул холимог байдлын талаар ярилцаж байна.

-Танай намын хоёр гишүүн Засгийн газрын сайд Зоригтийг огцруулах бичгийг өргөн барьсан. Энэ асуудлаар тухайн гишүүдтэйгээ намын удирдлагын зүгээс ярьсан зүйл бий юу?

-Намын бүлгийн удирдлагын зүгээс уулзаж ярилцсан. Гэхдээ Ардчилсан нам гишүүнийхээ гаргасан санал, санаачлагыг нугачин дарах зүйл гаргадаггүй. Тухайн гишүүнийхээ эрхийг илүү чухалчлан үздэг. Мөн Ардчилсан нам бүхэлдээ тэр Засгийн газрын гишүүнийг огцруулах саналтай байна гэсэн зүйл мөн эсэхийг хэлэх боломжгүй.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж