Эцэг, эхчүүд сэрэмжлүүлэх үүднээс өргөдөл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Эцэг, эхчүүд сэрэмжлүүлэх үүднээс өргөдөл гаргажээ

Яармагт буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Ерөнхий боловсролын  60 дугаар дунд сургуулийн 20-иод сурагч алга болж, тэдний  хоёр нь нас барсан  гэх  мэдээлэл ирсний дагуу тус сургуулийн захирал Д.Ариунаатай холбогдлоо. Түүнд бид “Танай сургуулийн сурагчдаас алга болсон, амиа алдсан гэх мэт мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Та энэ талаар албан ёсны мэдээлэл байвал өгөхгүй юу” гэсэн асуулт тавихад,

-“Манай сургуулиас хүүхэд алга болж, нас барсан тохиолдол гараагүй. Хэвлэлийнхэнд хүрээд байгаа энэ мэдээлэл худлаа гэдгийг хэлмээр байна. Гэхдээ манай сургуулийн тавдугаар ангийн нэг сурагч аав, ээждээ “Намайг хар машинтай  хүмүүс дуудаад, чихэр өгсөн” гэж хэлсэн талаар эцэг, эх нь манайд уламжилж, өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу бид хүүхдүүдэд анхааруулах үүднээс сэрэмжлүүлэг өгсөн. Энэ нь зарим хүүхдүүд болон эцэг, эхчүүдийг түгшиж, цаашлаад ийм мэдээлэл цацагдахад хүргэсэн байж болох юм” гэлээ.

Харин нийслэлийн Цагдаагийн газар болон нийслэлийн Боловсролын газар, Боловсролын яамныхантай холбогдоход хүүхэд алга болсон талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй гэсэн хариулт өгч байна.  Юутай ч манай сурвалжлах хэсэг тус сургуулийг зорьсон байгаа тул үнэн, худал нь мэдэгдэхгүй байгаа хэргийн талаар бодитой мэдээлэл, албаны хүний байр суурийг хүргэх болно.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж