Иргэний хөдөлгөөнүүд сар бүр жагсана гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Иргэний хөдөлгөөнүүд сар бүр жагсана гэв

Иргэний
хөдөлгөөнүүд идэвхижиж эхэлж байгаа бололтой. Өнөөдөр 11 цагаас иргэний
хөдөлгөөний “том” төлөөлөгчдийн нэг О.Магнай, “Амлалт нэхэх ард түмний
холбоо”-ны дэд тэргүүн Г.Уянга, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний
тэргүүн П.Болд, Иргэний хөдөлгөөний зохицуулагч Б.Лхагважав нар
мэдээлэл хийж, сэтгүүлчидтэй уулзав. Тэд сар бүрийн 16-нд “Эрх чөлөө-16”
нэртэй жагсаал, цуглаан хийж байх гэнэ. Монгол Улсын Үндсэн хуульд
заасан жирийн иргэний эрх чөлөө хэрхэн зөрчигдөж буйг төр засгийн
удирдлагуудад сануулах зорилгоор зохион байгуулах цуврал цуглааны эхнийх
нь энэ сарын 16-ны өдөр болох юм байна. Энэ талаар иргэний нийгмийн
хөдөлгөөний  төлөөлөгчид ингэж ярив.

“Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн П.Болд:

-2011
он иргэн хүн бүхэн эрх чөлөөгөө эдлэх он байгаасай гэж бодож байна.
Үндсэн хуульд заасан 18 эрх байгаагаас агаарын бохирдол, цианит натри
гээд иргэнийхээ эрхийг зөрчих нь бүү хэл иргэнээ доромжилсон үйлдлүүд
байнга даватагдаж байна. Иргэн үзэл бодлоо илэрхийлэхийн тулд төрөөс
зөвшөөрөл авч, өөртэй нь тэмцэнэ гэдэг утгагүй биз дээ. Энэ мэтээс
авахуулаад эрх, эрх чөлөөгөө хязгаарлуулж байгааг иргэн хүн бүр
ухамсарлах хэрэгтэй цаг үе ирчихээд байна.

“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны дэд тэргүүн Г.Уянга:

-Энэ
сарын 16-нд болох жагсаал цуглаанд Монгол Улсын иргэн бүр оролцох нь
чухал шүү. Иргэний эрх, эрх чөлөө гээд О.Магнай, Г.Уянга гэх мэтийн
иргэний хөдөлгөөнийхөн дуугараад байхаас илүүтэйгээр жирийн иргэн та
зөрчигдсөн эрхийнхээ талаар бидэнтэй ирж нэгдэн, дуу хоолойгоо хүргэх
хэрэгтэй. Бид хэн нэгэнд шаардлага хүргүүлэхгүй. Төр засгаас бид юу ч
хүлээгээд нэмэргүй байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Заавал шаадлага
хүргүүлэхдээ гол нь биш, сар бүр нийгэмд жирийн иргэний амьд явах эрх
яаж зөрчигдөж байгаа талаар төрийн удирдлагууд хэлэх ёстой үгээ хэлээсэй
гэсэн үүднээс энэ жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа учиртай. Энэ
л хангалттай.

Ардчилсан намын гишүүн, иргэний хөдөлгөөний төлөөлөгч О.Магнай:

-Өнөөдөр
манай улсад нийгмийн үнэт зүйл, зарчим нь алдагдаад байна. Энэ байдлыг
засахын тулд иргэд өөрсдөө тэмдэг байх учиртай. Ингэснээр ардчилсан
нийгмийн дархлаа тогтдог. Энэ дархлааг тогтоохын тулд бидний хэсэг нөхөд
чадан ядан тэмцэж байна. Дархлааг хүчтэй болгохын тулд иргэн бүр
тэмцэгч байж, бидний зохион байгуулж буй “Эрх чөлөө 16” цуглаанд
оролцохыг уриалмаар байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж