Нударга доторх наймаа

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Нударга доторх наймаа

Хятадын хүн ам өсөхийн хэрээр хойд нутгийнхан нь махсаад, илүү монголжуу болж эхэлжээ. Хятадын даяаршил энэ аж. Далайтай ойр нутагладаг хэсэг нь улам вьетнамжаад, энэтхэгжээд байгаа гэсэн. Хэдэн арван сая хүн нь загас, усны амьтдаар гол зогоодог энэтхэгчүүд хүртэл ойрноос хоолны хэрүүл хийх нь гаарчээ. Манайд болохоор хятадууд ямааны махыг үнэ цохиж авах замаар дэлхийн номер нэг улсад төрж өссөнөөрөө гайхуулж байна. Ямааны махны тухайд л гэхээс биш, тэдний аархал яг ч  энэ жилээс эхэлсэн юм биш л дээ. Цайз зах хүнээр багширч байх тэр оргил үед ч ноос, ноолуурын боссууд нь хятадууд л байв. Анх түүхий эдийн наймаа эхлэх тэр үед ичиж, айлгүйгээр монгол газарт хөл тавьсан хятадууд өнөөдөр манайхыг хариуцсан том гарууд болсон гэнэ билээ. Барилга, зам  тэр ч байтугай  агаараас хүртэл мөнгө босгох аргатай ихэнх ченжийн ард ч тэд үүрлэж амжсан байна. Үгүйдээ л гэхэд сүлжээний бизнес шиг хэд хэдэн хүнээр дамжуулж байж өнөөх хятад босс ажлаа амжуулдаг гэж байгаа.  Тэгж сайн нуугдаж чаддаг гэсэн үг. Ялангуяа том наймааны ард нударга дотор үнээ тохирдог жишгийн цаана тэд л байдаг. Уул уурхайн лиценз зарна, авна гэсэн наймаа  нэг хэсэг газар авсан. Тэгэхэд яг жинхэнэ эзнийг нь олох гэж оролдоод ч хэрэггүй гэж ярьдаг байсан. Олоход бэрх учраас тэр. Зарах гэж байгаа, авах гэж байгаа аль ч босс нь олдохгүй. Яагаад гэхээр тэдний хооронд  хэн ч гуйгаагүй байхад л зуучлагч нар гараад ирнэ.       

Анх нэг хүн зарах гэж байсан бол дунд нь дахиад тэрний танил, багийн найзын найз авах гэж байгаа гээд гэнэт баахан баячууд бий болчихно. Үнэндээ бол Дамбадаржаагийн эцэст, айлын хашаанд толгой хоргоддог ядруу хүн ч тэдний дунд байдаг гэж байгаа. Ингээд аз нь таарвал сая доллараар зарсан лицензийг зуучилсан бол үүний 10 хувийг хэдэн хүн “ажилласнаасаа” хамаараад хувааж авна. Таван хүн хуваалаа гэхэд л нэг нь 20 мянган ногоон халааслаад харина. Ажил хийж, цаг заваа үрж  сардаа цөөхөн хэдэн төгрөгийн цалин авч байхаар жилдээ ганц ч байсан хамаагүй, ингэж цөм хийхэд л товхийтэл амьдарна. Сохор азанд итгэж, бөөн мөнгийг гэнэт цулайтал олж амьдрах  энэхүү “ченж” мэргэжлийг  хятадууд анх манайханд эзэмшүүлсэн нь энэ. Дотор ухаан гэж үүнийг хэлнэ. Самбар дээр шохойгоор зурж, хоолойгоо сөөтөл хашгирч баахан тоо цээжлүүлээгүй хэр нь сайн сургасан байгаа юм. Ялангуяа дунд сургуульд байхаасаа  дундаас дээш дүн авч байгаагүй нөхөд энэ талбарт тун дээгүүр жаалдаг гэсэн. Амьдралын хар ухааны хүч гэж үүнийгээ тайлбарлана. Тэдний гардаж хийдэг энэ “ажил”-ын нэг хэсэг нь одоо “10 хувийн” гэсэн нэртэй, урьд нь санхүү эдийн засгийн аль ч сурах бичигт байгаагүй бизнес болж амьдрал дээр өргөжсөн юм. Энэ бол орчин цагийн монгол ухаан.

УИХ-ын “хэлгүй” голдуу гишүүдийн санаачилсан ямааг аврах ажиллагааг одоо  нураахаар хятадууд овоо хараагаа онилжээ. Уг нь манай томчууд ямаанд хайр зарласан байлаа. Арай гэж өсгөсөөр таван хошуу малын манлай болготол өгөр хужаа нар ямаанд  дайн зарлав. Хил рүү цөмөрч орж ирээд ил цагаандаа гарч, ямаа харахаараа л дайраад хядаад байгаа юм биш л дээ. Малчдаар өөрсдөөр нь тогоо бариулахаа тэд мэднэ. Морин хуур, хөөмэй, араас нь ямааны маханд нугасгүй дуртай болов, тэд.  Гэхдээ 2010 оны намраас өвөл рүү шилжих мөчид хятадууд гэнэт ямааны маханд дуртай болчихоогүй байх л даа. Ямар нэг учир л байна. Аль болох даац сайтай машин хөлсөлж монгол ямааны махыг хэдэн мянгаар нь импортолж байна. Албан ёсоор хууль, хяналтынхан зөвшөөрөөгүй болохоор импорт гэхэд ч хаашаа юм, хулгайнх гэхээр бас эвгүй юм.  Барилга дээр багширч байдаг хэд шигээ, газар сэндийлж шар юм хайж байгаа манайхан шиг авирлаж, арай ч малчны хот руу дайрч ямааг нь түүж  “хусаагүй” болохоор хулгайнх гэхэд хатуудаад байгаа юм. Харин ч үнийг нь нударга дотроо тохироод, чинээнд нь тултал өсгөж мах худалдаж авч байгаа нь их юм.Энэ өвөл аймшигтай зуд болно гэж халуун намраар малчдаа айлгасан дарга нараас илүү тус хүргэж байгаа юм биш үү. Анхнаасаа энэ бүхэн  томчуудаас л эхэлсэн. Цас ахиу унах зар тарааснаас нь болж өнөөх 21-р зууны малчид маань хадлан, тэжээл бэлдэх хэрэгтэй юм байна гэж ойлголгүй, хутга түрийлээд хот руугаа харайлгаж тэнэгтсэн. Хэдхэн сарын өмнө ноолуурын үнэ буурангуут ямаа шиг хэрэггүй мал байгаагүй. Бэлчээр хамгийн их сүйтгэдэг л гэнэ, тэсвэр тэвчээргүй л гэнэ. Хамгийн адгийн, “нүүр өгч” болохгүй амьтан ямаа л байв. Тэгвэл “малчин гишүүдийн” ямаанд зарласан хайрыг залруулж, тоог нь бууруулах гэж хэрдээ мэрийж байгаа хэдэн хужаа харин ч зөв юм хийгээд байх шиг санагдах юм. Угаасаа ченж сэтгэлгээгээрээ гайхуулдаг тэд цаагуураа  вьетнамчуудад “шахах” махаа л манайхаас бөөндөж байгаа биз. Яадаг юм. Энэ салбарыг хариуцсан яамныхан маань вьетнамчуудтай мах нийлүүлэх гэрээ хийсэн нь одоо болтол хэрэгжээгүй байгааг хятадууд олж хараад хөдөлж эхэлж. Мөнгөө бариад л ороод ирлээ. Зах зээлийн нийгэм л юм чинь жамаараа л хөгжих ёстой. Хэн чадаж байгаа нь, хөрөнгө оруулж байгаа нь ашиг хүртэх учиртай. Хамгийн гол нь үүнээс хоцролгүй, тэдэнтэй уралдаж мах нөөцлөх хурд бидэнд алга байна.  Мөнгө бол байгаа. Ямартаа л удахгүй Засгаас сар бүр иргэдэд 21 мянгыг тараах гээд баярхаад байхав дээ. Хамгийн гол нь “хавар махны үнэ айхтар өсөх нь, яана даа” гэж халаглаж суугаа настай авгай шиг болчихсон энэ “томчуудад” Итгэлт баян шиг нударга дотроо наймаалцах бизнес ухаан л огт алга.      

Н.МӨНХТӨВШИН


Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж