Хавдрын эсийг илрүүлэх цусны шинжилгээний шинэ арга нээжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Хавдрын эсийг илрүүлэх цусны шинжилгээний шинэ арга нээжээ

Эмч, мэргэжилтнүүд тухайн өвчтөнд ямар эм бэлдмэл хэрхэн нөлөөлж байгааг өдөр бүр хянах боломжтой
Шинжилгээнд ердөө ганц цайны халбага хэмжээтэй цус хэрэгтэй бөгөөд шинжилгээг давтан хийлгэх боломжтой
Олон тэрбум эрүүл эс дотроос хавдрын ганц эсийг илрүүлэх боломжтой цусны шинжилгээний нэгэн шинэ төхөөрөмжийг эрдэмтэд бүтээжээ. Ингэснээр хавдрыг богино хугацаанд амар хялбар байдлаар илрүүлж, эмч мэргэжилтнүүд ч хавдрын эсийг дарангуйлах эм бэлдмэлийг зөв тогтоож, улмаар өвчтний амь насыг аврахад чухал түлхэц болох юм. Ердөө цайны халбага хэмжээтэй цус авснаар хавдрын эсийг оношлох нь өндөр үнэтэй шинжилгээний зардлыг багасгаж, биопси шинжилгээний өвдөлт мэдрэхгүйгээр хавдрыг илрүүлэх орчин цагийн хамгийн дэвшилтэт арга ажээ.

Америкийн алдарт Johnson & Johnson компанийн эрдэмтдийн олж илрүүлсэн энэхүү шинжилгээний аргыг хөх, түрүү булчирхай, бүдүүн гэдэс болон уушгины хорт хавдрыг илрүүлэхэд ашиглахад илүү тохиромжтой гэнэ. Эдгээр хорт хавдар дэлхийн хэмжээнд түгээмэл байдаг бөгөөд Их Британид гэхэд л жил бүр хөх, түрүү булчирхай, бүдүүн гэдэс болон уушгины хавдрын 300 мянга тохиолдол бүртгэгддэгээс 75 мянга гаруй нь амь насаа алддаг ажээ.

Цусны шинжилгээний төхөөрөмж нь эрүүл бус харин хавдрын эсийг өөртөө татах хуванцар хэсэгтэй бөгөөд цусыг энэ хэсгээр гүйлгэхэд хавдрын эс нь тодорч гэрэлтэх аж. Ингэснээр эрдэмтэн судлаачид хавдрын эсийг хялбар илрүүлж, оношлох боломжтой юм. Ялангуяа ямар төрлийн хавдарт аль эм бэлдмэл илүү тохирч байгааг мэдэх боломжтой нь хамгийн давуу тал болж байгаа аж. Тодруулбал, эм тариа хэрэглэж эхэлснээс хойш богино хугацааны дараа цусыг дахин шинжилж үзэхэд тодорч, гэрэлтэх хавдрын эсийн хэмжээ багассан байвал тухайн эм сайн тохирч байгаа, харин үгүй бол эм төдийлөн сайн үйлчлэхгүй байгаа гэсэн үг. Түүнчлэн уг төхөөрөмжийг хавдрын тархалтын явцыг илрүүлэхэд ашиглаж болох учир маммограм болон дотор эрхтэн дурандах зэргээс хавьгүй илүү үр дүнтэй, бас өвчтөнд зовиур багатай арга болж байгаа юм.

Johnson & Johnson-ы мэргэжилтэн Николас Дракополигийн хэлснээр шинэ төхөөрөмжийг гурваас таван жилийн дараа дэлхий нийтээрээ ашиглах боломжтой гэнэ. Гэхдээ Масачусеттсийн ерөнхий эмнэлэгт одоо ч энэ төхөөрөмжийг хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн эмчилгээний үр дүнг хянахад ашиглаж байгаа гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж