Австрали 2015 оны ААШТ-ийг хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Австрали 2015 оны ААШТ-ийг хүлээн авна

2011 оны Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс хоёр хоногийн өмнө зохион байгуулагчид 2015 оны тэмцээнийг хүлээн авах орныг олон нийтэд зарлалаа. 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрх авсан Катарын нийслэл Доха хотоос Австрали 2015 оны тэмцээний эрхийг гардан авлаа. Австрали гэхдээ энэхүү тэмцээнийг хүлээн авах хүсэлт гаргасан цорын ганц улс юм. “Би үнэхээр баяртай байна. Азийн хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх хорооны зүгээс 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Австрали улс зохион байгуулах болсныг бахархалтайгаар зарлаж байна”. Энэхүү үгийг Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мохаммед би Хаммам хэлсэн байна. Нэг сар хүрэхгүй хугацааны өмнө Австрали 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж, хамгийн эхний шатнаас хасагдаж байсан бол Катар тэрхүү тэмцээний эрхийг авсан билээ. Австралийн хөлбөмбөгийн холбооны дарга Франк Лоури Азийн томоохон тэмцээнийг хүлээн авч байгаадаа баяртай байгаагаа энэ үеэр илэрхийлжээ. Тэрбээр “Энэ тэмцээнийг зохион байгуулах эрх авлаа гээд бид тайвшрахгүй. Энэ бол өөр тэмцээн. Дэлхийн аварга бол бүх дэлхийн тэмцээн. Харин энэ бол нэг тивийн тэмцээн. Гэхдээ бид энэхүү тэмцээнийг хүлээн авах болсондоо баяртай байна. Австрали улс энэ тэмцээнээр өөрсдийн боломжоо харуулна гэж найдаж байна” хэмээжээ.

Сонирхуулахад, Австрали улс Азийн хөлбөмбөгийн наадмыг найман цэнгэлдэхэд зохион явуулахаар болжээ. Энэхүү тэмцээнийг тэд сайн зохион байгуулж чадвал дэлхийн аваргыг хүлээн авах боломжоо улам бүр нэмэгдүүлэх нь гарцаагүй юм. Гэхдээ тэр болтол 11 жил хүлээх хэрэгтэй.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж