Энэ онд хийх хөрөнгө оруулалтын талаар ярилцжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Энэ онд хийх хөрөнгө оруулалтын талаар ярилцжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр хотод хийх хөрөнгө оруулалтын
ажлыг зохион байгуулдаг мэргэжлийн байгууллагын удирдлагуудтай уулзаж
энэ онд хотод хийх хөрөнгө оруулалтын ажлыг нэг бодлогоор, нэгтгэн
гүйцэтгэхээр болжээ.  Өөрөөр хэлбэл замын шинэчлэл, цахилгаан, дулааны
шугам солих ажлын зураг төсөл, төлөвлөгөөг   хамтран гаргахыг үүрэг
болгосон байна. Өмнөх жилүүдэд замаа засаж шинэчилсний дараа  шугам,
сүлжээний ажил хийж эвдэх тохиолдол цөөнгүй гарчээ. Тэрбээр “газар
шорооны бүх ажил дууссаны дараа зам засварлах, шинэчлэх ажлыг эхлүүлэх
учир график, цаг хугацааг хатуу мөрдөх ёстой. Хэн нэгний буруугаас 
зассан, шинээр тавьсан зам, ногоон байгууламжийг эвдэхэд хүрвэл тухайн
байгууллага гарах хөрөнгийг хариуцах хэрэгтэй. Ингэж чадахгүй бол ажлаа
чаддаг хүнд нь өгөх тухай л ярих болно шүү” гэж анхааруулжээ. Хотын
мэргэжлийн байгууллагууд, инженерүүд өнөөдрөөс эхлэн зураг төслөө
хамтран хийж, төлөвлөгөө боловсруулан ирэх гуравдугаар сарын нэгэн 
гэхэд  тендер зарлаж дууссан  байхаар төлөвлөсөн байна. Ирэх онд замын
шинэчлэл, гэрэлтүүлэг зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хийх хөрөнгө
хангалттай  байгаа аж. Тиймээс  энэ онд замын нөхөөс хийх бус шинээр
зуслангийн чиглэл, гэр хороолол, орон сууцны хороололд шинээр зам тавих
тухай мөн дуулгажээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж