Ноён К.Гэнбагийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Ноён К.Гэнбагийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар
өчигдөр Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Япон улсын Төрийн стратегийн
бодлогын сайд ноён К.Гэнбатай уулзаж, хоёр талын харилцаа хамтын
ажиллагаа болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Уулзалтын эхэнд сайд Г.Занданшатар Япон улсын Төрийн стратегийн сайдын
айлчлал нь Монгол Улс, Япон улс хооронд стратегийн түншлэлийн харилцаа
хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдлийн агуулгыг бодит ажил хэрэг болгоход
ач холбогдолтой болохыг дурдаад хоёр орны стратегийн түншлэлийн хамтын
ажиллагааг эрдэс баялагийн салбарт төдийгүй эрчим хүч, дэд бүтэц, хөдөө
аж ахуй зэрэг нийгмийн бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нөхцөл
бололцоо их байгааг тэмдэглэв.

Сайд К.Гэнба Монгол Улсын хөгжлийг түргэтгэхэд Япон улс өөрийн хувь
нэмрээ оруулж ажиллах бодлого баримталж буйг дурдаад Япон улсын Засгийн
газраас боловсруулсан “Өсөлтийн шинэ стратеги”, техник, технологи,
боловсон хүчний сургалт, хөрөнгө оруулалт хэмээх багц /package/
хэлбэрийн хамтын ажиллагааг Монгол, Японы харилцаанд цаашид эрчимтэй
өрнүүлэх байр суурь баримталж байгаагаа мэдэгдэв.

Талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын
ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр
чухал үүрэгтэйг болохыг харилцан илэрхийлэв хэмээн Гадаад харилцааны
яамнаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж