Геополитикийн хүрээлэн байгуулагджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Геополитикийн хүрээлэн байгуулагджээ

Манай хэсэг томоохон эрдэмтэд хамтран төрийн бус өмчийн бодлогын судалгааны хүрээлэн байгуулсан тухай саяхан олон нийтэд мэдээлэгдсэн. Ингээд энэ тухай тодруулахаар шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал Д.Мягмар гуайтай уулзаж ярилцлаа.

-Таныг хэсэг эрдэмтэдтэй хамтран нэг судалгааны байгууллага байгуулсан гэж  сонссон. Энэ талаараа товч ярихгүй юу ?

-Олон жил хамтран ажилласан, санаа бодол нийлдэг бид нэг хэсэг эрдэмтэд, судлаачид уулзаж ярилцаад сүүлийн 20 гаруй жилд манай орны эргэн тойронд бий болсон шинэ нөхцөл байдал, улс орны хөгжлийн хандлага, өнөөгийн байдал, хэтийн төлөв нь эдгээрт нөлөөлж болзошгүй геополитикийн хүчин зүйлсийг тусгайлан судалж, тогтмол тандан, дүн шинжилгээ хийж байх зайлшгүй шаардлагыг бий болгож байна гэдэгтэй санал нэгдсэн юм. Ингээд бид “Геополитикийн хүрээлэн” нэртэй төрийн бус өмчийн эрдэм шинжилгээний байгууллагыг Шинжлэх ухаан, технологийн тухай Монгол Улсын хуулиар зөвшөөрөгдсөний дагуу байгуулсан. Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал төрийн бодлогын асуудалд геополитикийн үнэлгээний байр суурьнаас хандахыг өөрийн эрхгүй шаардаж байгаа юм. Ийм учраас энэ шинжлэх ухааныг Монголын хөрсөнд буулгаж хөгжүүлэх ажлыг бид эхлэх ёстой гэж бодсон. Нөгөө талаасаа Монгол Улсад төрийн өмчийн бус, тинк танк хэлбэрийн бие даасан бодлогын судалгааны байгууллагын эхийг тавиад шавь нартаа үлдээх гэсэн санаа бодолтой байгаагаа нуух юу байх вэ. Ингэхдээ төрийн хуулийг дээдлэх, ил тод байх, асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас хандах, хүний эрхийг хүндэтгэх, төрөөс болон аливаа нам, ашиг сонирхлын бүлэг, улсын төсвөөс хараат бус байх зэрэг зарчмыг хатуу баримтлана гэж тохиролцоод байгаа. Эхний ээлжинд улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн, түүний дотор стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг эргэлтэд оруулах, дэд бүтцийг хөгжүүлэх бодлого боловсруулах, ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдыг сонгохдоо үндэсний аюулгүй байдлын болон батлан хамгаалах ач холбогдлыг харгалзан үзэх шаардлагыг зарим талаар орхигдуулах байдал ажиглагдаж байгаад санаа зовж, эдгээр асуудлыг улс орны геополитикийн ашиг сонирхлын үүднээс судлаж зарим нэг зүйлийг хөндлөнгийн шинжээчдийн санал дүгнэлт хэлбэрээр боловсруулах гэж оролдож байна.

Манай хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдхүүнд Монгол Улсын нэр хүнд бүхий улс төрчид, олон улсын харилцааны болон аюулгүй байдлын судалгааны салбарын томоохон эрдэмтэд орон тооны бус хэлбэрээр уригдан ажиллаж байна. Ихэвчлэн шинжлэх ухааны доктор, профессор, академич, элчин сайд, генерал цолтой, гэхдээ улс төрийн аль нэг нам болон төрийн албанд өндөр албан тушаалд ажиллаагүй хүмүүс байгаа. Зөвлөлийн даргаар Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, доктор Ж.Чойнхор гуай сонгогдсон.

-Та олон жил үндэсний аюулгүй байдлын судалгааны салбарт ажиллаж байгаа хүн. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал өнөөдөр ямар хэмжээнд байна гэж боддог вэ ?

-Уг нь төрийн удирдлага, зохицуулалтын хэмжээнд авч үзэх юм бол үндэсний аюулгүй байдлын гол асуудал нь аль ч оронд төрийн тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг батлан хамгаалахад байдаг. Үүн дээр манайх шиг үндсэндээ нэг үндэстнээс бүрдсэн жижиг орны хувьд үндэсний хэл, ёс заншил, ахуй хөтлөх арга ухаан, монгол соёл иргэншил, хүн амын удмын сан, угсаа гарвалын асуудал бас чухалд тооцогдох учиртай. Энэ бүхнээ хамгаалах арга зам гэж бий. Бид олон зууны турш хамгаалсаар ирсэн. Тэгвэл өнөөгийн шинэ нөхцөл байдалд үндэсний аюулгүй байдлаа яаж хамгаалах вэ ? гэсэн асуудал гарч байна. Судлаач бидний ойлгож байгаагаар ашигт малтмалын асар их баялагтай, онгон цэвэр байгальтай, өргөн уудам газар нутагтай, зочломтгой, ажилсаг хөдөлмөрч, шудрага шулуун ард түмэн амьдардаг, ардчилал, эдийн засгийн зах зээлийн харилцааны замыг тууштай сонгосон Монгол орон дэлхийн улс орнуудын түүний дотор бидэнтэй хамтран ажиллаж, манай улсыг хамтдаа хөгжүүлэх эрмэлзэл бүхий гадаадын том гүрнүүд, үйлдвэрлэл, худалдаа, банк, санхүүгийн хүчирхэг корпорацуудын анхаарлыг зүй ёсоор татах болсоор удаж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт болон газар нутгийн бүрэн бүтэн байдалд хөрш хоёр орны болон бусад улсын зүгээс учруулж болзошгүй ямар нэг аюул одоогоор үгүй байна. Монгол Улсад дайсагнасан байтугаа таагүй ханддаг орон дэлхий дээр үндсэндээ алга. Ийм байдал лав л ойрын 20-иод жилдээ үргэлжлэх болов уу. Тэгэхээр бид сүүлийн олон зуун жилд анх удаа тохиож буй энэхүү алтан боломжийг дээд зэргээр ашиглан эвтэй нэгдэлтэй байж төр засгаа тэгшитгэн, улс орноо баян чинээлэг болгон хөгжүүлэхийн төлөө гар хумхихгүй, толгой өндийхгүй хөдөлмөрлөж улс төр, эдийн засгийн харьцангуй хараат бус байдлыг бий болгох нь амин чухал ашиг сонирхол болоод байна. Гэтэл бид сонгуулиа ч явуулж чадахгүй, нийгмийн баялагаа ч зохистой хуваарилаж мэдэхгүй, хоорондоо хагаран бутарч тэрсэлдэн тэмцэлдэж байгаа нь үнэхээр зохисгүй зүйл юм. Нөгөө талаас бид огт аюул заналгүй ертөнцөд оршиж байна гэж бодож бас болохгүй. Хүний амьдрах орчны бохирдол, байгалийн гамшигт үзэгдэл, дэлхийн цаг уурын дулаарал, нэн халдварт өвчний тархалт, олныг хамарсан ядуурал, цагаачлал, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын зөөвөр, цөмийн түүхий эд, материал хулгайлах, дамжуулан худалдаалах, үйлдвэрлэх оролдлого гэх мэт улс орнуудын хилийн шугмаар хязгаарлагддаггүй уламжлалт бус аюулын хүрээ өргөжиж байгаагийн дотор олон улсын терроризм бүх хүн төрөлхтөнд нүүрлэсэн шинэ аюул занал болон хувирч байна.

Бүхэлд нь авч үзэх юм бол дэлхий ертөнц харин ч өмнөхөөсөө илүү аймшигт аюултай тулгарч магадгүй үед бид амьдарч байгаа. Наад зах нь манай том хөршүүд хоёулаа цөмийн зэвсэгтэй орон, хүчирхэг зэвсэгт хүчинтэй, үүнийгээ улам л хөгжүүлсээр байна. Ер нь бидний өөрсдийгөө хамааруулан үздэг Зүүн хойд Ази бол олон улсын судлаачдын үзэж байгаагаар аюулгүй байдлын хамгийн эмзэг бүс нутгийн нэг. Энд АНУ-ын цэргийн том хүч, цөмийн зэвсэг бий. Солонгосын хойгийн асуудал ойрдоо шийдвэрлэгдэх шинжгүй байна. Цөмийн зэвсэгтэй болчихсон Хойд Солонгос, хэрэв шаардлага гарвал хэтрүүлж ярьдаг хүнд бол бараг хэдхэн хоногийн дотор ийм зэвсэгтэй болж чадах, тэгээд том том зэвсэгт хүчинтэй Өмнөд Солонгос, Япон гээд орнууд энэ бүс нутагт ойрхоон байна. Тиймээс манай улс аль болох энхийн замаар аюулгүй байдлаа хамгаалахыг оролдох, түүний дотор бүх улс оронтой нарамдалт харилцаатай байх, энэ бүс нутагт энхийг тогтоохын төлөө улс орнуудыг хооронд нь холбогч, зуучлагчийн үүрэг гүйцэтгэх аргаар үүндээ хүрэхийг чармайж байгаа нь зөв бодлого юм. Үүнийг ч бусад орон хүндэтгэн хүлээн авч байгааг бид бүгдээрээ мэдэрч байгаа. Гуравдагч хөрш гэдэг ойлголт ч үүнтэй холбоотой гарч ирсэн.

-Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар боловсруулсан Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг өнгөрсөн зун УИХ батлан гаргасан. Энэ үзэл баримтлалд улс орны дотоодын аюулгүй байдлыг хангах талаас нь их анхаарсан гэж тайлбарлаж байгаа. Энэ нь үнэхээр гол зүйл мөн үү?

-Мөн талдаа. Өнөөдөр улс орны өмнө эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах явдал тулгамдсан асуудал болж байгаа нь үнэн. Энэ нь олныг хамарсан ядуурал, ажилгүйдэл, авилга, нийгмийн дэг журамгүй байдал, шудрага бус явдал гэх мэт олон зүйл газар авсантай уялдаатайгаар үүссэн асуудал. Ер нь тэгээд хөгжих гэж зорьж байгаа улс орон гурван асуудлыг гол болгодог нь олон улсын жишиг байдаг. Энэ нь сайн засаглалтай байх, иргэдийнхээ амьжиргааны түвшинг хоосон амлалтууд, эмх замбараагүй халамжийн мөнгөөр биш ажлын байр, бодитой орлого олох бололцоо, эрх чөлөөгөөр хангах, дээр нь боловсролтой, эрүүл иргэдтэй байх явдал юм. Ямар ч улс эдгээр асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд хөгждөг байна. Гэтэл манайд эдгээрийг маш муу шийдвэрлэж байна гэхэд маргах хүн гарахгүй биз дээ.

Сайн засаглалтай болох тухай ярихад улам хэцүү, магадгүй бүр биднээс их хол зүйл мэт санагдах болсон. Энд төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхол, авилгал гол саад тотгор болон хувирч байна. Боловсролын салбарт зохиомол гэж хэлж болох хямрал үүсээд байгааг хэн хүнгүй ярьж байгаа. Түүний илэрлүүд нь боловсрол эзэмшүүлдэг нэртэй нэг их олон их дээд сургуультай болсон, боловсрол, хүмүүжил хоёрыг салгасан гэх мэт зүйлүүд. Нэг олон дээд боловсролтой хүмүүс байгаа хэрнээ олигтойхон шавардлага хийчихдэг барилгачин олддоггүй гэсэн. Эрүүл мэндийн салбарын тухайд бол уг нь урьдчилан сэргийлэхийг урьдал болгосон тогтолцоотой байж ард иргэд нь эрүүл байдаг юм билээ. Гэтэл манайд өвдөхийг нь хүлээж байгаад өндөр үнээр, жинхэнэ, хуурамч эсэх нь үл мэдэгдэх баахан эм тариагаар эмчилдэг тогтолцоотой болсон гэх юм. Гэтэл социализмын гэгдэх тэр үед манай улс дэлхийд биш гэхнээ хөгжиж буй орнууд дотроо л дээгүүр орох боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог бий болгож чадсан тухай бидний өнөө социализмыг үзэн яддаг гэдгээр нь мэдэх барууны судлаачид бичдэг юм билээ. Гэхдээ энэ бүхэн нь миний бодлоор Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлж байгаа гол асуудлууд биш л дээ.

Яг үнэндээ дотоодын улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, сонгуулийн тогтолцооны хямрал, авилга, нийтийг хамарсан ядуурал, чанаргүй хүнс болон иргэдийн эрүүл мэндийн доройтол гэх мэтээс болж улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн, улсын хилийн халдашгүй дархан байдал алдагддаг юм биш. Ер нь эдгээр нь мөн чанартаа хөгжлийн асуудал байдаг бөгөөд харин угширч, гүнзгийрч, тодорхой хэмжээний босгыг давж ердийн аргаар шийдвэрлэх боломжгүй болохоороо л дотоодын зэвсэгт үймээн, бослого гарах, эсвэл харийн цэргийн түрэмгийлэл хийгдэх шалтгаан нөхцөл буюу жинхэнэ утгаараа үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хүчин зүйл болон хувирдаг зүй тогтолтой байдаг. Ингэхээр үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын гол утга учир нь эцсийн дүндээ улс орны оршин тогтноход сөргөөр нөлөөлж буй улс төр, эдийн засаг, нийгмийн олон талт сөрөг хүчин зүйлсийг цэргийн аюул заналхийлэл болон хувирахаас сэргийлэх, ийм аюул заналхийлэл бий болсон тохиолдолд Эх орноо батлан хамгаалах бэлтгэлтэй байхад л орших ёстой юм. Дахин хэлэхэд үндэсний тусгаар тогтнолыг хүчээр устгах, газар нутгийг нь бүхлээр нь булаан эзлэх, эсвэл хэсэгчилж тасдан авах нь зөвхөн харийн цэргийн хүчээр л хийгдэж ирсэн, хийгдэж болох зүйл юм. Харин үүний угтвар нь төр, нийгэм, эдийн засгийн гүнзгий хямрал, үүнээс үүдэлтэй дотоодын эмх замбараагүй байдал, үймээн самуун, зэвсэгт бослого буюу энгийн үгээр хэлвэл үндэстэн улс өөрийгөө авч явах, хамгаалах, иргэдийнхээ амгалан тайван, элбэг хангалуун амьдралыг хангах чадваргүйгээ дэлхийн улс орнуудад харуулах явдал байдаг. Ирак, Афганистан болон Гүржид болсон хэрэг явдлуудыг эргэн санахад л болох байх.

-Таны ярьж байгаа зүйл 2008 оны 7 сарын 1-нд манайд болсон үймээнийг санагдууллаа.

-Мэдээж хэрэг. Би энэ тухай л ярьж байна. 2008 оны тавдугаар сард тэр үед миний удирдаж байсан Стратегийн судалгааны хүрээлэнгээс гаргасан нэг судалгааны тайланд иймэрхүү явдал болох магадлал өндөр байгаа талаар бид дүгнэлт хийж дээд байгууллагадаа хүргүүлж байсан нь үнэн. Холбогдох хүмүүст нь танилцуулсан эсэх, тэдгээр нь анхаарсан анхаараагүйг мэдэхгүй юм. Дараа нь нэг том дарга “Стратегийн судалгааны хүрээлэн юу хийж байсан юм ?” гэж асууж байсан гэсэн. Тэгэхээр танилцуулагдаагүй талдаа байх. Ер нь энэ талаар байнга судалгаа хийж материал цуглуулж байсан. Ардчилалд шинээр шилжиж буй зарим оронд сонгуулийн дараа болж буй үйл явдлууд нэгийг өгүүлээд байсан. Тэдгээрт болсон үймээнүүдийн өнгө аяс, зохион байгуулалт хоорондоо ихээхэн төсөөтэй байсан юм. Үйл явцыг ажиглаж байхад тухайн улсуудад эхлээд иргэний хөдөлгөөнүүд бий болсон. Тэд нар жижиг жагсаал цуглаан хийдэг. Дараа нь чулуу, мод шидэж үздэг. Ижил хувцас өмсч, ижил өнгийн зангиа, алчуур зүүдэг. Улмаар эдгээр хөдөлгөөн нам болдог. Нам нь сонгуульд олигтой амжилтад хүрэлгүй унадаг. Тэгэхээр нь сонгуулийг будлиантуулсан гэж хэрүүл маргаан дэгдээдэг, заримдаа үймээн самуун гаргадаг. Хамгийн тод жишээнүүд гэхэд Тайланд, Украйн, Гүрж, Иран, Афганистан, саяхан Беларуст болсон хэрэг явдал. 

-Энэ үеэр Ерөнхийлөгч онц байдал зарласан. Тэр явдалд дүгнэлт хийв үү. Хэр зэрэг цагаа олсон шийдвэр байв?

-Үймээн гаргахгүй байх бололцоо байсан уу гэвэл тийм гэж хэлэх талдаа. Гэхдээ одоо энэ тухай эргэж маргалдах нь утгагүй юм. Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн тухайд бол би тухайн нөхцөл байдалд цаг үеэ олсон зөв шийдвэр байсан гэж үздэг. Харин үүнийг дагаад олон асуудал босож ирсэн. Онц байдлын тухай хууль байх нэг хэрэг. Харин энэ хуулийг хэрэгжүүлэх нэгдсэн болон салбар төлөвлөгөөнүүд, хүчний байгууллагууд сургагдсан, бэлтгэгдсэн байсан уу ? гэвэл хариулахад амаргүй л байна.  

-За. Танд их баярлалаа

Д.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж