Үнэтэй нефть эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Үнэтэй нефть эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөлнө

Газрын тосны үнэ өндөр байх нь хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлтийг бууруулна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлжээ. Энэ нь ОПЕК-ийн орнуудыг олборлолтоо нэмэгдүүлэх ёстой гэсэн дохио болж байгаа юм. Дэлхийн хамгийн баян 34 орноос бүрддэг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын газрын тосны импортын өртөг сүүлийн нэг жилийн дотор 200 тэрбум ам.доллараар өсч, 2010 оны сүүлийн байдлаар 790 тэрбум ам.доллар болсон гэж тус агентлаг тооцоолсон байна. Нефтийн үнийн өсөлтөөс өртөг нэмэгдэж буй нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын орлогыг 0,5 хувиар бууруулжээ.

“Газрын тосны үнэ дэлхийн эдийн засагт хор хөнөөл учруулах төвшинд хүрэхэд ойрхон байна. Импортын өртөг хөгжингүй эдийн засгуудыг сэргэхэд муугаар нөлөөлнө. Энэ нь газрын тос хэрэглэгч орнууд болон нефть экспортлогчдын хувьд харангын дохио өгөх ёстой” гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн ахлах  эдийн засагч Фатих Бирол хэлэв.

Сүүлийн хэдэн долоо хоногийн дотор нэг баррель нефтийн үнэ 100 ам.долларт ойртож байна. Лондоны бирж дээр Брент маркийн газрын тосны үнэ даваа гаригт 95 ам.доллараас давсан нь сүүлийн 27 сарын дотор харагдаагүй өндөр үнэ болсон юм. Үнэ өсч байгаа ч Шатахуун экспортлогч орнуудын нийгэмлэг болох ОПЕК хангамжаа нэмэх шаардлагагүй гэж мэдэгдсээр байгаа билээ.

Саудын Арабын Газрын тосны сайд Али Наими нефтийн үнийг 70-80 ам.долларт байх нь “боломжийн” гэж мэдээлсэн бол ОПЕК-ийн зарим сайд нар 100 ам.долларын үнэтэй нефть дэлхийн эдийн засагт муугаар нөлөөлөхгүй гэж хэлээд байгаа. Харин энэ нь импортлогч орнуудын эрх ашигт нийцэхгүй гэж үзэж байгаа юм.

ОПЕК дэлхийн газрын тосны импортын 65 хувиаг дангаараа нийлүүлдэг юм. “Экспортлогч орнуудад бүтээгдэхүүнийг нь худалдан авах чадвартай, эрүүл эдийн засгууд хэрэгтэй. Харин үнэ ийм өндөр байгаа нь эдгээр орнуудын эдийн засгийг “өвчлүүлж”, импортыг багасгах болно. Иймээс ойрын хугацаанд ОПЕК нефтийн өндөр үнэ дэлхийн эдийн засагт муу гэдгийг ойлгож, хангамжаа нэмэгдүүлэхэд бэлэн гэдгээ харуулах шаардлагатай болов уу” гэж ноён Бристол хэлэв. Газрын тос импортлогч орнуудын хувьд одоо хар алтны хамаарлаа багасгах хэрэгтэй аж. Олон улсын эрчим хүчний агентлагийн судалгаанд дурдсанаар нефть импортлох өртөг 2010 онд Европын холбоо л гэхэд 70 тэрбум ам.доллараар өссөн гэсэн байна. Энэ нь Грек болон Португалийн төсвийн алдагдлыг нийлүүлсэнтэй ижил хэмжээ аж. Үүн дээр нэмээд Европын хэрэглэгчид шатахууны үнийн өсөлтийн хамгийн мууг нь мэдрээгүй байгаа. Учир нь тус салбарын нийт гэрээний 75 хувь нь газрын тостой холбоотой юм. Түүнчлэн ам.долларын эсрэг еврогийн ханш буурч байгаа нь хэрэглэгчдэд улам хүндээр нөлөөлнө гэжээ.

АНУ-ын нефть импортын өртөг 72 тэрбум ам.доллараар өссөн байна. Харин эрчим хүчний салбар дахь импортын 99 хувийг нь газрын тос эзэлдэг Япон улс 27 тэрбум ам.долларын өсөлт харсан байна. Зөвхөн хөгжингүй эдийн засгууд төдийгүй, хөгжиж буй орнуудад ч байдал дорджээ. Эдгээр орнуудын импортын өртөг 20 тэрбум ам.доллараар өссөн нь дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьтай ижил байгаа аж. Импортын өртгийг ДНБ-тэй харьцуулсан харьцаа одоо 2008 оны дэлхийн нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралын өмнөх үед ойртож байгаа гэж Олон улсын эрчим хүчний агентлаг сануулж байна. Хэрэв нефтийн үнэ энэ оны турш 90 ам.доллараас илүү байсаар байвал Европын холбоонд дээрх харьцаа 2,1 хувь болохоор байгаа аж. Хямралын үеэр энэ үзүүлэлт 2,2 хувь болж байсан юм.

Он гарсан цагаас хойш нэг баррель нефтийн үнэ 27 сарын өндөрлөгт хүрсэн нь хөгжингүй орнуудын инфляцийн асуудалтай холбоотой. Европ болон нефтийн хамгийн том хэрэглэгч АНУ-д цочир хүйтэрсэн нь үнийг нэмэгдүүлж байгаа юм. Мөн халаалтын нүүрсний экспортоор дэлхийд хоёрдугаар бичигддэг Австралид их хэмжээний үер болж, Ази, Европын аж үйлдвэрлэлийн салбарын өсөлт буурч байгаа нь ч нөлөөлж байна.

Газрын тос болон нүүрсний үнэ рекорд үнэд ойртож байгаа нь БНХАУ зэрэг хөгжиж буй орнуудад инфляцийн асуудал үүсгэж эхлээд байна. Хятадын Засгийн газар хурдацтай өсч буй инфляцийг тогтоон барихаар банкны бодлогын хүүгийн төвшинг нэмэгдүүлсэн билээ. Тус улс нефть болон нүүрсний хэрэглээгээр хоёрдугаарт ордог юм.

Лондоны бирж дээр баррель Брент нефтийн хоёрдугаар сарын урьдчилсан гэрээт үнэ 96,47 ам.доллар болтол өссөн байна. Харин арилжаа хаагдах мөчид 95,62 ам.доллар болж, өмнөх өдрийнхөөс 87 центээр илүү болов. Харин Нью Йоркт “WTI” маркийн нефтийн үнэ 78 центээр өсч, 92,16 ам.доллараар арилжаалагдав.

Азид нүүрсний хамгийн том нийлүүлэгч Австралийн “Newcastle” боомт дээр нэг тонн нүүрс 130 ам.доллараас давсан нь мөн 27 сарын хамгийн өндөр үнэ болжээ. Халаалтын нүүрсийг дулааны цахилгаан станцад хэрэглэдэг юм. Одоогийн байдлаар нэг тонн нүүрс 133,6 ам.доллар болсон нь өмнөх өдрийнхөөс 3,3 хувиар өссөнийг харуулж байна. Төмөр үйлдвэрлэхэд ашигладаг коксжуулсан нүүрсний үнэ мөн огцом өсчээ. Австрали улс энэ бүтээгдэхүүний хангамжийн гуравны хоёрыг эзэлдэг юм. Хөрөнгийн зах зээлд үнэт металлын үнэ ч мөн адил өссөн байна. Хөрөнгө оруулагчдын худалдан авалт нэмэгдсэнээр нэг унц мөнгөний үнэ 31 ам.доллараас илүү гарсан нь 1980 оноос хойш харагдаагүй хэмжээ. АНУ-ын “US Mint” байгууллагын тооцоолсноор мөнгөн зоосны арилжаа 2009 оныхоос 20 хувиар нэмэгдсэн аж. Өнгөрсөн онд хамгийн их өсөлттэй байсан үнэт металл бол паллади. Палладигийн үнэ 2010 онд 97 хувиар өссөн байгаа юм. Нэг унц паллади 800 ам.доллар хүрч, сүүлийн 10 жилийн турш харагдаагүй өндөр үнэтэй болсон бол алтны үнэ 1420 ам.доллар болж, одоо цагийн рекорд үнээс ердөө 10 ам.доллараар дутуу байна.

Суурь металлын хувьд нэг тонн зэс 9754 ам.доллар, хөнгөн цагаан 2472 ам.доллар, цайр 2471 ам.доллар, харин никель 25175 ам.доллар байлаа.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж