Д.Зоригт: Энэ сард гэрээнд өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Д.Зоригт: Энэ сард гэрээнд өөрчлөлт оруулна

Монгол Улсын Засгийн газар “Айвенхоу
майнз монголиа инк” компанитай Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө
оруулалтын гэрээ байгуулснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрч буй ч, хоёр
тал хэлэлцээрээ үргэлжлүүлсээр шинэ онтой золгожээ. Эрдэс баялаг, эрчим
хүчний сайд Д.Зоригтын хэлснээр бол хэлэлцээр одоо ч үргэлжилж байгаа
юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 8-ний өдрийн Засгийн газрын
хуралдааны шийдвэрээр шинэ он гарахаас урьтаж, хөрөнгө оруулагч талтай
тохиролцсон гурван асуудлын хүрээнд Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн
гэрээнд өөрчлөлт оруулж, баталгаажуулах ёстой байв. Гэвч Засгийн газрын
тэргүүнээс даалгавар авсан сайдууд энэ үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлж
чадаагүй сууна. Харин одоо Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд ямар
өөрчлөлт оруулах ёстой тухай тодруулъя. Нэгдүгээрт, Оюутолгойн төсөлд
оруулж байгаа нийт хөрөнгө оруулалтын зардлын хүү 11.7 хувь байгааг 
Лондонгийн банк хоорондын зээлийн хүү буюу LIBOR-оор авах. Ингэснээр
нийт санхүүжилтийн зардал 6.8 хувь болж буурах ёстой. Хоёрдугаарт, давуу
эрхийн хувьцаатай холбоотойгоор Монголын талын 34 хувийн эзэмшил долоон
хувь руу буурах нь гэж УИХ-ын нэр бүхий гишүүд мэдээлж, арга хэмжээ
авахыг шаардсаны дагуу давуу эрхийн хувьцааг өөрчлөх. Гуравдугаарт,
Оюутолгойн ордын хувьцааг гуравдагч талд худалдах тохиолдолд хөрөнгө
оруулагч тал Монгол Улсын Засгийн газраас заавал зөвшөөрөл авах ёстойг
дээр дурдсан гэрээнд баталгаажуулах юм.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос дараах тодруулгыг хийлээ.


-Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулсан уу. 2010 он
дуусахаас урьтаж, өөрчлөлт оруулах үүргийг Засгийн газрын тэргүүн өгч
байсан?

-Гэрээнд өөрчлөлт оруулж чадаагүй байгаа.


-Юунаас шалтгаалаад өөрчлөлт оруулж чадаагүй байгаа юм бэ. Уг нь хөрөнгө
оруулагч талтай тохиролцсон гэж хэвлэлийн бага хурал хийлгэж байсан шүү
дээ?

-Хэлэлцээр үргэлжлээд явж байгаа.


-Манай талаас шалтгаалаад байна уу, эсвэл хөрөнгө оруулагч талтай холбоотой юу?

-Хөрөнгө оруулагч талаас нэлээд зүйл хамаарч байна.


-Хөрөнгө оруулагч талтай тохиролцсон асуудлууд юунаас болж хойшлогддог юм?

 
-Үг үсгийн юмнууд байна аа.


-Түүнийг яг юу гэж ойлгох юм бэ?

-Хэлэлцээрийн шатанд бас тийм зүйл гарч ирнэ шүү дээ.


-Хэзээ тэгвэл гэрээнд өөрчлөлт оруулж, баталгаажуулах юм?

-Удахгүй.


-Нэгдүгээр сард багтаан, хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулах заалтуудыг тусгаж чадах уу?

-Энэ сардаа бол багтааж, гэрээнд өөрчлөлт оруулж амжина.


Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж