Аварга болоорой, тамирчид аа!

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Аварга болоорой, тамирчид аа!

Бээжингийн олимпиос Лондонгийн их наадам хүртэлх олимпийн цикль хэдийнэ талдаа орсон энэ үед 2011 он Монголын тамирчдын хувьд чухал он жил байх учиртай. Түүхэндээ 11 олимпийн наадамд мөрөө гаргаж, аваргын алтан медалийг ихэрлүүлсэн Монголын тамирчид Британи аралд болох зуны XXX олимпийн наадамд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, өмнөх амжилтаа ахиулах зорилго тавиад байгаа. Спортын дэвжээнээс амьд мэдрэмж авч, тамирчдынхаа ялалт, ялагдлыг хуваалцдаг нутаг нэгтнүүд нь ч тэндээс өндөр амжилт хүсэмжилж байна. Тамирчид ч энэ жил олимпийн эрхийн төлөө ширүүн өрсөлдөөн үзүүлж, олон уралдаан, тэмцээнээс олимпийн эрхээ авах учиртай. Монголын спортын түүхийн хуудаснаа мөнхөрч, тив, дэлхий, олимпийн тавцанд гаргасан амжилт, авсан медалийнхаа тоогоор тэргүүлж, Монголын топ дөрвөн спорт гэгдэх болсон жүдо, чөлөөт бөх, буудлага болон боксын спортынхонг энэ жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.

Жүдочид дэлхийн аваргын төлөө Парист чуулна

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн энэ оны наймдугаар сард Францын нийслэл Парис хотноо болно. Цагаан өмсгөлтнүүдийн чансааг шалгадаг дэлхийн аваргаас Монголын тамирчид сүүлийн хэдэн жил ганзага хоосон ирээгүй. Энэ удаад ч амжилтаа ахиулах зорилго өвөртөлсөн жүдочдыг дэлхийн аваргын өмнө олон сорил хүлээж байгаа. Харин шинэ оны анхны тэмцээн нь ирэх долоо хоногт Азербайжаны нийслэл Баку хотноо болох “World Masters”. Жин жингийн шилдэг 16 бөхчүүдийн халз тулаанд манайхаас зургаан жүдоч оролцох юм. Харин үүний дараа буюу энэ сарын сүүлээр Гүржид эрэгтэйчүүдийн, Болгарт эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн болно. Харин хоёрдугаар сар гараад жүдочид Парист болох “Их дуулга”-д зодоглох бөгөөд ирэх сард тэднийг хоёр ч “Дэлхийн цом”, мөн Германд болох Гран-при тэмцээн хүлээж байгаа. Оролцсон тэмцээндээ амжилт гаргаж, олимпийн эрхийн оноо цуглуулдаг тэдний хувьд тэмцээн бүр хариуцлагатай.

Олимпийн хос аваргатай болохыг зорьж буй чөлөөтийнхөн

Чөлөөтийнхний хувьд олимпийн эрх авах журам арай өөр. Ганц хоёр эрх олгох тэмцээнийг эс тооцвол дэлхийн аваргаас медаль хүртэх эсвэл тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнээс зөвхөн аваргын алтан медалийг энгэртээ гялалзуулж байж тэд Лондонг зорих эрхтэй болно. 2010 оныг амжилт дүүрэн үдсэн чөлөөтийнхөн өнгөрсөн жил 35 жил хүлээсэн дэлхийн аваргаа өлгийдөн авч, Азийн наадмаас хос аваргатай болсон билээ. Сэргэн мандалтын замдаа орсон чөлөөтийнхөн 2012 оны Лондонгийн олимпиос хоёр алтан медаль хүртэх зорилготой байгаагаа дуулгасан.

FILA буюу Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос баталсан хуваарийн дагуу 2011 оны чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Станбул хотноо есдүгээр сарын 12-18-ний өдрүүдэд болно. Харин Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-22-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод болох ажээ.

Ширэн бээлийтнүүдийн хувьд онцлох жил

Монголын ширэн бээлийтнүүд өнгөрсөн жил олон улсын тавцанд шагшигдахаар амжилт гаргаагүй. Нутагтаа зохион байгуулсан оюутны дэлхийн аваргад буухиалсныг эс тооцвол өнгөрсөн 2010 он боксыхны хувьд халгаатай жил байлаа. Харин энэ жил тэднийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна. AIBA-гийн дүрэм ёсоор сондгой тоотой жилүүдэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болдог бөгөөд энэ удаад Өмнөд Солонгосын Бусан хотноо есдүгээр сарын 16-наас аравдугаар сарын 1-ний өдрүүдэд дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө. Эндээс ширэн бээлийтнүүд маань олимпийн эрхээ авах учиртай. 2009 онд болсон дэлхийн аваргад Миланы дэвжээнд илүүрхэж, аваргын алтан медаль зүүсэн П.Сэрдамба, мөнгөн медалийн эзэн Н.Төгсцогт нараас гадна бэртлээ илааршуулж, рингэндээ эргэн ирсэн олимпийн аварга Э.Бадар-Ууган гээд монголчуудын итгэл хүлээлгэх тамирчид цөөнгүй бий.

Мэргэн буучид Сербид цэц мэргэнээ сорино

Залуучуудын дэлхийн аваргатай болж, түүхэнд шинэ хуудас нэмсэн буудлага спортынхон энэ жил дэлхийн аваргын төлөө, олимпийн эрхийн төлөө есдүгээр сард Сербийн нийслэл Бельград хотноо онч мэргэнээ сорин өрсөлдөнө. О.Гүндэгмаа, Ц.Хонгорзул, Ц.Мөнхзул, Д.Батхуяг гээд Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд тахлах мэргэн буучдад нутаг нэгтнүүд нь итгэл хүлээлгэж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж