Монголын түүхэнд цэг тавихад ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Монголын түүхэнд цэг тавихад ойрхон байна

Шинжлэх ухааны академи Археологийн хүрээлэнгийн Хүрэл ба түрүү төмрийн судалгааны секторын эрхлэгч доктор, профессор Ц.Төрбаттай ярилцлаа.

-Археологич хүн тухайн улс үндэстний эрх ашиг тусын тулд түүхийн тасарсан буюу бүдгэрсэн хэсгийг тодруулж, баримтжуулах үүрэгтэй гэж ойлгодог. Тийм байж чадаж байгаа юу?

-Археологич хүн улс үндэстний эрх ашгаас гадна шинжлэх ухааны эрх ашгийн төлөө үйлчилдэг. Учир нь археологийн судалгаанд хамрагдаж байгаа соёлын өв, олдвор гэдэг нь дан ганц монголчуудынх биш хүн төрөлхтөний соёлын өв юм. Аливаа улс үндэстэн өөрийн тусгаар тогтнол, өв соёл түүхийг тодруулах судлах, дэлхий нийтэд таниулж, хойч үедээ өвлүүлдэг. Ингэхгүй л бол бусдын түүхийн хэсэг болж хувирна. “Чи өөрийн түүхээ үнэн бодитойгоор бичихгүй л бол чиний түүхийг бичих хүн олдоно” гэсэн эртний  үг байдаг даа. Монголын түүхийг гуйвуулж бичсэн олон жишээ байдаг ч тэрсэлдэж, тэмцэлдэхдээ гол нь биш. Шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн бодит судалгаан дээр үндэслэгдсэн баримтыг гаргах нь чухал. Манай түүхийг харлуулах өөрийн түүхийн нэг хэсэг болгож, өмчирхөх гэсэн гадны улс орнуудын сонирхол нэмэгдэнэ гэхээс буурахгүй байна. Тухайлбал, хуучин Зөвлөлтийн нэг хэсэг байгаад тусгаар улс болсон орнууд өөрийн гэсэн үндэсний түүхгүй учир  бусдын түүхийг хулгайлах, авах оролдлого их гардаг. Тэдгээр орнуудын хувьд нэг хэсэг Хүннү гүрэн, Түрэг улсын мэдэлд нэгдэж явсан гэдэг утгаараа бидний хамтын түүх. Гэвч нөгөө талаар гал голомтондоо үлдсэн монголчуудын түүхийн гол бахархал тул археолгичид бид түүхийн тэр л мартагдсан хэсгийг тодруулах ажлыг бүрэн гүйцэтгэж чадаж байгаа. Шинжлэх ухаан академийн Археологийн хүрээлэн нь Монголын бүх нутгийг хамарсан  бүх түүхэн үеийн цогц судалгааг хийдэг байгууллага. Энэ утгаараа Чулуун зэвсэгийн үеэс 17, 18 дугаар зууныг хүртэлх өргөн он цагийн хүрээнд судалгаа хийж байна. Сүүлийн үед манай судлаачид зарим бүс нутгийн огт судлагдаагүй бүс нутагт ажиллаж, он цагийн үечлэл, соёлын өөрчлөлттэй холбоотой олон шинэ олдворуудыг нээж илрүүлсэн. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн  нутагт сүүлийн долоон жил суурин судалгаа хийсний дүнд Төмөр  зэвсгийн түрүү үед амьдарч байсан ард түмний тухай,  тэдний нийгэм соёл, аж ахуйн хөгжил ямар байсан гэдгийг олж мэдлээ. Тэд Орос, Казакстан, Хятадын нутагт тархан амьдарч байсантай адил Пазырыкийн соёлд хамаарах нүүдэлчин ард түмэн байсан гэдгийг мэдсэнээрээ Монгол Алтайн түүхийн нэгэн эрин үеийг тодорхойлж чадсан. 

-Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй гэдэг утгаараа түүхийн маш их олдворуудыг газрын дор булш бунхан хэлбэрээр хадгалж байсан. Дэлхийн хэмжээний палентлогийн, археологийн  ховор олдвор хэр их олддог вэ?

-Монгол нутаг бол нүүдлийн соёл иргэншилийн өлгий. Дэлхийн түүхэнд алдаршсан гурван их гүрэн Монголын нутагт оршин тогтнож байсан. Хамгийн эхнийх нь энэ жил үүсгэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа Хүннү их гүрэн. Дараагийнх нь Ази Европид хил дамнан оршиж байсан Түрэгийн эзэнт гүрэн. Гуравт нь Монголын их гүрэн. Тиймээс дэлхийн хэмжээнд яригдах тэдгээр улс орнуудын соёлын үнэт олдвор монголын нутагт зөндөө бий. Хэдийгээр манай археологийн хөгжил, судалгааны цар хүрээ зэргээс харахад монголын  археологи дөнгөж эхлэлийн түвшинд байна гэж болох ч чамлахааргүй дэлхийн хэмжээнд яригдах гайхамшигтай олдворууд олж байна. Хэдхэн жилийн өмнө Түрэгийн их хаан Билигэ хааны эрдэнэс, тахилын сүмийг олсон. Одоо Үндэсний түүхийн музейн үнэт ховор олдвор болоод хадгалагдаж байгаа.

Дөрвөн жилийн өмнө манай хүрээлэнгийн захирал профессор Д.Цэвээндорж Баян-Өлгий аймгийн Улаан-Хус сумын нутгаас  Төмөр зэвсгийн түрүү үеийн буюу одоогоос 2000 жилийн тэртээх эртний нүүдэлчин баатар эрийн хөлдүү цэвдэгтэй булшийг олсон. Тэр олдвор нь тухайн жилдээ дэлхийн арван содон олдворт тооцогдож байсан. Мөн Дорнод Монгол буюу Сухбаатар аймгийн нутагт Дундад зууны үеийн нүүдэлчин язгууртан нарын томоохон хэмжээний оршуулгын газарыг доктор Д.Наваан олсон, одоо бид судалгааг үргэлжлүүлж байна. Хоёр жилийн өмнө Ховд аймгийн Манхан сумын нутаг Жаргалант хайрхан уулаас хүн төрөлхтөний хөгжмийн соёлын түүхэнд бичигдэхээр морин толгойтой чавхдаст хөгжмийн зэмсэг олж, сэргээн засварлах, судлах ажлыг хийж байна. 2012 оны эхээр Монголын олон нийтэд дэлгэн үзүүлэхэд бэлэн болно. Энэ онцгой ховор олдвор нь зөвхөн нүүдэлчний соёл төдийгүй хүн төрөлхтөний хөгжмийн соёлд зайлшгүй яригдах учиртай дэлхийн хэмжээний нээлт юм.

-Археологичид маш их хөдөлмөрлөж байж олсон олдвороо байрны хонгилд хадгалдаг гэж байсан. Улсаас энэ асуудалд огт анхаардаггүй болохоор тэр үү?

-Археологийн хүрээлэн 2003 онд байгуулагдсан ч шинэ олдворуудыг олон нийтэд үзүүлэх зайлшгүй шаардлагатай тул төр засгийн дэмжлэгтэйгээр хүрээлэнгийн хажууд байх байрны подвалын хэсгийг авсан. Тал нь лаборатори. Тэнд их хэмжээний олдворуудыг хадгалдаж байна. Тухайлбал, хүний ясны маш том цуглуулга, монголдоо хамгийн томд орох малын ясны цуглуулга бий. Тэднийг  хүнд үзүүлэхэд сэтгэгдэл төрүүлэхгүй байж болох ч шинжлэх ухааны хувьд маш их ач холбогдолтой. Ерөөсөө соёлын өв гэхээр дан ганц алт мөнгөн эдлэл биш юм. Эртний хүн малын ясны цуглуулга ч манай үндэстний соёлын өвийн нэг том хэсэг болно. Тэр том араг ясны цуглуулгыг хадгалах, авч явах заал боломж өөр байгууллагуудад хомс. Тиймээс хүрээлэнгийн дэргэдэх лабораторид хадгалдаг.

-Подвалд хадгалсан олдвороо улсын сан хөмрөгт хүлээлгэн өгдөг үү. Подвальд хадгалсан олдвор, эсвэл музейгээс олдвор алдагдаж байсан уу?

-Подвалын нөгөө хэсгийг үзвэрийн гурван танхимтай, археологийн жижиг музей болгосон. Хадгалалт хамгаалалтын хувьд хулгайд алдагдсан тохиолдол байхгүй ч подвальд гэдэг утгаараа ус чийг, хадгалалтын горим алдагдаж байгаа. Байрны подваль гэдэг утгаараа хадгалалтын нөхцөлийг бүрэн хангаж чадахгүй, байнгын чийгтэй орчинд байна.  тухайлбал төмөр болон модон эдлэлд чийг маш аюултай. Учир нь гадаад дотоодын археологичид хөрөнгө мөнгө гаргаад тэдгээр олдворыг сэргээн  засч, зэвийг арилгасан хэдий ч дахин зэврэх, модон эдлэлийн чигийг гаргаж, дэлгэж тависан ч дахин чийг  авахаар бүр мөсөн эвдэрдэг. Энэ бидний хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Олдворуудыг улсын музейнүүдэд татна гэдэг ч улсын музейд шилжүүлэх гэхэд судалгааны ажил бүрэн дуусаагүй учраас улсын сан хөмрөгт шилжүүлэх асуудал түр хойшлогддог. Гэхдээ сүүлийн 10 жил манай хүрээлэнгийн ажлын үр дүнд малтан судлаж илрүүлсэн олон тооны үнэт болон хосгүй үнэт өвийг улсын хэмжээний музейнүүдэд хүлээлгэн өгсөн. Тухайлбал  түрүүн дурьдсан Билигэ хааны эрдэнэс Үндэсний түүхийн музейд бий. Төрийн түүхийн музей,  Хар хорины музейд мөн олон тооны үнэт үзмэр татаж авсан. Энэ утгаараа археологичид газар ухаад хэнд ч хэрэггүй ашиггүй ажил хийдэг гэдэг нь ташаа ойлголт. Гэвч тэр музейнүүдийн хадгалалт хамгаалалтын асуудал манайхаас илүү гардаггүй нэг асуудал бий. 

-Нэн ховор, онцгой олдворыг хадгалах хамгаалах асуудал дан ганц танай байгууллагын асуудал биш. Салбарын яамны цаашлаад улс орны асуудал баймаар санагдана. Энэ талаар холбогдох байгууллагууд  ямар ажил хийж байна.

-Энэ онд ерөнхийлөгчийн санаачлагаар Хүннү гүрэний ойг тэмдэглэх арга хэмжээг явуулах зарлигт археологи, палеонтологийн музей байгуулах гэж оруулсан байсан. Гэхдээ уг музейн төсөв мөнгө  нь энэ жилийн төсөвт суугаагүй байна лээ. Уг нь үндэсний бахархал шүү дээ. Бид юугаар бахархах юм бэ, Утаатай Улаанбаатараараа юу? Хэдий болтол хөдөө нутгаараа  бахархах вэ? Олдворуудыг дэлгэн харуулсан жинхэнэ стандартад нийцсэн байртай болох хүсэлтээ холбогдох албаны хүмүүст хэлэхэд “Байгууллага болгонд нэг овоохой барьж өгч чадахгүй” гэж хэлсэн.  Арай илүү сэтгэл гаргах л хэрэгтэй байгаа юм. Соёлын өв гэдэг маань өөрөө бахархал. Бид соёлын асар өвтэй гэдгээ дэлхийд харуулах, мөн гадаад дотоодын жуулчдад үзүүлэх, аялал жуулчлалын салбарын хөгжилд ч нөлөө үзүүлнэ. Хэдийгээр эртний өв соёл  түүхийг үзэх гэж хэдэн жуулчин ирдэг гэдэг тодорхой судалгаа байхгүй ч нүүдлийн соёл иргэншилтэй эртний түүхт улс гэдэг утгаар нь манайхыг зоридог жуульчид цөөнгүй бий. Энэ утгаараа Монголын археологчид улс орны хөгжил эдийн засагт ч тодорхой хувь нэмэр оруулдаг юм. Харин салбарын яамны зүгээс өнгөрсөн 2010 оноос Мэргэжлийн хяналтын газартай хамтран мэргэжлийн судлаач 10 хүнийг Соёлын өвийн хяналтын улсын байцаагч болгосон. Эдгээр хүмүүс, түүний дотор миний бие, хэдийгээр орон тооны бус, өөрөөр хэлбэл цалин авахгүй боловч улсын байцаагчийн эрх үүргийг эдэлж Соёлын өвийн хяналтыг сайжруулахад зохих хувь нэмрээ оруулж эхлээд байна.

-Монголын ард түмний соёл түүхийн дахин давтагдашгүй үнэт өв болох музейн үзмэр үрэгдүүлсэн этгээдэд хариуцлага тооцох нь байтугай толгойг нь илээд байх шиг. Харж хамгаалах байгууллагууд нь ер нь ажилладаг юм уу. Алдагдлаа л гэх юм байна. Музейн ажилчид нь зарлаа гэж ч дуулдах юм?

-Археологийн олдвор музейгээс алдагдсан асуудал бол байхгүй. Харин нилээн хэдэн жилийн өмнө гарсан  үндэсний түүхийн музейгээс соёлын өвийг үгүй хийсэн хэрэг гарсан. Тухайн үед археологийн биш голдуу угсаатаны зүйн эд өлгийн зүйл хулгайлж, Хятад руу гаргасан гэсэн. Хил гаалийн хяналт сул байдгаас л тэгдэг болов уу.

-Монголын түүх дурсгалыг хамгаалах хуулийг юу гэж боддог вэ? Хуулийн дагуу хамгаалагдаж хадгалагдаж чадаж байна уу?

-Хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Учир нь жижиг дунд уурхай, орон нутгийн шинжтэй  зам барилгын компаниуд түүх дурсгалын зүйлсийг маш их эвдэн сүйтгэж байгаа боловч ямар ч хариуцлага хүлээдэггүй. Холбогдох хуулийн дагуу захиргааны шийтгэл оногдууллаа гэхэд хувь хүнд 50-60 мянган төгрөг, байгууллага аж ахуйн нэгжид 250 мянга орчим төгрөгийн торгууль ногдуулдаг. Тэр бол тэдний зүгээр халаасанд нь л байдаг мөнгө. Гэтэл тэнд нь мэргэжлийн байгууллгуудаар судалгаа шинжилгээ хийлгэхэд маш их зардал гардаг учир торгуулийн мөнгийг нь төлчихөөд л захиргааны хэргээр асуудлыг шийдвэрлэж орхидог. Уг нь улс орны эсрэг, түүхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлага тооцох хэмжээний том асуудал. Харин томоохон уурхайнууд археологийн судалгаа хийлгэдэг. Цаана нь судалгаа хийлгэдэггүй маш олон байгууллга  бий. Дээр нь эртний эд өлгийн зүйл худалдаалж, зардаг хүмүүс соёлын өвийн эсрэг гэмт хэрэг хийж байгаа. Тэд захиалга өгч булш бунхан ухуулдаг том бизнес бүлэг болсон.  Мөн эртний эдлэл цуглуулдаг хувийн цуглуулагчид байна. Бүүр үзэсгэлэн  нээсэн хувь хүмүүс ч бий. Малтлагаас гарсан байх магадлалтай эд өлгий их байдаг. Энэ асуудлыг хуулиар л зохицуулах ёстой. Ялангуяа хүлээлгэх хариуцлагыг захиргааны хэрэг төдий биш харин эрүүгийн хэрэг гэж үздэг болох шаардлагатай юм.

-Археологийн олдвор эрэн хайх хайгуул хийх ажилд голдуу гадныхан их оролцдог. Энэ нь тухайн үеийн судалгаа шинжилгээтэй холбоотой юу  эсвэл өөр мөнгө төгрөг, зээл тусламж, ашиг сонирхолтой байна уу?

-Тийм. Археологийн олдвор малтлагад гадныхан голдуу санхүүжилт хийж хамтран ажилладаг. Учир нь төр засгаас санхүүжилт, хөрөнгө мөнгө төсөвлөдөггүй.  Монгол-Алтай судлалын хүрээлэн гэдэг олон нийтийн улсын байгууллага, Археологийн хүрээлэн хамтран Баруун аймгуудаас эхлэн монголын нийт нутгаар хайгуулын ажил эхлүүлээд байна. Баян-Өлгий аймагт 2005-2007 онд хайгуул судалгаа малтлага хийж үр дүнг нь 2009 онд нэгэн сэдэвт бүтээл гаргаж тайлагнасан. Тухайн үед гадаадын эрдэмтэд сайнаар хүлээж авсан. Оны шилдэг шинжлэх ухааны бүтээл ч болж байсан. Ховд аймагт мөн ижил хайгуул судалгааг 2008-2010 онд хийгээд дууслаа. Нэг аймгийн нутгаас л гэхэд 10 мянга гаруй соёлын өв археологийн өв бүртгэж баримтжуулсан.  Үүнийгээ орчин үеийн арга зүйн дагуу баримтжуулж бүртгэлжүүлэх ажлыг хийж, түүхэн он дарааллаар судалж, тайлагнах ажлыг энэ онд хийж дуусгана. Энэ томоохон ажлыг энэ оноос Увс аймагт үргэлжлүүлэхээр шинжлэх ухаан технологийн төсөл бичиж өгсөн боловч төсөв батлагдаагүй. Улсад соёлын өв хэрэггүй гэсэн юм байлгүй малаа жил бүр тоолж, хүнээ 10 жилд ганц тоолдог атлаа соёлын өвийг тоолж бүртгэлжүүлэх гэхэд мөнгө байхгүй гээд төсөв мөнгө хувиарлаагүй. Ялангуяа энэ онд эхлүүлэх байсан Увс аймгийн төсөлд их найдаж байсан. Бид хээр хөдөө ингэж хайгуул судалгаа хийж явахад ямар нэгэн илүү цагийн ч юм уу мөнгө төгрөг ашиг гэх юм байдаггүй,өөрийн маш их цаг завыг үрж байж энэ их ажлыг амжуулдаг. Өнгөрсөн жил  Хүрэлийн үеийн судалгаа хийх төсөл бичээд Боловсролын яаманд өгсөн ч  батлагдаагүй. Яг тэр төслөөрөө Германы Герда Хенкл гэдэг сангаас хоёр жилийн малтлага судалгааны санхүүжилт авсан.  Монголын  соёлын өв, түүх дурсгалын олдвор, малтлага зэрэгт манай төр зөсгийн удирдлагаас илүүтэй гадны байгууллагууд биднийг маш их  дэмжиж байна. Гол гол суурин төслийг дан гадныхан санхүүжүүлдэг.

-Гадны улс орнуудын та бүхэнд тусалж буйн гол зорилго нь юу байдаг вэ?

-Гадныханы хувьд түүхийн олдвор гэдэг нь хүн төрөлхтөний соёлын өв гэдэг утгаар бидэнтэй хамтран ажилладаг. Манай улс асар өргөн уудам нутагтай. Урд талд Хятад, ард  талд Сибирь, баруун талд Дундад Ази, зүүн талд Манжуур, энэ дунд байгаа асар том хоосон орон зай шиг л байдаг. Эрт цагт энэ дөрвөн бүс нутагт болж байсан  түүхийг үнэн бодитоор нь мэдэхийн тулд Монголыг заавал судлах шаардлагатай байгаа. Энэ утгаараа шинжлэх ухааны эрх ашгийн үүднээс бидэнд тусалдаг. Тэдгээр улс орнуудад ямар нэгэн эдийн засгийн эрх ашиг байхгүй. Гарч ирсэн ямар ч олдвор хуулийн  журмын дагуу Монголдоо л үлддэг. Үнэндээ Монголын эртний түүхийг гадныханы мөнгөөр л судалж байна.

-Таны хувьд түүх дурсгалын соёлын өв, эвдэгдэх, тоногдох зэрэг сэтгэл эмзэглэмээр дүр зурагтай хэр их таарч байсан бэ? Учир нь хувиараа алт олборлогч нар, уул уурхайн компаниуд  тухайн орон нутагт археологийн судалгаа шинжилгээ хийлгэдэггүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлдэг.

-Соёлын өвийг тонож, сэтгэл эмзэглүүлдэг дүр зураг хаа сайгүй таардаг. Жилд хэдэн зуун ийм мэдээ ирдэг. Ер нь энэ асуудал хяналтнаас гарсан гэж бодож байна. Учир нь хувиараа аль олборлогч нар жижиг дунд уурхай ажлуулдаг компаниуд чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ байдлаараа хэдэн жилийн дараа Монгол Улс судлах өв соёлгүй, түүхгүй болох нь. 

-Эртний эд эдлэл, соёлын өвийг олсон зарим нэг хүмүүс урд хөрш рүү гаргадаг гэж дуулдаж байсан. Хятадууд монголоос ирж байгаа түүхийн ховор олдворыг маш өндөр үнээр худалдаж  аваад бараг чулуун авдартаа хадгалж, намаас өгсөн даалгавар ингэж хадгалах ёстой гэж сонссон энэ үнэн үү?

-Түүх соёлын өвийг Хятадууд, Монголчууд тал талаас нь хэмлэж байна гэхэд болно. Ялангуяа монголчууд илүү  түлхүү оролцож, түүх соёлоо сөнөөж, устгаж байгаа. Ард түмний амьдрал  ядуу, ухамсар дорой байгаад уу эсвэл нүд цагаан мөнгө улаан гэдэгт үү үнэхээр түүхийг үгүй хийж байгаа нь харагдаж байна. Зарим аймаг сум сүйрээд эхэлсэн гэж болно. Тухайлбал, Өмнөговь аймгийн Номгон суманд байдаг бүх булш бунхан тоногдсон. Тус  суманд  хэний ямар булш бунхан байсныг бүртгэж судалж амжаагүй байхад аль хэдийн тоногдсон байсан. Бид уг газарт очоод л булш бунхан байсныг мэдсэн. Энэ маягаараа монгол орны бүх булш бунхан устаж үгүй болно. Уг нь аль аймгийн хэн байх нь гол биш та бид цөм Монгол гэсэн өөрийнхөө гэрт байгаа гэдгийг л т хүмүүс ухаарахгүй байх шиг байна. Ялангуяа алтны нинжа нарт ийм сэтгэлгээ их бий. Би биш бол тэр авна. Тийм болохоор өрсөж амьдрах , өрсөж олох гэсэн ганц л зорилготой байгаа. Хятадууд тэрхүү түүхийн үнэт өвийг өндөр үнээр худалдаж аваад дараа нь судалгаа хийж хожим бидний түүхийг өөрийн болгож өөрсдийнхөө нэг хэсэг мэтээр зарлахыг үгүйсгэх аргагүй. Бидний түүхийг гуйвуулж өөрсдийнхөөрөө зарлах боломжийг манайхан олгож байна. Тиймээс энэ хэвээрээ яваад л байвал Монголын түүхэнд цэг тавигдахад ойрхон байна. Төр засгийнхан одоо л анхаараарай гэж хэлмээр байна. Энэ жил их ойн жил гэдэг утгаараа түүх соёлдоо хүндэтгэлтэй хандаасай даа.

-Та тэдэн шиг олдвор олохдоо мөнгө болгох сонирхол төрдөг үү?

-Үгүй. Археологич хүний гол зорилго  бол түүхийг таниулж, нээдэг гэдэг утгаараа мөнгөний төлөө ажилладагагүй. Зөвхөн зүрх сэтгэлийн дуудлагаар ажилладаг.  Тийм болохоор олсон ховор олдвороо мөнгөөр зарна гэж хэзээч бодож байгаагүй. Шинэ юм илрүүлэх, ард түмнийхээ түүхийг нээхийн баяр баясгалан, таашаалыг археологийн малтлагад оролцож үзээгүй хүн тийм ч сайн төсөөлөхгүй.

-Археологичид Чингис хааны булш хаана байгааг гадарладаг. Хэрэв олчихвол ажилгүй болно гэж хошигнох юм билээ. Ер нь багцаа байдаг уу?

– Миний хувьд Чингис хааны булш бунханы хувьд тусгайлан судлаагүй болохоор баттай хариулт өгч хараахан чадахгүй. Гэхдээ Чингис хааны онгоныг илрүүлэх нэг хэрэг дараа нь малтаж судлах өөр асуудал. Илрүүлэнгүүт судлана гэж болохгүй. Хятадад л гэхэд Цин Ши-хуандийн онгоныг хаана байгааг нь мэдэж байгаа ч эртний түүх соёлын өвийг гэмтээхгүй гаргаж ирэх техник технолги одоогоор бий болоогүй гэсэн шалтгаанаар гар хүрээгүй байж л байна. Яг ийм шалтгаанаар Хөххотын хажууханд байдаг Хүннүгийн Хуханье шаньюйн хятад хатан Ван Жао-жуны онгоныг судлалгүй хүлээлгэж байна. Харин дэргэд нь жижиг юмыг том болгож урнаар үзүүлсэн сайхан музейг бол хэд хэдээр нь байгуулчихаж байна даа тэнд. Манайд ч гэсэн ийм асуудал үүсэх болов уу. Миний хувийн бодлоор Монголын их хаадын нэг ч булш бунхан одоогоор олдоогүй байна.

П.Нарандэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж