Тагнуулын ажилтан эрүүгийн хэрэгт татагджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Тагнуулын ажилтан эрүүгийн хэрэгт татагджээ

Баян-Өлгий аймгийн Тагнуулын ажилтан Ж гэгч эрүүгийн хэрэг үйлдсэн   талаар эх сурвалжийн мэдээллийг өчигдөр  тус аймгийн Прокурорын газрын дарга Х.Жанибекээс тодруулахад “Манай аймагт зорчиж ирсэн БНХАУ-ын иргэнийг зодож танхайрсан тагнуулын ажилтан Ж-д  Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Уг хэрэгт хяналт тавьж буй прокурор Н.Мөнхбатаас тодруул” гэсэн тайлбар өгсөн юм. Сүүлийн үед Баян-Өлгий аймаг дахь  МАН, АН –ын гишүүд таарамжгүй болсноос зодоон зохион үүсгэж, хоорондоо буудалцах хэмжээнд хүрсэн, үүнд тагнуул, цагдаагийн ажилтнууд оролцсон  гэх мэдээлэл ч чих дэлсээд байна.

Харин дээрх мэдээллийг тус аймгийн цагдаагийн хэлтсийн дарга Т.Бакыт болон Прокурорын газрын дарга Х.Жанибек нар ор үндэслэлгүй болохыг нотлоно хэмээцгээв.  Шинэ оныг Баянөлгийчүүд буун дуугаар угтаж, намаар талцан гудамж талбайд буудалцсан гэх нууцхан яриа ам дамжин яригдаж эцэст нь хэвлэл мэдээллийнхний сонорт хүрсэн билээ. Дуулиан дагуулж буун дуу гаргасан хэргийг талаар тодруулахад Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч МАН-ын бүлгийн дарга Д.Бауржин өнгөрсөн сарын 27-ны өдөр бусад руу буудаж танхайрсан гэх мэдээлэл цацагдсан.  Тэрбээр аймгийнхаа Шуудан холбооны даргын алба хашдаг нэгэн бөгөөд  АН намын гишүүтэй маргалдаж улмаар гудамжинд  “Вепрь” маркийн буугаар агаарт 2-3 удаа буудсан гэж зарим хүмүүс ярьж байгаа бол цагдаагийн газарт бүртэгдсэнээр гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж танхайрч айлын хашаа руу буудсан гэж тэмдэглэгджээ. Дээрх болсон явдлыг тагнуул цагдаагийнхантай холбож ойлгох хүн ч цөөнгүй байна. Юутай ч баруун хязгаар нутагт сүүлийн үед эрүүгийн нөхцөл байдал сайнгүй байгаа бололтой. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас мөрдөн байцаагч томилогдон тус аймагт ажиллахаар явсан гэх мэдээлэл байна. Өмнө нь тус аймаг дахь Тагнуулын газрын нэгэн ажилтныг хэсэг бүлэг этгээдүүд зодсон хэрэг гарч байсан. Хохирогч Тагнуулын Ерөнхий газрын Баян-Өлгий дахь газрын орлогч даргын алба хашдаг нэгэн байсан. Тус аймагт казак хүн ажилладаггүй цорын ганц байгууллага нь Тагнуулын газар аж.Тиймээс аймгийн цагдаагийн хоёр ажилтан, хилийн отрядын гурван хүн нийлж “Казакын нутагт халхчууд даврахгүй шүү” хэмээх хохирогчийг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан гэж мэдээлэгдэж байв. Тэгэхээр баруун хязгаарт нам, үндэстэнээрээ талцан муудалцаж энэ нь буун дуу гаргахад ч нөлөөлсөн  гэх хардлага сүүлийн үед бий боллоо. Учир нь Баян-Өлгий аймагтай холбоотой албан тушаалтан, тагнуул,цагдаатай холбоотой мэдээлэл сүүлийн хэдэн өдөр  тасрахгүй байгаа явдалд орон нутгийн хуулийнхан эдгээр мэдээллийг нуун дарагдуулж байна уу гэж сэрдхэд хүргээд байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж