Улсын бүртгэлийн хураамжийг багасгажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Улсын бүртгэлийн хураамжийг багасгажээ

Улсын бүртгэлийн үйлчилгээний хураамжийг шинэчлэн тог­тоох ажлын хүрээнд «Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай» хууль батлагдан гарчээ.  Энэхүү хууль тогтоомжийг энэ сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн бөгөөд Улсын бүртгэлийн 128 төрлийн үйлчилгээнд үйлчилгээний хөлс авдаг байсныг 86 болгон бууруулсан байна. Тухайлбал, өмнө нь иргэний үнэмлэх авахын тулд 4-5 шат дамжлаг дамжин зургийн баталгаа­жилт хийлгэх, тэмдэг­тийн хураамж, үнэмлэх, маягтын үнэ зэргийг ту­шаадаг байсныг нэг газарт өгөх юм байна.

Мөн гадаад пас­портыг өмнө нь 1, 2, 3, 4, 5 жилийн сонголттойгоор олгодог байсан бол одоо зөвхөн нэг юмуу таван жилээр авах хоёр л төрлийн сонголттой болжээ. Нэг жилээр авахад 22 мянга  500 төгрөг, таван жилээр авахад 32 мянга 500 төгрөг, харин яаралтай бол үйлчилгээний хураамж дээр нэмж 10 мянган төгрөг төлөх аж. Хаясан үрэгдүүлсэн тухайд захиргааны хариуц­лагын тухай хуулийн дагуу 40 мянган хүртэл төгрөгөөр торгоно. Мөн өмнөх гээсэн паспортыг хүчингүй болгоход 2500 төгрөгийн хураамж төлж байсан бол одоо төлбөргүй болсон байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжихэд урьд нь гурван шатлалаар 13 мянгаас 65 мянган төгрөг төлдөг байсан бол одоо үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс хамаарч 0.01-0.015 хувийн хуурамж төлөх аж.  Тухайлбал, иргэн 10 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө худалдахад 13 мянга 500 төгрөг төлдөг байсан бол одоо шинэчлэгдсэн үнээр 1000 төгрөг төлдөг болж буурчээ. Харин барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн 0.1 хувьтай тэнцэх үнэ хөлс авдаг байсныг 50 хувиар бууруулсан байна.

Үл хөдлөх эд хөрөнгө болон улсын бүрт­гэлийн үйлчилгээний үнэ, хураамжийг ийнхүү бууруулж, олон шат дамжлаг дамжин төлбөр хураамж төлдөг байсныг болиулснаар иргэдийн өмчлөх эрхийг хамгаалах, эд хөрөнгийг бүртгэж баталгаажуулах, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нэмэгдүүлжээ. Түүнчлэн иргэдэд төрийн үйлчилгээг ойлгомжтой, нэг цэгээс шуурхай хүргэх нөхцөл бүрдээд зогсохгүй иргэдийн ажлын цаг завыг хэмнэсэн ажил болж байгаа аж.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж