Арван мянгаар Хумс засч байхад мухар олгойн хагалгаа төлбөргүй

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Арван мянгаар Хумс засч байхад мухар олгойн хагалгаа төлбөргүй

Манай улсын иргэд гадаад улс оронд  оношлогоо, эмчилгээ хийлгэх нь жилээс жилд нэмэгдэж байна. Гадаад улс оронд өндөр үнээр эмчилгээ хийлгэх нь үр дүнтэй эсэх, эх орондоо эмчлүүлэх ямар боломж байгаа талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Г.Соёлгэрэлтэй ярилцаа.

-Сүүлийн үед гадаадад эмчлүүлэх иргэ­дийн тоо өсөх хандлагатай байна.  ЭМЯ-д энэ төрлийн хүсэлт их ирдэг үү?
-Үнэхээр гадаад улс оронд эмчлүүлэх хүсэлтээ манай яаманд ирүүлсэн  иргэдийн тоо жил тутам өсч байна.  Өнгөрөгч онд л гэхэд 140 гаруй  хүн манай яаманд хандсан байгаа. Гэхдээ эдгээр иргэд нь голдуу гадаадад явах зардал хүсдэг  л дээ. Түүнчлэн одоогоор дэлхий дахинд бүрэн төгс эмчилж чадахгүй байгаа өвчин эмчлүүлэхээр хүсэлт ирүүлэх нь цөөнгүй. Мөн Монголдоо эмчлэх боломжтой өвчнийг эмчлүүлэх хүсэлт ч ирдэг. Гэтэл Эрүүл мэндийн яаманд гадаадад эмчлүүлэх хүсэлтийг хүлээн авах  эмчилгээний төсөв  байхгүй шүү дээ.

-Жилд дунджаар хэдэн хүн гадаад улс оронд эмчилгээ хийлгэхээр явж байна?
-Чухам хэдэн хүн явж байгааг хэлж мэдэхгүй байна. Учир нь манайд  хандаагүй иргэд өөрсдийн зардлаар гадаадын  эмнэлэгт очих тохиолдол олон. Зарим хүмүүс ажлаар явахдаа ч өвчнөө  оношлуулж,  эмчилгээ хийлгээд ирдэг. Санхүүгийн боломжтой нэг нь толгой өвдлөө гээд  гадаадад очиж тархины зураг авахуулаад ирэх тохиолдол ч байдаг л юм билээ.Ихэвчлэн Хятад, Солонгос, Япон, Орос зэрэг орон руу явдаг. Яамны шугамаар бол жилдээ 140 гаруй хүн ханддаг 10 гаруйхан хувь нь гадаадад зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагад нийцдэг л дээ.

-Иргэдэд ямар тохиолдолд гадаадад эмч­лэхэд Эрүүл мэндийн яам дэмжлэг үзүүлдэг вэ?
-Эмнэлгийн дүгнэлтээр гадаад оронд эмч­лүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд  Эрүүл мэндийн яамнаас гадаадын эмнэлгүүдэд уламжлах  Монголд ирж буй өндөр мэргэжлийн эмч мэргэжилтнүүдэд үзүүлж зөвлөгөө авах, цаашлаад эмчилгээний асуудлыг шийдэх, Сангийн яаманд хандаж нэг удаагийн тэтгэлэг олгох зэргээр  дэмжлэг үзүүлэх боломж бий.

-Тухайлбал ямар ямар өвчин яамнаас үзүүлж байгаа дэмжлэгт хамрагдах уу?
-Гадаад улс оронд эмчилгээ хийлгэх шаардлагатай өвчний жагсаалт гэж бий. Тухайлбал зүрхний хүнд хэлбэрийн өвчлөл, тархины зарим хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах, чөмөг шилжүүлэн суулгах зэрэг цөөхөн тохиолдолд яам  дэмжлэг үзүүлнэ. Хавдрын хувьд эмчлэгдэх боломжтой, нойр булчирхай, чих хамар хоолой, сонсгол мэдрэлийн хавдар, нугас, нугасны ёзоорын хавдар гэх мэт. Гэтэл манайд хандаж буй иргэдийн дийлэнх нь үүнээс өөр төрлийн өвчнөөр  өвчилсөн  юм уу хорт хавдрын гуравдугаар төвшинд очтолоо хүндэрсэн байх нь түгээмэл.

-Гадаадад гарч эмчлүүлэх сонирхлын шалтгаан юу  байна. Үнэхээр Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээ чанаргүй байна уу?
-Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Улс орны хөгжлийн төвшин  олон улсын төвшинд хүрээгүй. Жишээ нь  Япон улс Нано технологийг анагаах ухаанд нэвтрүүллээ.  Шинжлэх ухаан өндөр хөгжсөн багаж тоног төхөөрөмжөө өөрсдөө хийж байна. Гэвч энэ нь асар өндөр өртөг зардалтайг санах хэрэгтэй. Япон улсад эмчлүүлнэ гэх хүсэлт их ирдэг. Хамаг хөрөнгөө заран байж явтал тухайн өвчнийг эдгээхэд хүрэлцэхгүй байх жишээтэй. Тухайн улсын иргэдийн хувьд  эрүүл мэндийн даатгалд бүгд хамрагдаад эмчилгээний зардлын 70 хувийг даатгалаас иргэд 30 хувийг төлдөг. Манайд бол эрс өөр тогтолцоотой. Бараг бүх зардлыг төрөөс болон Эрүүл мэндийн даатгалаас төлдөг. Гэтэл зүрх , тархины мэс засал, эрхтэн шилжүүлэх  гэх мэт өндөр өртөг зардал шаардагдах эмчилгээнд энэ зардал нь хүрэлцдэггүй.

-Эмч нарын мэргэжлийн ур чадвар хангалтгүй байна гэдэгтэй санал нийлэх үү?
-Өндөр мэдлэг, ур чадвартай эмч хангалтгүй байгаа нь үнэн. Нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх дэлхий нийтийн стандарт гэж бий. Монгол улс  эмч мэргэжилтнүүд болон сувилагчдаа  энэ жишигт  нийцсэн боловсрол олгох  ёстой.   Өндөр хөгжилтэй оронд жишээ нь  бөөрний эмч болохын тулд  анагаахын сургуулиа төгсөөд гурван жил сурч дотрын эмчийн мэргэжлийг  эзэмшсэний  дараа  бөөрний чиглэлээр  2-3 жил сурч байж энэ  мэргэжлийг эзэмшдэг.  Жинхэнэ шүүсийг нь шахаж байж нарийн мэргэжлийн эмч болгож байгаа юм.  Энэ хирээрээ чанартай тусламж  байх болно.  Ийм боловсролтой эмч мэргэжилтэн  хаана ч хүлээн зөвшөөрөгдөж  ажиллах боломж нээгддэг. Гэтэл манай анагаахын сургууль төгсөгчид олон жил сурахыг  хүлээн зөвшөөрдөггүй суулт хийж,  төр засагт  хүсэлт гаргасаар байгаад товчилж монголчлох гээд байх тал бий. 

-Нөгөө  талаасаа иргэд улсынхаа эрүүл мэндийн салбарт итгэх итгэл алдраад байна уу даа?
 -Үнэхээр илүү  оношлогоо, эмчилгээ авч байгааг үгүйсгэх аргагүй.  Өнөөдөр иргэдийн сэтгэл зүй, хандлага гадаадад  л очвол бүх өвчнийг эмчилнэ гэдэг болчихоод байна л даа. Гэлээ гэхдээ улсынхаа эрүүл мэндийн салбарт  итгэх хэрэгтэй болов уу. Маш их мөнгө зарцуулаад Монголд л оношилсон онош гарах нь бий. Бас  өвчин сүүлийн шатандаа орж аль ч улс оронд эмчлэх боломжгүй байхад гэр орноо зарах тохиолдол энүүхэнд. Жишээ нь аль нэг улсад явж эмчлүүлэхэд 10 мянгаас наян мянган ам доллар зарцуулдаг гэж сонссон. Гэхдээ гадаадад эмчлүүлэх нь буруу гэж байгаа юм биш л дээ. Үнэхээр манай улсын эмнэлгийн хүчин чадлаас давсан,  аль нэг улсад амжилттай эмчлэгдэж байгаа  өвчнийг  эмнэлгийн дүгнэлтээр  гадаадад  оношлуулж эмчлүүлэх хэрэгтэй. Жишээ нь: Чөмөг шилжүүлэн суулгах, тархины зарим мэс засал гэх мэт.

-Цаашид ч гэсэн гадаадад эмчлүүлэхээр явах хүмүүсийн цуваа тасрахгүй байх гэж бодож байна ?
-Үүнд бодлого баримтлах нь чухал. Дэлхийн төвшинд хүрсэн оношлогоо эмчилгээ хийдэг болоход төрөөс хөрөнгө мөнгийг  харамгүй зарцуулах хэрэгтэй. Энэ нь гадаад улс руу гарч байгааг олон зуун  сая төгрөгийг өөрийн оронд зарцуулж, иргэдээ эх оронд нь эмчлэх боломж нээгдэнэ. Нэг жишээ дурдахад, Малайзын ерөнхий сайд асан Мохатир гэгч  хүн эмч мэргэжилтэй. Зүрхний эмчилгээ хийлгэх  шаардлагатай болоод эмч нар нь АНУ –д явуулж эмчлүүлэх гэхэд Малайзад  АНУ-ийнх шиг Зүрхний төвийг өөрийн орондоо  байгуулж эмчлүүлсэн гэдэг.  Түүний байгуулсан Зүрхний төвд өнөөдөр гадаад улс орны иргэд ирж эмчлүүлдэг болсон. Үүнтэй адил эх оронч сэтгэл дутаж байгаа юм шиг санагддаг.

-Өөр ямар арга зам байна вэ?
-Манайд хийх өндөр өртөгтэй онош эмчилгээний төлбөрт Эрүүл мэндийн даатгалаас  олгох зардлыг нэмэгдүүлэх замаар гадаад руу яваад байгаа  зардлын эх үүсвэрийг ч Монголдоо оруулах  хэрэгтэй байгаа юм. Түүнчлэн анагаах ухаанд үнэхээр амжилт гаргасан, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлсэн, гадаадад эмчилдэг өвчнийг дотооддоо эмчилж байгаа мэргэжилтнүүдийг  тамирчдаас дутуугүй  үнэлж,  урамшуулах  тогтолцоотой болохгүй бол олон сайн эмч нараа жирийн нэг төслийн ажилтан болгож алдаад байна.  Хумс засах ажилбар 10000 төгрөгийн  үнэтэй  байхад мухар олгойн мэс засал үнэ төлбөргүй хийж хүний амь аварч байна. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж