Мэдээлэл авах эрхэд хэн халдав

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Мэдээлэл авах эрхэд хэн халдав

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтүүдийн дунд буюу УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн 53.2, 53.4 дэх хэсэгт хэвлэл мэдээллийн дуу хоолойг хорьсон, мэдээлэл авах эрх чөлөөний эсрэг агуулга бүхий заалт орсон юм. Төр засгийн бодлого, үйл ажиллагааг ард түмэнд хүргэх гүүр болсон энэ үйл ажиллагааг хязгаарлах хуулийн заалтад гишүүд хэрхэн хандаж, ямар байр сууринаас хандсаныг сонслоо. Хачирхалтай нь асуултад хариулсан гишүүдийн ихэнх нь энэ хуулийн заалтыг эсэргүүцсэн хэмээн байрь сууриа илэрхийлсэн юм. Тэдний хэлж байгаа үнэн юм бол энэ хуулийг хэн баталчихав аа.

С.Бямбацогт:

-Байнгын хорооны хурлыг хаалттай болгохыг дэмжихгүй байгаа. Харамсалтай нь хууль баталсан өдөр чуулганы танхимд би байгаагүй, саналаа өгч чадаагүй. Ер нь өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр төр засгийн бодлого шийдвэр, тогтоолыг ард иргэдэд хүргэж байх хэрэгтэй. Энэ нь эргээд ард түмэнд ашигтай, хортой гэдгийг тэд хараг л дээ. Үүнийг байнгын хорооны хуралд суухгүй байж байгаад шууд чуулганы нэгдсэн хуралдаанд суугаад асуудлаа хэр зөв бодит байдлыг харж, асуудлыг олон нийтэд хүргэх вэ. Ард түмнийг төр засагтай холбох хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн мэдээлэл авах эрхийг ингэж хаах нь буруу гэж үзэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулж бид төр засгийн бодлогоо ард иргэддээ хүргэх ёстой.

Ц.Батбаяр:

-Байнгын хороон дээр хамгийн гол асуудлууд яригддаг шүү дээ. Тэгэхээр мэдээлэл авах боломж аль болох нээлттэй байх ёстой. Тэр хамгийн чухал хэсэг дээр сонгосон гишүүн нь юу ярьж байгааг ард түмэн шууд харж байх шаардлагатай. Ер нь л хаалттай юм бүхний ард онцгүй зүйл буглаж байдаг шүү дээ. Энэ асуудал дээр Ерөнхийлөгч хориг тавьбал дэмжинэ. Ер нь энэ УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар байнгын хорооны хурлыг хаалттай болгоно гэдгийг би мэдээгүй байсан. Уг хуулийн төслийг хэлэлцэж байхад ийм зүйл ерөөсөө яригдаагүй. Хэн хаанаас оруулаад ирсэнийг нь мэдэхгүй байна.

Ш.Сайхансамбуу:

-Өнгөрсөн сарын 31-нд сэтгүүлчдийг байхгүй үеэр энэ асуудлыг оруулж ирсэн л дээ. Би үүн дээр хэлсэн шүү дээ. Наад хууль чинь тэртэй тэргүй хэрэгжихгүй. Камер хараад улс төр хийгээд шоу хийдэг хүмүүс тэртэй тэргүй шал дэмий шахуу энэ хуулинд чинь захирагдахгүй гэж хэлсэн л дээ. Одоо байгаа хуулиа л мөрдье. Би энэ нэмэгдэл хууль хэрэгжихгүй юм байна гэж хэлсэн. Энэ их удчихсан, микрафоны өмнө юу ярих вэ гэдгээ мэддэг, сонгогчдоос оноо очков авчихаар үгээ хэзээ, хаана хэлэх вэ гэдгээ эд нар чинь мэднэ шүү дээ. Сэтгүүлчдийн ажлыг заана, хязгаарлана гэж байхгүй. Энэ бол хэрэгжихгүй. Шоу хийдэг гишүүд хийдгээрээ

Х.Жекей:
Батлагдчихсан шүү дээ. Байнгын хороодын хурлыг шуурхай болгох үүднээс тийм  өөрчлөлт орж байгаа гэж бодож байгаа. Үүнийг олонхиороо батлачихсан. Чуулганы хурал дээр энэ нэмэлт өөрчлөлтийн цаад санаа нь сэтгүүлчдийг хаах, боох асуудал гэж яриагүй шүү дээ. 

З.Алтай:

-Би сэтгүүлчийнхээ хувьд буруу л гэж үзэж байна. Яаж мэдээлэл авах юм бэ. Бүх юм тэгсэн гэнэ лээ гэсэн хуурай мэдээлэл л болно шүү дээ. Угаасаа ч саналаа эсрэг өгсөн. Нэгэнт олонхиороо түрүү бариад ингэсэн бол би яалтай ч юм билээ. Хэн амбиц гаргаж байгаа хэн нь яаж байгааг бүгд л харж байгаа шүү дээ.  Бас сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг шүүнэ гэсэн юм оруулсан байна. Үүнийг Д.Дэмбэрэл дарга шүүх гээд байгаа юм уу, гишүүд тойрч сууж байгаад шалгалт авах юм уу. Бид нар чинь мэргэжлийн ур чадварын шалгалтаа өгөөд сэтгүүлч гэдэг дипломоо авчихсан хүмүүс. Би байнгын хороо энэ тэр дээр хэлж л байсан. Сэтгүүлчдийн асар их эсэргүүцэлтэй тулна. Тэднийг маань нэг өрөөнд адуу шиг хоричих юм уу, наадах чинь болохгүй гэж зөндөө л хэлсэн. Сэтгүүлчид хамраа ухаж байхад нь гаргалаа гэж гомдоллож байна лээ. Яадаг юм бэ, яагаад болохгүй гэж хүн хамраа ухна уу, чихээ ухна уу тэр хүний асуудал шүү дээ. Нээлттэй нийгэм, нээлттэй парламент л юм бол ард түмэн харсаар ирсэн. Юуг нь хаах гээд байгаа юм бэ. Яах ёстой юм бэ гэдгийг бүгдээрээ ярьж байгаад л шийдье л дээ. Хэвлэл мэдээллийн салбарынхан гэж та бид шүү дээ. Түүнээс хэдэн захирал, эрхлэгч нар нь шийдвэрлэхгүй. Энд та бидний, нийт ард түмний эрх ашиг хөндөгдөж байна. Энэ дотор хоёр жил суухад сэтгүүлчид бидний асуудалд  саад болоод байгааг би ерөөсөө олж хардаггүй. Олон гишүүд та нарыг хараад сэтгэл нь хөөрөөд, дуу нь чангардаг шүү дээ. Өнөөдөр яагаад энэ бүхнийг байхгүй болгох гээд байгааг би ойлгохгүй байна.

Р.Раш:

-Хууль батлачихаад дараа нь муу яриад байх хэрэг  байхгүй байх. Гэхдээ нэг тиймэрхүү зүйл болох нь болчихсон шүү. Хоёр жилийн өмнө тус хуулийн тухай яригдаж байсан. Тэгэхэд УИХ-ын үйл ажиллагааг ард түмнээсээ нууна гэдэг нь хаашаа ч юм  хэмээн би байр сууриа илэрхийлж байсан. Аль болох ил тод л байх юм бол янз бүрийн хов живгүй тунгалаг талдаа мэдээлэл гарна гэж бодож байна.Сэтгүүлчдийг байнгын хороодын хуралд оролцуулж байх нь зөв гэж бодож байна. Ер нь дэгийн тухай хуулийн хэд хэдэн төсөл орж ирсэн. Тэднийг базаж нийлүүлж байгаад дундаас нь саяын хувилбараар баталсан. Сэтгүүлчдийн талаар ярьсныг сайн мэдээгүй. Хамгийн гол нь гишүүн хэвлэлийнхний өмнө өөр зүйл ярьдаг гэсэн  зүйл хамгийн гол нөлөөлсөн.

Д.Дамба-Очир:

УИХ-ын дэгийн тухай хуулийг нэг их сайн ойлгохгүй сууж байна.УИХ-ын гишүүд ч гэсэн ямар ч үг хэлэх эрх байхгүй болчихсон байна билээ. Сэтгүүлчдийн асуудал болон гишүүдийн яах ёстойг ч сайн ойлгохгүй байгаа болохоор тус хуулийг дахин нэг харах ёстой юм болов уу гэж бодож байна. УИХ-ын гишүүд  асуулт тавих үг хэлэх санал гаргахад маш төвөгтэй болчихсон байсан. Хэн нэгний эрх ашиг нөлөөлсөн эсэхийг сайн мэдэхгүй. Ер нь эргэж харах шаардлагатай хуулийн төсөл батлагдсан гэж бодож байна.

Д.Одбаяр:

-Ж.Сүхбаатар гишүүн  хэвлэлийн бага хурал хийгээд ойлгуулсан байх гэж бодож байна. Энэ бол олонхиороо шийдсэн асуудал. Гишүүдийн ажил хэрэгч талыг нэмэгдүүлэх үүднээс баталсан. УИХ-ын гишүүд телевизүүдийн дуран, сэтгүүлчдийг хараад онц шаардлагагүй цаг үрсэн болон улс төрийн талаа  хэт барьсан зүйл гишүүдийн байгаад байсан. Тийм зүйл байсан гэдгийг гишүүд өөрсдөө зөвшөөрсөн гэсэн үг.  Мэдээллийг хаасан зүйл байхгүй. Байнгын хорооны хурлын дараа мэдээлэл өгөх байх. Тамгын газрынхан мэдээлэл өгөх боломж гаргаж өгөх байлгүй дээ. Би өөрийгөө хамаагүй ярьдаг гишүүдийн тоонд багтахгүй байх гэж бодож байна. Харин Ерөнхийлөгч  хориг  тавих эсэхийг сайн мэдэхгүй байна. Харж байж болно.

УИХ-ын гишүүн Н.Ганбямба:

-Байнгын хорооны хурал сэтгүүлчдэд ил тод нээлттэй байх ёстой. Учир нь олон түмэнд байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан нээлттэй хүрч байх хэрэгтэй. Байнгын хорооны хурлаар ямар асуудал  хэлэлцэж хэрхэн шийдвэр гарсан гэдэг нь олон түмэнд нээлттэй байх хэрэгтэй.Тэр утгаараа олон түмэнд  мэдээллийг хүргэж хүртээж байдаг хэвлэлийнхнийг байнгын хорооны хуралд нээлттэй суулгах нь зөв. Хааж боогоод байх ямар ч шаардлага байхгүй байх.

А.Тлейхан:
-Хуулийг батлахад би байсан. Гурван багц хуулийн төслийг удаан хугацаанд ярьж, нэгтгэж  гаргасан. Бидэнд ч, тулгарах бэрхшээл  бий, гэхдээ олонхиороо шийдсэн. Хурлыг шуурхай явуулах зорилгоор л баталсан. Мэдээлэл авах эрх нээлттэй сэтгүүлчдийн хувьд. Парламентын суваг цацагдаж  байгаа. Харин хажууд нь байж сонсоогүй гэж ярьдаггүй л юм бол.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж