– Та өмнө улс төрийн намын тухай хуулиар Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан. Гэтэл одоо Дээд шүүхэд хандах болсон шалтгаан юу вэ?
-Тийм. Би 2010 оны арванхоёрдугаар сарын 27-нд Үндсэн хуулийн цэцэд Улс төрийн намын тухай хуулийн 15.6 дахь заалтын зарим хэсэг Үндсэн хууль зөрчсөн байна гэж хандсан. Гэвч надад Үндсэн хуулийн цэцээс цэцийн тухай хуулийн 9.2 дахь заалтын дагуу үндэслэл бүхий хариуг өгч чадаагүй. Иймд гомдлоо нэгдүгээр сарын 06-ны өдөр гаргасан бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хуулийн дагуу хоёрддугаар сарын 6 гэхэд ямар нэгэн мэдээ өгөх болов уу гэж найдаж байсан. Гэтэл надад хариу ирүүлээгүй учраас Үндсэн хуулийн цэцээс өргөдлөө татаж авсан.
-Яагаад?
-Үндсэн хуулийн цэц “Иргэд төрийн албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хуулийн” 16-г үндэслэн надад хариу ирүүлэх ёстой байсан. Мөн бага суудлын хуралдаанд оруулах шийдвэр гаргасан бол цэцийн гишүүн нэг сарын дотор бага суудлын хуралдаанд оруулах тогтоол үйлдэх ёстой байсан. Үндсэн хуулийн цэцэд хандахад цэцийн гишүүн Л.Мөнхгэрэл нэгдүгээр сарын 11-нд буюу цэцэд өргөдөл гаргаснаас хойш тав хоногийн дараа авсан байсан. Иймд хоёрдугаар сарын 11-ний 18 цаг гэхэд бага суудлын хуралдаанд шилжүүлсэн тогтоол гарсан эсэх, хэрэв тогтоол гарсан бол тогтоолын дугаартай танилцах боломжийг хүссэн авч надад ийм боломжийг олгоогүй. Тиймээс аргагүй эрхэнд татсан шалтгаанаа дурьдаад өргөдлөө татан авсан.
Тэгвэл Дээд Шүүхэд ямар зорилгоор хандсан юм бэ?
– Дээд Шүүх хууль тайлбарлах цорын ганц эрх бүхий субъект. Улс төрийн намын тухай хуулийн 15.4-д “Улс төрийн намын тухай хуул”-ийн 6.3-ыг баримтлан шийдвэрлэх ёстой гэж заасан байдаг. Мөн 15.6-д нэрийг өмчлөх ёсгүй гэж заасан байгаа. Гэтэл Улс төрийн намын тухай хуулийн 6.3 дахь заалт аль эрт хүчингүй болсон. Хүчингүй болсон заалтыг хэрхэн хэрэглэх ёстойг Дээд шүүх тайлбарлах үүрэгтэй. Хэрэв энэ хууль нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж байгаа бол тухайн маргааны талаар бус маргаан үүсгэж буй хуулийн заалтын талаар шийдвэр гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандах ёстой. Миний мэдэхээр манай оронд иймэрхүү практик бараг байгаагүй. Тиймээс иргэдийн улс төрийн эрх эрх чөлөөгөө эдлэх баталгаа болсон Дээд шүүх, Үндсэн Хуулийн Цэцийн зүгээс уг хуулийн заалтыг нэг мөр болгоосой гэж иргэн хүний хувьд би бодож байна.
-Дээд шүүх хуулийн дагуу таний өргөдөлийг хэдий хугацаанд шийдвэрлэх ёстой вэ?
Х: Шүүхийн зүгээс иргэний өргөдлийг дээр дурьдсан хуулийн ерөнхий журмыг баримтлан шийдэх болов уу. Гэвч одоо бол онцгой нөхцөл байдал үүсээд байгаа. Улс төрийн нэг хүчин бүртгүүлэхээр иргэд нийлэн Улсын Дээд шүүхэд хандсан. Шүүхийн зүгээс ердийн маргааныг авч хэлэлцдэг журмын адилаар уг асуудалд хандах ёсгүй. Учир нь Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн дагуу Дээд шүүх нь бүртгэх байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасан. Энэ утгаараа шүүхийн чиг үүргийн хажууд захиргааны байгууллагын чиг үүрэг Улс төрийн намыг бүртгэхтэй холбогдон давхар үүсдэг гэж ойлгож болно. Нэгэнт захиргааны байгууллагын чиг үүргийг давхар эдлэж буйн хувьд мөрдөгдөж буй хуулийг үгчилэн хэрэглэхээс илүүтэйгээр хуулиар олгогдсон боломжынхоо бүхий л хүрээнд санаачлага гарган хуулийг тайлбарлах, , хэрэв хэрэглэх гэж буй хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчисөн шинж бүхий байвал Дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хандан заалтыг хүчингүй болгуулах зэрэг алхамыг давхар хэрэгжүүлэх ёстой. Энэ ч утгаар нь би Дээд шүүхэд хүсэлт, өргөдөлөө өгсөн.