Аршавин “Их буучид”-д ялалт авчирлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Аршавин “Их буучид”-д ялалт авчирлаа

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хасагдах шатны ээлжит хоёр тоглолт өнгөрсөн шөнө Английн нийслэл Лондон дахь “Эмират” цэнгэлдэх болон Италийн Ром хотын Олимпийн цэнгэлдэхэд боллоо.

Шөвгийн 16-д “Арсенал” болон “Барселона” багууд хоорондоо таарсан нь энэ жилийн Аваргуудын лигийн чимэг. Өнгөрсөн жил дөрөвний нэг шигшээд учирч байсан хоёр багийн эхний тоглолт “Будант Албьон”-ы нийслэл хотноо өрнөж, Робин ван Перси, Андрей Аршавин нарын гоолын ачаар 2:1 харьцаатай талбайн эзэд ялалт байгуулжээ. Тоглолтын 26 дахь минутад Давид Вилья гоолдсоноор “Барса” тоглолтыг тэргүүлж эхэлсэн бөгөөд дахиад ч гоол оруулах боломж нэг бус удаа тохиосон. Гэхдээ талбайн эздээс Ван Перси Гейл Клишегээс дамжуулалт хүлээн авч, 78 дахь минутад Виктор Валдесийн хаалганд тэнцээний бөмбөгийг оруулсан байна. Харин Аршавин гоолоос хойш ердөө таван минутын дараа Самир Насригийн дамжуулалтыг шууд цохиж, багтаа ялалт авчирчээ. Каталаны баг тэнцээний төлөө зүтгэсэн ч “Их буучид”-ын хамгаалалтыг сэтэлж чадаагүй юм. Тоглолтын дараа “Арсенал”-ын босс Арсень Венгер “Хоёр онцгой багийн хооронд өрнөсөн сайхан тоглолт байлаа. Тоглолтын үеэр бид хүнд байдалд орсон ч огтхон ч бууж өгөөгүй” хэмээн ярьжээ.

Харин түүний өрсөлдөгч Пеп Гуадиола өөрийнхөө талбайд хийх хариу тоглолтод тоглолтын хувь заяаг эргүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Гуардиола “Бид Ноу Кэмпт хийх хариу тоглолтод яг өнөөдрийнх шиг боломж бий болгож чадвал талбайдаа хожих болно. Нээлттэй тоглолт болох байх аа. Хэдийгээр бид өнөөдрийн тоглолтод хожигдсон ч хариу тоглолт гэж юм бий шүү дээ” гэсэн байна.

Мөн өнгөрсөн шөнө Украйны “Шахтёр Донецк” болон Италийн “Рома” багууд Ром хотын Олимпийн цэнгэлдэхэд тоглож, 3:2 харьцаатай талбайн зочид ялалт байгуулжээ. Перротта гоолын салхийг хагалж, талбайн эзэн багт тэргүүлэл авчирсан ч “Шахтёр”-оос Бразилын Жадсон, Дуглас Коста, Луис Адриано нар 12 минутын дотор гоолдож, тооны харьцааг 3:1 болгосон байна. Улмаар тоглолтын хоёрдугаар хагаст “Рома”-гийн Менез тооны харьцааг ойртуулсан ч дахиж гоол орсонгүй, хоёр багийн эхний тоглолт 3:2 харьцаатай “Шахтёр”-ын давамгайлал дор өндөрлөжээ.

“Арсенал” “Барса”, “Шахтёр”, “Рома” багуудын хариу тоглолт гуравдугаар сарын 8-нд болно. Харин шөвгийн 16-гийн үлдсэн дөрвөн тоглолт энэ сарын 22, 23-нд болно. 22-нд “Лион” талбайдаа “Реал Мадрид”-ыг хүлээн авах бол “Челси” Данид очиж, “Копенгаген”-ы талбайд зочилно. Харин 23-нд “Интер Милан” vs “Баейрн Мюнхен”, “Марсель” vs “МанЮ” гэсэн сонирхолтой тулаан Европын ногоон талбайд өрнөнө.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж