Намын даргатайгаа хамтарч ажиллана гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Намын даргатайгаа хамтарч ажиллана гэв

АН-ын дарга Н.Алтанхуяг өнөөдөр Ээлжит бус хурал хуралдуулах хөдөлгөөний зохицуулагч  Т.Хасбаатар тэргүүтэй намын залуу гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр АН-ын дарга Н.Алтанхуяг ээлжит бус хөдөлгөөний гишүүд болон намын удирдлагын хооронд үүсээд байгаа үл ойлголцолд цэг тавьж намын ЕНБД Д.Эрдэнэбатын тус хөдөлгөөний төлөөлөгчидтэй үзэглэсэн санамж бичигт хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлж хүчинтэй хэмээн мэдэгдлээ.

Тус санамж бичигт  АН-ын ҮЗХ-ны өнгөрөгч 11-р сард хуралдсан хурлаас гаргасан “Монгол хүн -2020” эдийн засгийн цогц хөтөлбөрийг 2011 ондоо багтаан ард түмнээрээ хэлэлцүүлж, 2012 оны сонгуулийн өмнө ээлжит бус хурлыг хуралдуулах асуудлыг ҮЗХ-ны хурлаар хэлэлцүүлэх,  Монгол Улсын Үндсэн хуульд УИХ, ЗГ, орон нутгийн удирдлагын талаарх эрх зүйн зохицуулалт шаардлагатай зүйл заалтуудад өөрчлөлт оруулах асуудлуудыг  УИХ дахь Ардчилсан намын бүлгээр дамжуулан хэлэлцүүлэх зөвлөмжийг намын Гүйцэтгэх Зөвлөлөөр уламжлах гэсэн заалт орсон бөгөөд үүн дээр АН-ын удирдлагууд санал бодлын зөрүү байхгүй гэдгээ мэдэгдэж намын их хурлыг дүрмийнхээ хүрээнд 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө хийхээр тохирлоо.

Харин Ээлжит бус их хурал хөдөлгөөний зохицуулагч Т.Хасбаатар энэ үеэр “Бид намынхаа удирдлагуудтай олон асуудал дээр ойлголцохгүй явж өнөөдрийг хүрсэн боловч бидний тавьсан асуудлын гол мөн чанарыг манай намын удирдлага хүлээн авч байгаа нь хойшид улс төр нийгмийн амьдралд шинэ өөрчлөлтүүд гарна гэсэн итгэлийг бидэнд өгч байна. Ямар ч нөхцөл байдалд Ардчилсан нам ард түмнийхээ талд байна. Түүний төлөө ажиллах болно” гэж хэллээ. Тэрээр мөн АН-ын дарга Н.Алтанхуягтай 2012 оны сонгууль хүртэл идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийлээд намын даргыг шинэ оноор хэд хэдэн санал асуулгаар шилдэг улс төрчөөр шалгарсанд баяр хүргэж цэцгийн баглаатай ирсэнээ энэ үеэр бэлэглэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж