
Хуралдааны эхэнд Баянхонгор аймгийн Ардчилсан намын дарга Д.Жаргалсайхан “Аймгийн ИТХ-ын энэ удаагийн хуралдаан нь Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн жилд болж байгаагаараа онцлогтой юм. Баянхонгор хот өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэг, орон сууц, үйлчилгээний барилгууд олноор баригдаж, хатуу хучилттай зам, талбайнуудын хэмжээ нэмэгдэж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслийн хүрээнд ч олон ажлын байрууд шинээр бий болж байна.Гэхдээ бүх зүйл сайн сайхан биш байгаа гэдгийг ч бас хэлмээр байна. Дэлхий нийтэд нүүрлэсэн эдийн засгийн хямралын сүүдэр манай аймагт ч хүнд туссан. Ажилгүйдэл ядуурал буурахгүй байна. Орон нутагт дорвитой ажлын байр гарахгүй байна. Шилжилт хөдөлгөөн их байна. Олон жижиг бизнесүүд хаалгаа хаахад хүрч байна. Байгаль дэлхий улам бүр цөлжиж, олон сум багийн нутаг элсэнд хучигдахад хүрээд байна. Нийгэмд эдийн засгийн дорвитой өсөлт, хангалттай орлого, хуримтлалыг зөвхөн үйлдвэржилт, түүнийг дагасан ажлын байр л авчирч чадна. Энэ нь ардчиллын эдийн засгийн баталгаа болно. Та бидний хамтран хэрэгжүүлж байгаа мөрийн хөтөлбөр хэрэгжиж дуусахад богинохон хугацаа үлдэж байна. Чинээлэг иргэдтэй, чинээлэг хонгор нутгийн төлөө хамтдаа урагшилцгаая“ гэлээ.