Чөлөөтийнхөн ирэх долоо хоногт ОХУ-ыг зорино

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн ирэх долоо хоногт ОХУ-ыг зорино

Монголын чөлөөт бөхийн тамирчид ирэх долоо хоногт ОХУ-ыг зорих гэж байна. Үндэсний шигшээ багийн тамирчдаас гадна клуб, спорт хороодын тамирчдаас бүрдсэн баг тамирчид ОХУ-ын Красноярск хотноо энэ сарын 10-16-ны өдрүүдэд болох Д.Г.Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцох бөгөөд үргэлжлүүлээд 27-30-ны өдрүүдэд мөн Красноярск хотноо Иван Ярыгины нэрэмжит олон улсын тэмцээнд зодоглох ажээ. Түүнчлэн хоёр тэмцээний завсар буюу 16-26-ны өдрүүдэд Красноярск хотод олон улсын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр болсон байна. 2011 оны хамгийн эхний олон улсын чанартай томоохон тэмцээн болох ОХУ-ын домогт бөх, олимпийн хошой аварга, дэлхийн аварга Иван Ярыгиний нэрэмжит Алтан гран-при тэмцээнийг дуусгаад Монголын баг тамирчид Улан-Үдэ хотыг зорьж, хоёрдугаар сарын 5-8-ны өдрүүдэд болох Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцох ажээ.

Дашрамд сонирхуулахад, хойд хөршийг зорих Монголын баг тамирчдын бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар багтжээ. Германы бөхийн чөлөөт барилдааны Бундеслигт амжилттай барилдсан Б.Наранбаатар гавьяат маргааш эх орондоо ирэх бөгөөд удахгүй дахин хилийн дээс алхахаар болсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж