Монголын тамирчид Азийн өвлийн наадамд оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Монголын тамирчид Азийн өвлийн наадамд оролцоно

Казахстаны нийслэл Астана болон Алматы хотуудад Азийн өвлийн спортын VII их наадам нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 6-ны өдрүүдэд болох гэж байна. Азийн өвлийн наадамд Шар тивийн 45 орны 550 гаруй тамирчин спортын 11 төрөлд 69 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Харин Монголын баг тамирчид гүйлтийн цана, уулын цана, тэшүүр, хоккей, бэнди, оринтьеринг буюу зүг чиг олох гэсэн зургаан төрөлд 50 гаруй тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна. Монголын баг тамирчдыг МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ардын эмч Ж.Хатанбаатар ахлах юм.

Азийн өвлийн спортын VII их наадмын тэшүүр, хоккей болон уран гулгалтын тэмцээн Астана хотод болох бол бусад тэмцээн, уралдаан Алматыд болох юм. Сонирхуулахад, энэ жилийн Азийн өвлийн наадмын хөтөлбөрт анх удаа бэндигийн спорт албан ёсоор багтсан бөгөөд энэ төрөлд Монголын баг тамирчид амжилт гаргах боломжтой юм. Бэндигийн тэмцээнд манай улсаас гадна Казахстан, Киргизстан, БНХАУ болон Энэтхэгийн баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж