Шинэ оны эхний өдрөөс Эстони улс еврог албан ёсоор хэрэглэж, өөрсдийн мөнгөн тэмдэгт болох кроноо жагсаалаас гаргасан. Ингэснээр хуучин ЗХУ-ын гишүүн орнуудаас анх удаа еврог хэрэглэгчдийн эгнээнд элссэн улс болжээ. Эстони улсын хувьд 2004 онд Европын холбооны гишүүн болж байсан юм. Тус улсын Сангийн сайд Журген Лиги “Бид яг л далайд жижигхэн салаар яваа юм шиг байсан. Харин одоо том тавцан дээр гарсныхаа ачаар далайн шуурга гэх мэтийн эрсдэлээс айхгүй боллоо” гэжээ. Эстоничууд Евро бүсийг “том тавцан” хэмээн өргөмжиллөө.
Тус улс дахь хувийн хэвшилд олгосон зээл тусламжийн 90 гаруй хувийг еврогоор нэрлэж байгаа аж. Энэ талаар Лондонд төвтэй “TAM”-ийн шинжээч Агнес Белайск “Ингэснээр эстоничууд Евро бүсийн эрсдэлийг хувааж үүрч байна” хэмээн дүгнэжээ. Харин Эстонийн Ерөнхий сайд Андрус Ансип “Өнөөдөр Евро бүсийн нөхцөл байдал өчигдрийнхөөс дээрдсэн. Маргааш бүр сайжирна” гэсэн юм.
Эстони бол Балтын тэнгисийн орчимд байдаг гурван жижиг улсын нэг бөгөөд газар нутгийн байрлалын хувьд ч тэр Евро бүсэд нэгдэн ороход ашигтай хэмээн зарим шинжээч дүгнэж байна. Тус улсын өнөөгийн нөхцөл байдал хэдэн жилийн өмнөх Ирландтай төстэй юм. Ирланд улс 1973 онд Европын холбоонд гишүүнээр элсэх үедээ бүс нутгийн хамгийн ядуу орнуудын нэг байсан. Харин 1990-ээд оны эхээр “Майкрософт”, “Пфайзер” зэрэг компаниудыг 12.5 хувийн татвараараа татаж, гадны хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого явуулснаар эдийн засаг нь сэргэсэн гэж хэлж болно. Ирландын экспорт асар богино хугацаанд хурдтай нэмэгдэж, 2006 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь долоон хувьтай гарсан юм.
Европын холбоо гишүүн орнуудынхаа төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиас хэтрэхгүй байхыг шаарддаг. Эстони улс 1999 онд л ганц удаа энэхүү шаардлагыг хангаж чадаагүй аж. Европын комиссоос гаргасан тооцоогоор өнгөрсөн онд тус улсын дотоод өр дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувьтай тэнцжээ. Гэтэл Ирландад л гэхэд эдийн засаг хэт тэлснээс болж үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрөгдөл үүсч, өр нь дотоодын нийт бүтээгдэхүүний 97 хувьд хүрчихээд байгаа. Нийт эдийн засгийн хэмжээ нь 18 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа Эстонийн хувьд Ирланд анх Европын холбоонд нэгдэн орж байсан үеийнхтэй ижил нөхцөл байдалтай гэж дүгнэж болно. Ямартай ч тус улс Евро бүсийн орнуудаас эдийн засгийн хэмжээгээрээ зөвхөн Малтийн өмнө орох юм.
Европын холбоо, Олон улсын валютын сангаас Грект 110 тэрбум евро, Ирландад 85 тэрбум еврогийн санхүүгийн тусламж үзүүлсэн. Ерөнхийдөө бүс нутгийн байдал тогтворгүй болж, хямралд өртсөнөөс хойш евро хэрэглэхийг зөвшөөрсөн анхны орон нь Эстони болж байгаа юм. Евро хэрэглэж эхэлснээр Эстонид ажлын байр шинээр нэмэгдэж, гадны хөрөнгө оруулалт ихсэн, бүс нутгийн хэмжээнд чөлөөтэй худалдаа явуулах боломжтой болно хэмээн албаны хүмүүс тооцож байна.
Харин Евро бүсийн удирдагчдын зүгээс энэ нь еврогийн тогтвортой байдлын баталгаа болсон нэг чухал алхам гэж дүгнэж болох юм. Грек, Ирландаас эхлээд Европын олон орон гадаад өрөндөө баригдаж, банкны хямралд автаад байгаагаас еврогийн нөхцөл байдал тааруухан болсон. Өнгөрсөн онд еврогийн ам.доллартай харьцах ханш нэлээд буурсан. Үүнээс болж экспортод түшиглэсэн Герман зэрэг ганц нэг оронд ашигтай нөхцөл байдал үүсч, харин ихэнх улсын Засгийн газрын бондын өгөөж нэмэгдсэн байна. Тиймээс “Евро удахгүй хэрэглээнээс гарна”, “Евро гэдэг ганц валют хэрэглэж байгаагаас бүхэл бүтэн бүс нутгийн эдийн засгийн ачаа дарамтыг Герман ганцаараа нуруундаа үүрч байна”, “Еврог хэрэглэхээ болих хэрэгтэй” гэх ижил агуулгатай эх адаггүй олон яриа шинжээч, ажиглагчдын дунд бий болсон билээ. Харин энэ үед еврод итгэж, Евро бүсийн бүрэлдэхүүнд нэг улс багтан орж байгаа нь яавч эерэг нөлөөтэй гэж үзэх эдийн засагч ч цөөнгүй байна.
Эстони улсын хувьд зах зээлээ өргөтгөх сонирхолтой байгаагаас гадна “Хуучин ЗХУ-ын орон” гэдэг нэрнээсээ салж, жинхэнэ утгаараа баруун Европын улс болоход чухал үүрэгтэй гэдгийг Засгийн газрын төлөөлөгчид нь нэг бус удаа ам алдсан юм.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин