Монгол ховор металл хийх хиймэл дагуул худалдана

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Монгол ховор металл хийх хиймэл дагуул худалдана

ОКИО. /ПРАЙМ-ТАСС/. Ховор металлын болон ураны хүдрийн шинэ орд газар хайх ажиллагааг түргэтгэхэд нь туслах зорилгоор Япон улс ажиглалтын хиймэл дагуулыг Монгол Улсад худалдахаар шийдсэн байна.

Энэ төслийг 2011 оны хоёрдугаар сард Японы Засгийн газрын болон ажил хэргийн хүрээний өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Улаанбаатарт айлчлах үеэр нарийвчлан хэлэлцэж зөвшилцөнө гэж Токиогийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлжээ.

Худалдах гэж буй хиймэл дагуул нь Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр NEC концернийн бүтээсэн, шинэ үеийн ASNARO аппарат юм. Түүний өртөг, тухайлбал, хөөргөх болон мэдээлэл хүлээн авах хийгээд боловсруулах зардал нийлээд 10 тэрбум иен /123,5 сая ам.доллар/ болно. Энэ хиймэл дагуул газар дээрх 50 сантиметр хүртэл хэмжээтэй объектын зургийг өндөр нарийвчлалтай авах чадалтай. Энэ нь геологи хайгуулын түвшнийг дээшлүүлж, газрын гадаргуугийн илүү нарийвчилсан зураг гаргахад тус болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Япон улс ойрын жилүүдэд Монголоос авдаг ховор металлынхаа хэмжээг ихэсгэснээр энэ талаар Хятадаас хамааралтай байдлаа багасгахаар төлөвлөж байгаа ажээ. Өнгөрсөн намар Токио, Улаанбаатарын хооронд тийм орд газруудыг хамтран ашиглах тухай хэлэлцээр байгуулсан байна. Тэрчлэн Монгол Улс үүрэн холбооны утасны операторуудынхаа хэрэгцээнд зориулан Японоос холбооны хиймэл дагуул авах сонирхолтой буйгаа илэрхийлжээ. Гадаад зах зээл дэх тийм аппаратыг сайжруулахад тусламж дэмжлэг үзүүлэх нь Японы эрх баригчдын гадаад эдийн засгийн бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг юм. Японы хиймэл дагуулыг захиалах магадлал өндөртэй орнуудын тоонд Казахстан улс орж байгаа тухай “Асахи” сонин бичжээ.

Эх сурвалж: "Dandaa.mn"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж