Тавантолгойн нүүрсийг экспортод гаргана

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Тавантолгойн нүүрсийг экспортод гаргана

Тавантолгойн нүүрс дэлхийн зах зээл дээр тун удахгүй буюу 1-2 сарын дараа гарч эхэлнэ. Улмаар энэ оноос эхлэн Монгол Улсын нийт иргэдэд уг ордын хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх ажлыг эхлүүлнэ. Одоогийн байдлаар нүүрс олборлох ажлыг эхлүүлэхээр хөрс хуулалтыг хийгээд байгаа аж. Энэ талаар  болон Тавантолгой нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын явц, хэрэгжилт, энэ онд хийх ажлуудын товч мэдээллийг Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ” компани, Засгийн газрын гишүүд өчигдөр танилцууллаа. Тавантолгойн нүүрсний ордын хувьцааны 10 хувийг иргэдэд үнэгүй өмчлүүлэх шийдвэрийг гаргасан. Мөн 10 хувийг нь үндэсний компаниудад эзэмшүүлж, олон улсын хөрөнгийн биржид 30 хүртэлх хувийг нь байршуулна. Ингэснээр үндэсний 47 мянга орчим аж ахуйн нэгж Тавантолгойгоос хувьцаа эзэмших бололтой.

Гэхдээ энэ эцсийн дүн биш. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгох хувьцааны нэгж үнэ нь төд гэдгийг одоо хэлэх боломжгүй байгаа аж. Хуралд оролцсон Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг эдгээр ажлуудын бэлтгэлийг шат, шатны байгууллагуудад хийж байгаа хэмээв. Ямартай ч өнгөрсөн оны сүүлчээр хийсэн Хүн ам, орон сууцны тооллогын нэгдсэн дүн гарсны дараа Монгол Улсын иргэдэд хувьцааг хэрхэн, яаж олгох асуудал илүү тодорхой болох гэнэ. Манай улсад иргэддээ хувьцаа тараагаад төдийлөн амжилт олоогүй, бүтэлгүйтсэн  түүх бий. Энэ удаад өмнөх алдаагаа давтахгүйн тулд тодорхой хугацаанд хувьцаагаа зарж, борлуулж болохгүй гэсэн шаардлагыг иргэдэд тавихаар төлөвлөж байгаа аж. Одоогийн байдлаар манай улсын иргэдээс 480 мянга орчим нь Үнэт цаасны төлбөр, тооцооны төв дээр данстай бөгөөд эдгээрийг шалгасны дараа Монгол Улсын насанд хүрсэн хүн бүрийн нэр дээр уг дансыг нээх аж. Ингэснээр иргэд хувьцаа эзэмшиж, үнэт цаасны зах зээлийн арилжаанд цахим сүлжээгээр дамжуулан оролцох боломжтой болно. Харин уг ажлын  бэлтгэлийг энэ оны нэгдүгээр улиралд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Гэхдээ иргэдэд хувьцаа тараах, олон улсын Хөрөнгийн бирж дээр байршуулах гээд Тавантолгойн ордыг тойрсон бүхий л ажлуудыг зохион байгуулах нь уг ажлыг удирдан зохион байгуулж буй хүмүүст амаргүй байгаа аж. Хөрөнгө оруулалтын банкууд, хуулийн зөвлөх компанийг шалгаруулах, нүүрсний ордоо барууны стандартаар үнэлэх, судалгаа хийх, аудит хийлгэх зэрэг бэлтгэл шаардсан ажил их байгаа хэмээн мэдээлсэн юм. Эдгээр ажлуудыг хийхэд олон улсын жишгээр бол 2.5 орчим жил шаардлагатай. Гэсэн ч Тавантолгой ордын хувьцааг олон улсын Хөрөнгийн бирж дээр нэн даруй гаргах нь Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй билээ. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар “Уг ажлыг яаравчлуулан нэг жилийн дотор хийж, гүйцэтгэх зорилт тавьсан” хэмээлээ.

Тавантолгойн олборлолтыг шууд хариуцаж хийх “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн охин компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр 15 тэрбум хувьцаатайгаар байгуулсан. “Эрдэнэс Тавантолгой” компа­нийн гүйцэтгэх захирлаар Авст­рали улсын иргэн ажиллах нь нэгэнт тодорхой болсон гэнэ. Одоогийн байдлаар хоёр талын хооронд яриа хэлэлцээр өрнөж байгаа аж. Дэлхийн олон уурхайд ажиллаж байсан, олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах туршлагатай австрали эрхэм манай талаас жилийн 300-400 мянган ам.долларын цалин хүсчээ. Харин манай талын холбогдох хүмүүс цалингийнхаа хэмжээг бууруулах санал хүргүүлсэн бөгөөд цаад талаас нь үүнийг бодолцож үзье гэсэн байна. Түүнчлэн Тавантолгой ордын Цанхийн зүүн хэсэг буюу “Эрдэнэс Таван толгой” уурхайг байгуулж ажлыг нь эхлүүлсэн. Уг уурхайд гэрээгээр олборлолтын ажил гүйцэтгэх гэрээт олборлогч компанийг сонгон шалгаруулах тендерийн ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа хэмээн “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш хэллээ. Мөн тэрбээр “Угааж, баяжуулсан нүүрс экспортод гаргах, түүхий нүүрс экспортлох хоёрын хооронд үнийн хувьд асар их ялгаа гарна. Тиймээс нүүрс угаах, баяжуулах үйлдвэр барих ажлыг нэн даруй эхэл нэ” хэмээсэн юм.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж