Сонгуулийн хуулийг сүүлчийн “шанс” болгох уу?

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг сүүлчийн “шанс” болгох уу?

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнгөрсөн хаврын чуулганаас ухраахдаа эрхэм гишүүд намрын чуулганаар төсвөө баталчихаад гялс хийтэл гаргачихна хэмээн амласан. “Ердөө тогтолцоон дээрээ л гацаад байна. Түүнийг тохирчихвол Сонгуулийн хууль өнөө маргаашгүй гараас гарна” гэсээр шинэ онтой золгочихлоо. Намар УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд тус бүртээ сонгуулийн холимог тогтолцоон дээр бараг тогтчихлоо хэмээж байсан ч эцсийн шийдвэрт өнөөг хүртэл хүрч чадаагүй л байна.

Харин шинэ жилийн сиймхийгээр УИХ-ын Дэгийн хуульд өөрчлөлт оруулж байнгын хороодын хуралдааныг хаалттай болгоод зогсоогүй УИХ дахь МАН-ын бүлэг ч албан бусаар уулзалдаж, сонгуулийнхаа тогтолцоог дахин ярилцаад амжсан дуулдана. Тэгэхдээ юун холимог систем, 2008 онд “тохирохгүй” гээд орхисон жижиг 76 тойрогтой мажоритар тогтолцоо руугаа буцахаар ярилцжээ. 2008 оны долдугаар сарын 1-ний дараа “Чухам энэ мажоритар тогтолцооноос салж, луйвар булхайгаас ангижиръя” гээд байсан улстөрчид одоо сүүлээ шарваж эхэллээ. “Уул үзэлгүй хормой шууж, ус үзэлгүй гутал тайлах” гэгчээр хэрэглэж үзээгүй холимог тогтолцооноос шантраад эхэлжээ, эрхмүүд.

Тэр нь хэд хэдэн шалтгаантай юм байх. Юуны өмнө өнгөрсөн оны арваннэгдүгээр сард намынхаа анхны нэрийг сэргээсэн МАН-ынхан холимог тогтолцоогоор сонгуульд орвол сонгогчид танихгүй будилж, өөр нам завшина гэсэн болгоомжлол дарга нарт нь төрсөн гэнэ. Дондов болсон Дорж гуайг Дондогтой андуурах гээд байна гэнэ л дээ. Нэг үгээр хэлбэл, пропорциональ элемент орсон холимог тогтолцоогоор сонгууль явуулбал МАН гэдэг нэрийг АН-тай хутгаж мунгинах сонгогч гарна хэмээн эмээжээ. Муугаар бодвол МАХН-ынхаа буурин дээр хоцорсон “этгээд”-үүд заргаа авч энэ нэрээрээ намаа бүртгүүлж гэмээнэ бүр мундраа хутгасан хэрэг мандана. Наян хэдэн жилийн турш амны уншлага болсон МАХН гэдэг нэрийг хараад МАН-тай эндүүрч санал өгөх нөхөд захаас аван гараад ирнэ. Сайтар мартагдсан хуучин атлаа шинэ нэрээ өөриймшүүлж амжаагүй явтал 2012 оны сонгууль хаяанд тулах гээд байгаа тул энэ мэт сэтгэл шаналгасан олон асуудал МАН-ын удирдлагын өмнө гарч ирж өмнөх тогтолцоо руугаа сарвайхаас аргагүй байдал үүсгэжээ.

Нөгөө талаас УИХ-ын 2012 оны сонгууль төр түших сүүлийн “шанс” нь болсон цөөнгүй эрхэм МАН-ын бүлэгт бий. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, дэд дарга Д.Дондог, сайд Ц.Нямдорж, эрхэм гишүүн Ч.Улаан, Р.Раш, Р.Буд, Н.Ганбямба гээд тоолбол олон болно. “Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэгчээр тэд 76 тойрогтой мажоритар системээрээ дасал болсон тойрогтоо зүтгэвэл дахин нэг бүрэн эрхийн хугацаанд төр түших боломжтой үлдэж мэдэх юм. Д.Дэмбэрэл дарга шиг 70 гартлаа эрийн шийр зааж парламентад суух аавын хүү тийм олонгүй учраас голсон хуучин тогтолцоо нь авралын од болж үзэгдээд байгаа бололтой.

МАН-ын бүлгийнхний энэ саналыг АН-аас дэмжих хүн цөөнгүй гэдэгт итгэлтэй байна. Наанаа “холимог нь дээр” гэж хоолой засчихаад цаанаа “мажоритар тогтолцоогоороо сонгуульдаж нутгийн амьтан, ах дүүгээс  арав таван санал чангаасан нь дээр байлгүй яахав” хэмээн ханцуйдаа залбирч суугаа эрхмүүд АН дотор байж л байгаа. Араасаа залгах дүү нараа азаргалсаар адилхан өтөлсөн өвгөдтэй болж явааг ч хэлэх үү. Бас л мажоритар систем аминд нь орж таарна. Нэмэрт нэмэр гэгчээр ҮШН, МУНН гээд парламентад сууж үзсэн, үзээгүй хэдэн нам нэгдэхээ яриад эхэллээ. ИЗН, Ногоон нам хоёр сүйгээ тавиад үндсэндээ нэг гэрт орчихсон. Айхгүй ч аягүй гэж тэднээс жийрхэх шалтгаан АН, МАН хоёрт бий. Пропорциональ элементтэй холимог тогтолцоогоор сонгуульдвал хүчээ нэгтгэсэн тэдгээр нам хэдэн суудал зулгааж, эвгүйдвэл эвсч байгаад УИХ дотор бүлэг үүсгээд авна. Жаахан дэгсдүүлбэл 2004 оноос хойш сөрөг хүчний бараа хараагүй АН, МАН хоёрт бөөн лай биз дээ. Тэгж суудал алдаж, цөөнх төрүүлж мундраа хутгаснаас ойролцоо суудал авчихаад хамтарч суувал хоёр том намд амар биз.

Ийм нэг нөхцөл байдал үүсч мэдэхээр болоод байна. УИХ-ын дэгийн хуульд өөрчлөлт оруулж байгаад байнгын хороодын хуралдааныг хаалттай болгоод авсан. Тэгэхээр Д.Дэмбэрэл даргын алх тас бууж хууль батлагдах хүртэл хөшигний цаана юу болоод байгааг мэдэх аргагүй болсон гэсэн үг. Өмнөх 20 жилийн турш телевизийн камерийн өмнө жүжиглэж ард биднээ “молигодож” явснаа гишүүд маань гэнэт сэхээрч, сэтгүүлчидгүй дангаараа шударга сайхан хуралддаг болж байгаа юм гэсэн. Ингээд нэг л өдөр шударгаар хуралдсан гишүүд маань “Сонгуулийн хуулиа баталлаа. Гишүүд 76 жижиг тойрогтой мажоритар тогтолцоогоо сонголоо” гээд хэвлэлийн бага хурал хийлгэхэд ядах юмгүй.

Гэхдээ ингэж бас болохгүй гэдгийг мэдэх гишүүд цөөнгүй бий гэдэгт найдаж байна. УИХ-ын таван удаагийн сонгуульд том, бага тойргоор хэрэглэж үзээд явцгүйг нь мэдэрсэн мажоритар тогтолцоогоо солих зоригтой гишүүд дийлэнх болохыг үгүйсгэхгүй. Сонгуулийн тогтолцоондоо салхи оруулж, гадна байгаа намуудын гайгүй гишүүдээр төр түшүүлж, сөрөг хүчний дуу хоолойг парламентын танхимд сонсгохыг сонгогчид хүсч байгаа. Юм л бол үүдэндээ харуул хамгаалалт тавьж, сонгогчдоосоо үг хэлээ нууж хааж, төсвийн хөрөнгийг тойрог руугаа зөөж, авлига хээл хахууль цэцэглүүлж, сонгогчдод мөнгө тараах нэрээр татвар төлөгчдийн хөрөнгөөр эргүүлээд өөрсдийг нь молигодсон энэ байдал мажоритар тогтолцооноос үүдэлтэй. Бүр байчихаад стратегийн ордуудынхаа ашгаас хуримтлал үүсгэж ажлын байр нэмэхийн оронд баян хоосонгүй өрөөл ямааны махны үнэ тарааж ч байх шиг. Сонгогчдын саналыг тэнцүү шахам авчихаад нэг нам нь үнэмлэхүй олонх болон парламентын танхимыг дүүргэж, нөгөө нам нь цөөнх хэмээгдэн тав гурван суудал горилж, иргэдийн өгсөн саналын тэн хагас эзэнгүй замхарч хийсдэг хуучин тогтолцооноосоо салсан цагт ёстой нөгөө “социализм гэгчийг байгуулж болмоор байна” гэгчээр арай шударга ёс төрийн тогоонд тогтох цаг ирэх биз ээ.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж