“ЭТТ” эрх зүйн чадамжтай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

“ЭТТ” эрх зүйн чадамжтай боллоо

“Эрдэнэс Тавантолгой” эрхзүйн чадамжтай боллоо

“Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрөгч оны 12 дугаар сарын 23-нд улсын бүртгэлийн гэрчилгээ авч, хууль ёсны болжээ. Монголын стратегийн орд газруудын лицензийг эзэмшиж буй “Эрдэнэс МGL” компанийн охин компани хэлбэрээр байгуулагдсан энэхүү компани эрх зүйн чдамжтай хуулийн этгээд болсныг өчигдөр ийнхүү Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс MGL” компаниас зарлалаа.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн мэдэлд 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн орд газрын лиценз шилжин ирж буй бөгөөд нийт 15 тэрбум ширхэг хувьцаа гаргах ажлыг бэлтгэж байгааг энэ үеэр мэдэгдлээ. Нийт хувьцааны 10 хувийг иргэн бүрт үнэгүй эзэмшүүлэх, мөн 10 хувийг дотоодын аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах, 29 хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржүүдээр арилжаалах ерөнхий загварыг гаргаад байгааг ТӨХ-ний дарга Д.Сугар хэллээ. Төр хяналтыг авах, давуу эрхээ хадгалах үүднээс хувьцааны 51 хувийг эзэмших юм байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэгж хувьцааны үнийг одоогоор шууд хэлэх боломжгүй гэж Д.Сугар хэлээд нэгж үнийг тогтооход баримтлах ерөнхий загварыг тайлбарлалаа. Ингэхдээ Тавантолгойн ордын дөрвөн хувь буюу 0.4 тэрбум тонны нөөцийг эзэмшиж буй “Mongolian Mining Corporation”-ийн Хонгконгийн бирж дээр хийсэн IPO-г жишээнд татсан юм. Тодруулбал, 0.4 тэрбум тонн нөөцөд түшиглэсэн “Mongolian Mining Corporation”-ийн нийт хувьцааны 20 хувь нь 650 гаруй ам.доллар болсон гэж үзвэл 6.4 тэрбум тонн нөөцийн 10 хувь, 29 хувь, цаашлаад 51 хувь нь хэдэн ам.долларыг хөрөнгийн зах зээл дээрээс босгох боломжтойг тооцоолж болно. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэгж хувьцааны үнийг тогтоох аргачлал болно гэж ТӨХ-ний дарга хэллээ. Гэхдээ “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны үнийг өсгөх хүчин зүйлс байгаа гэв. Учир нь тус корцпорацийн эзэмшиж буй Ухаахудагийн уурхай дэд бүтэц, эрчим, уурхайн зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгээд байгаа юм.

Харин өнөөхөндөө “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшлийн хэсэгт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гэхээр зүйл үгүй байгаа аж. Гэхдээ уурхайн амыг нээж, хөрс хуулалтын ажлыг эхэлсэн гэж “Эрдэнэс MGL” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш танилцууллаа.

“Тавантолгойн нүүрсийг Санйшанд хүргэх нь Засгийн газрын бодлого” “Эрдэнэс MGL” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбишийн танилцуулснаар Тавантолгойн ордын Цанхийн баруун хэсгийг стратегийн хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглах бол Цанхийн зүүн хэсгийг “Эрдэнэс Тавантолгой” компани бие даан, гэхдээ эхний 5-10 жилд гэрээт олборлогчтой хамтран ашиглах юм байна. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн 15 тэрбум ширхэг хувьцаа Цанхийн баруун, зүүн хэсэгт адилхан хамаарна гэсэн тайлбарыг ТӨХ-ний дарга өгч байна. Стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран ашиглах Цанхийн баруун хэсгийн нөөц 1204 сая тоннын нөөцтэйгийн 65 хувь нь коксжих нүүрс, “Эрдэнэс Тавантолгой” дангаар эзэмших Цанхийн зүүн хэсэг нь 1078 сая тонн нөөцтэйн 78 хувь нь коксжих нүүрс юм байна. Мөн энэ хэсгийн хөрс хуулалтын зардал Цанхийн хэсгийнхнээс бага гэж Б.Энэбиш тайлбарлалаа. Тавантолгойн ордын 6.4 тэрбум тонн нөөцийн 1.4 тонн нь коксжих нүүрс, 4.6 тэрбум тонн эрчим хүчний нүүрс гэсэн тооцоо хийснийг тэрбээр хэллээ. Мөн нөөцийг тогтоох олон улсын стандартын Жорк аргачлалаар тооцоолбол уг ордын нөөцийн хэмжээ өсөх боломжтой гэв. Олборлолтын зардал харьцангуй бага тусч байгаа Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” уурхай ажлаа эхлүүлж, өнгөрсөн хугацаанд 535.191 шоо метр уулын цулыг хуулах ажил хийсэн байна. Энэ оны нэг, хоёрдугаар улиралдаа багтаагаад олборлолтыг эхлэх боломжтой гэж үзэж байгаа аж.

“Эрдэнэс Тавантолгой” компани бүтээгдэхүүнийхээ зорилтот зах зээлийг БНХАУ гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч мөн бүс нутгийн зах зээл буюу Япон, Солонгост хүргэн борлуулах нь зорилго байх болно гэж тус компанийн Гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж буй ноён Б.Энэбиш хэллээ. Гэхдээ Тавантолгойн нүүрсийг эхлээд Сайншанд хүргэж, үндэсний боловсруулах салбарыг түүхий эдээр хангах нь Засгийн газрын гол бодлого байх болно гэж Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг онцолсон бол Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга “нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд хүргэхэд ОХУ төмөр замын тээврийн тарифаа 50-60 хувь хөнгөлөхөө мэдэгдсэн” гэж асуудлыг тодотгосон юм.

Иргэд “Эрдэнэс MGL”-ийн давуу эрхийн хувьцааг бас эзэмшинэ

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар иргэд “Эрдэнэс Тавантолгой” компаниар дамжуулан түүнээс хувь хүртэх боломжтой болж буй. Өөрөөр хэлбэл, уг ордыг эзэмших “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг үнэгүй эзэмшинэ. Мөн дотоодын аж ахуйн нэгжүүд 10 хувийг нь нэрлэсэн үнээр худалдан авах боломжтой. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр Иргэний шинэчилсэн бүртгэл, Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүн эцэслэн гарсны дараа иргэдэд хувьцаа олгох ажлын зохион байгуулах юм байна. Мөн түүний хэлсэн нэг чухал зүйл гэвэл иргэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 10 хувиас гадна Монголын стратегийн орд газруудын лицензийг эзэмшиж буй толгой компани болох “Эрдэнэс MGL” компанийн давуу эрхийн хувьцааны 10 хувийг бас үнэгүй эзэмших аж. ТӨХ-ны дарга Д.Сугарын ярьснаар бол иргэдэд хувьцааг нь тараахын өмнө Үнэт цаасны төлбөр тооцооны төвд иргэн бүрт данс нээх аж. Ерээд онд өрнөсөн өмч хувьчлалаар иргэдийн гар дээр очсон цэнхэр тасалбартай үүнийг адилтгаж болно гэсэн тайлбарыг тэр хэлсэн юм. Одоогоор 480 мянган иргэнд ийм данс бэлэн байгаа гэнэ.  

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн зах зээл дээр гаргах бэлтгэл ажил олон улсын жишгээр бол 2-2.5 жил шаардлагатай байдаг ч Монголын Засгийн газар үүнийг нэг жилийн дотор хийж гүйцэтгэх хөрөнгө оруулалтын банк, зөвлөх компани, аудитыг хайж байгаа аж. Энэ оны нэгдүгээр сардаа багтаагаад IPO-гийн манайхтай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын банк, зөвлөх, аудитыг сонгочих байх гэсэн мэдээллийг ТӨХ-ны дарга Д.Сугар хэллээ.

“Хөрөнгө оруулагчийн тендерт төрийн өмчит компани л оролцох боломжтой”

Дотоодын аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр худалдах ажлыг бас бэлтгэж байгаа бөгөөд одоогоор 47 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоо гарчээ. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд хувьцааг эхлээд нэрлэсэн үнээр худалдах ба тэдгээр нь тодорхой хугацааны дараа энгийн хувьцаанд хөрвөх боломжтой байх аж. Өөрөөр хэлбэл,  Тавантолгойн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл дээр арилжаалсны дараа хувьцаа үнэ анх нэрлэсэн үнээс 10%, аз байвал 20 хувиар өслөө гэхэд дотоодын аж ахуйн нэгжүүдийн худалдан авсан хувьцааны үнэ мөн тийм хэмжээний үнэ цэнэтэй болох юм байна. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд байгаа бас нэг сонирхол нь Тавантолгойн ордын Цанхийн баруун хэсэгт зарласан хөрөнгө оруулагчийн тендерт өрсөлдөх явдал юм. Гэвч хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд ийм боломж байхгүй болохыг ноён Ч.Хүрэлбаатарын хэлсэн ганц өгүүлбэр илтгэлээ. Хөрөнгө оруулагчийн тендерт зөвхөн төрийн өмчит компаниуд л оролцох боломжтой аж.

З.Боргилмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж