Ядуу иргэдийг өдрийн эмчилгээнд хамруулна

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Ядуу иргэдийг өдрийн эмчилгээнд хамруулна

Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Улаан­баатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайж­руулах” техник туслалцааны төс­лийн хүрээнд 15 загвар төсөл хэрэгжихээр болжээ. Энэ аж­лын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Баян­бигэр” өрхийн эмнэлгийн “Өрхийн эмнэлгийн гэрийн болон өдрийн эмчилгээ” төсөл шалгарч санхүүжилтээ авчээ. Төслийн шинэлэг байдал, хэнд хүрч үйлчлэх, ач холбогдлын талаар “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” техник туслалцааны төслийн талаар “Олон нийтийг дайчлах-ур чадвар нэмэгдүүлэх” зөвлөх багийн зөвлөх Ц.Мөнхдэлгэрээс тодрууллаа.

-Төслийн уралдаанд бүх өр­хийн эмнэлэг  оролцсон уу?

-Энэхүү төслийг эхлүүлэхийн өмнө Улаанбаатар хотын эмзэг бүл­гийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн талаар судалгаа хийж, нөхцөл байд­лын дүн   шинжилгээг хийсэн. Төсөлд БЗД-21, 22, 23, 24 хороо,  СХД-ийн 22, 23, 24, 25 хороо, Чингэлтэй дүүргийн 7, 19-р  хороодыг сонгож авсан юм. Дээрх 10 хорооны хувьд эмзэг бүлгийн айл өрх  хамгийн олон гэж үзсэн учраас зорилтот бүлгээ болгосон гэж хэлж болно. Төслийн уралдаанд өрхийн эмнэлэг, хороод, төрийн бус байгууллагууд хүртэл  материалаа ирүүлж оролц­лоо. Өөрөөр хэлбэл, төслийн санхүүжилтийг үр дүнтэй байлгахын тулд нээлттэй зарласан. Төслийн ач холбогдол, эмзэг бүлгийн иргэдэд хүрэх байдлаараа Сонгинохайрхан дүүргийн “Баянбигэр” өрхийн эмнэлгийн “Өрхийн эмнэлгийн гэрийн болон өдрийн эмчилгээ” төсөл шалгараад эхний санхүүжил­тээ авлаа. Энэхүү төслийн гол зорилго нь Эмзэг бүлгийн хүн амд өдрийн болон гэрийн эмчилгээг өрхийн эмнэлгийн түвшинд үзүүлж, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх явдал юм.

-Шалгарсан өрхийн эмнэлэг хэдэн хүнд хүрч үйлчлэх вэ. Ямар үйлчилгээ үзүүлэх вэ?

-Эмзэг бүлгийн иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломж хомс. “Баянбигэр” өрхийн эмнэлгийн хувьд нэг өрөөг тусгайлан тохи­жуулж, тодорхой багаж, эмнэлгийн хэрэгслээр хангасан. Эмзэг бүлгийн иргэдийг өдрөөр хэвтэн эмчлэх, гэрийн эмчилгээнд хамруулна. Энэхүү эмнэлгийн тусламж нь өрхийн эмнэлгийн түвшинд байх ёстой.

-Азийн хөгжлийн банкнаас “Баянбигэр” өрхийн эмнэлэгт хэдэн төгрөгийн санхүүжилт өгөөд байгаа вэ?

-Одоогийн байдлаар хэрэгжихээр батлагдаад байгаа төслүүдийн хувьд 30-35 мянган америк долларын санхүүжилтийн төсөвтэй ороод батлагдаад байна. Ерөнхийдөө цаашид хэрэгжүүлэх төслүүд ч ялгаагүй тус бүр нь 30-40 мянган америк долларын санхүүжилт бий. Эдгээр туршилтын төслүүд нь 6-12 сарын хугацаанд хэрэгжээд бодит үр дүнгээ өгвөл цаашдаа нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байгаа.

-Төсөл хэрэгжүүлэх 10 хороог сонгож авахдаа  ямар судалгаа хийсэн бэ?

-Хөдөө орон нутгаас нийслэл хотод шилжин суурьшиж байгаа ядуу хүмүүс дэд бүтэц муу хөгжсөн захын алслагдсан хороодод байр­шиж, бүртгэлгүй, албан бус салбарт хөдөлмөр эрхэлж, эмнэлгийн байгууллагаас хол болох нь нийслэл хотын хэмжээнд хийсэн судалгаанаас харагдсан. Тухайлбал Баянзүрх дүүргийн шилжин суурьшигч ахмад настны 65 хувь, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн шилжин суурьшигч ахмад настны 59.6 хувь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч чаддаггүй юм билээ. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж Улаанбаатарт шилжин суурьш­сан өрхүүдийн хувьд нэлээд доогуур байна. Өрхийн эмнэлгээсээ шаардлагатай тусламж авч чадаагүй өрхийн хувь 26.7 байсан.

-Энэхүү төслөөс ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Цаашид эрүүл мэндийн даат­галын хуулинд өдрийн болон гэрийн эмчилгээний талаар тус­гаж, нэмэлт өөрчлөлт оруулах, түүнийгээ салбарын сайдын тушаал шийдвэрээр баталгаажуулах зэр­гийг хүлээж байна. Энэ нь эрүүл мэндийн даатгалаас хүн амын хүртэх өгөөжийг  нэмэгдүүлэх боломж бүрдэх давуу талтай юм. 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж