
-Дундговь аймгийн Өндөршил суманд өнгөрөгч зууны эхээр ”Төмөр тэмээ” маллаж байсан уламжлал бий. Энэ нь малчинд өгсөн тэмээгээ тав, арван жилийн дараа яг анхны тоогоор хүлээж авах маш энгийн арга л даа. Тэнд “Төмөр” тэмээнд дарж байсан тамга ч одоо хадгалагдаж байгаа. Миний бодож байгаа зүйл бол миний уугуул Эрдэнэдалай сум малын тоогоор улсдаа бараг тэргүүлдэг ч тэмээгээ “данс дугуйлахад” хүрээд байгаа. Иймд хамгийн олон тэмээтэй Өлзийт сумаас гуч гаруй тэмээ худалдаж аваад төрд данслаад хэд хэдэн малчинд маллуулахаар тохиролцсон юм. “Төмөр тэмээ” маллах малчин ээлжийн зургаан нигэ аваад дөрвөн жил маллахад найман сая төгрөгийн амьдын ашиг олж 12 ботго бойжуулчих тооцоо байгаа. Энэ бүх ашиг, бойжуулсан ботго тухайн малчных. Харин төр 6 тэмээгээ л тоо ёсоор авах учиртай. Ингэхэд тэмээний тоо буурах биш тухайн нэг малчин гэхэд 12 биш юмаа гэхэд хэдэн тэмээтэй болсон байна биз дээ. Ингэхээр сумын хэмжээнд тэмээ өсөөд л явчихна. Тэмээ хамгийн их амьдын ашиг өгөх мал л даа гэж өгүүлж байна.
Дундговь аймаг эрдэмтэн Н.Тогтохын саналыг дэмжин сум бүрд “Төмөр тэмээ” өсгөхөөр зорилт дэвшүүлээд байгаа юм.
С.Пүрэвсүрэн