Нурууны хүнд гэмтлийн улмаас амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Нурууны хүнд гэмтлийн улмаас амиа алджээ

“Цагдаагийн ар гэрийн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Алтангэрэл болон  цагдаагийн албан хаагчид  тэдний ар гэрийнхний төлөөлөл     өчигдөр  хэвлэлийн хурал хийлгэв.  Тэд   2008 оны сонгуулын үймээний үеэр бэртэж гэмтсэн цагдаагийн албан хаагчдад  эмчилгээний зардлыг төрөөс гаргаж өгөх хэрэгтэй гэсэн мэдээллийг өгсөн юм. Тэдний өгсөн мэдээллээр энэ сарын 9-ний өдөр тухайн үед Эргүүл хамгаалалтын газрын албан хаагч Э үймээний үеэр бэртсэн гэмтлээсээ болж амь үрэгдсэн юм байна. Мөн хурлын үеэр цагдаагийн албан хаагчид “ Долдугаар сарын 1-ны үймэээний үеэр үүрэг гүйцэтгэж яваад бэртсэний  улмаас тархи толгой өвддөг, ухаан алдах зэрэг зовиуртай болсон”  талаараа ч ярив. Хурлын үеэр Хөдөлгөөнт эрүүлийн алба хаагч дэслэгч Л.Ганболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Үймээний үеэр хаана үүрэг гүйцэтгэж байсан бэ,  гэмтлийн улмаас ямар оноштой эмчлүүлж байв?

-Сүхбаатар дүүргийн нутаг дэвсэгт ажил үүргийн хуваарийн дагуу МАХН/ МАН/ намын бай­­рын өмнө хамгаалтад гарч байсан. Хамгаалтад гарч байх үедээ зодуулсаны улмаас тархи, нуруундаа бэртэл авсан. Одоо байн­га толгой өвдөнө. Бидний за­рим нэг нь үе үе ухаан алдаж унах үе ч бий. Нарийн мэргэжлийн  үзлэг хийлгэж, шинжилгээ өгсөн зүйлгүй өнөөдрийг хүрч байна.

-2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр таван хү­ний амь үрэгдсэн хэргийг сэргээн шалгаж эхэлснээс хойш  нэлээд олон хүнд эрүүгийн хэрэг үүсгэсний нэг нь өөрөө гэсэн?

– Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй.

-Таныг яг ямар үндэслэлээр эрүүгийн хэрэгт татах болсон үндэслэлээ  мөрдөн байцаагч чинь тайлбарласан уу?

-Хэрэгт татагдсан сэжигт­нүүдийн өгсөн мэдүүлгээс яллаг­дагчаар татах үндэслэл гарч ирсэн гэж хэлсэн. Би бусадынхаа өгсөн мэдүүлэгтээ танилцаагүй. Яг надад ямар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэнийг ч мэдэх зүйл алга.

-Хамгаалалтад гарч байхдаа ямар буу хэрэглэсэн?

Тусгай хэрэгслийн зориулалтай автомат буу, сургуулилалтын сумтай буу.

Харин уг хэвлэлийн хурлын үеэр цагдаагийн гэмтэл авсан нэг албан хаагч  гэмтлийн улмаас нас барсан талаархи мэдээллийн талаар “Цагдаагийн ар гэрийн холбоо”  ТББ Ж.Алтангэрэлээс дараахи асуултад хариулт авлаа

-Гэмтлийн улмаас нас барсан цагдаагийн албан хаагч яг ямар оноштой байсан бэ? Энэ хэвлэлийн хуралд ар гэрийнхнээс нь хүн ирэв үү?

-Оршуулах ёслол  уржигдар болсон учраас ар гэрийнхэн нь хуралд оролцох боломж байсангүй.  Талийгаач үймээний үеэр жагсагчдад зодуулж, тархи нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан. Хоёр жил гаруйн хугацаанд тасралтгүй эмчилгээ хийлгэсэн  ч  өвчнөө дийлэхгүй амь насаа алдлаа. Мөн үймээний үеэр  397  цагдаа гэмтэж бэртэн, заримынх нь биеийн байдал муу байна. Тиймээс төрөөс эдгээр албан хаагчдын эмчилгээний зардлыг гаргаж өгөх нь зүйтэй гэсэн байрь суурьтай байгаа бид.

-Нэг бэртсэн цагдаагийн албан хаагчид хэчнээн хэмжээ­ний мөнгө өгөх шаардлагатай гэж үзэж байгаа юм бэ?

-2008 оны сонгуулын үймээний үеэр бэртэж гэмтэж хохирогчоор тогтоогдсон 397 албан хаагчдын  эмчилгээний зардлыг төрөөс гаргаж өгөх хэрэгтэй. Өмнө нь  манай холбооноос   тэдэнд төрөөс тэтгэмж өгөхийг хүссэн өргөдлийг тус холбооноос Ерөнхий сайд Сү.Батболд, Улсын Ерөнхий  Прокурор П.Дорлигжав, Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт хүргүүлсэн нь өнөөдрийг хүртэл  ямар нэгэн хариу мэдэгдэл өгөөгүй. Тиймээс сэтгүүлчдээр дамжуулан төрийн эрх бүхий албаныханд дээрх хүсэлтийг дахин уламжилж байна.  Тухайн үед хохи­рогч  397 цагдаагийн албан хаагч­дад төрөөс 3-12 сарын цалин­тай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгосон юм билээ. Гэтэл зарим хүнд бэртэж гэмтсэн  албан хаагчид эмчилгээндээ маш их мөнгө зарцуулж байгаа. Тухайлбал бэртлийн улмаас өрөөсөн бөөрөө авахуулсан нэг албан  хаагчийн бөөр шилжүүлэн суулгах мэс заслын зардалд 50-100 орчим сая төгрөг зарцуулах жишээтэй.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж