Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлс шинэчлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлс шинэчлэгдлээ

Улсын бүртгэлийн үйлчилгээнд харилцан адилгүй олон төрлийн үнэ, хураамжийг шат  дамжлага болгонд авч, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдаг байсан. Тэгвэл энэхүү төлбөр, хураамжийн асуудлыг цэгцэлж, үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоох ажлын хүрээнд "Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2010 оны 237 дугаар тогтоол батлагдан гарсан. Мөн УИХ-аас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталсан. Энэхүү хууль тогтоомжийг энэ сарын 1-нээс  мөрдөж эхлэх бөгөөд улсын бүртгэлийн 128 төрлийн үйлчилгээнд үйлчилгээний хөлс авдаг байсныг 86 болгон бууруулаад байгаа аж.  Өөрөөр иргэний үнэмлэх авахын тулд 4-5 шат дамжлага дамжин зургийн баталгаажилт хийлгэх, тэмдэгтийн хураамж, үнэмлэх, маягтын үнэ зэргийг тушаадаг байсан бол одоо нэг хураамжыг нэг л газар тушаадаг болсон байна.  Үүнээс гадна гадаад паспортыг өмнө нь 1,2,3,4,5 жилийн сонголттойгоор олгодог байсан бол одоо зөвхөн нэг бол 1 жилээр, эсвэл 5 жилээр авах 2 төрлийн сонголттой болсон.  1 жилээр авахад 22.500, 5 жилээр авахад 32.500 төгрөг, Мөн өмнөх гээсэн паспортыг хүчингүй болгоход 2500 төгрөгийн хураамж төлж байсан бол одоо үнэ төлбөргүй болжээ. Мөн төрснийг бүртгэхэд өмнө нь 2500 төгрөгийн хураамж төлдөг байсан бол одоо зөвхөн тэмдэгтийн хураамж 220 төгрөг, нас барсныг бүртгэхэд мөн хураамжгүй болсон байна. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжихэд урьд нь гурван шатлалаар 13.000-65.000 төгрөг төлдөг байсан бол одоо үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс хамаарч 1000-1500 төгрөг төлдөг болж буурч байгаа юм. Үүнээс гадна иргэд аймгаас аймагт, нийслэлээс аймагт шилжихэд шат дамжлага болгон дээр 3000-5000 төгрөгийн хураамж авдаг байсныг цэгцэлж, ХААТР маягт, үнэт цаасыг үнэгүй болгож зөвхөн нэг үнийг шилжиж очсон газарт нь хурааж байхаар тогтоожээ.

С.Отгон

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж