Азийн аваргын цом Катарт ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Азийн аваргын цом Катарт ирлээ

Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний цом зохион  байгуулагч орон Катарт  хүрэлцэн ирлээ. Тэмцээн энэ сарын 7-ны өдөр эхлэх бөгөөд зохион байгуулагч орны баг Узбекистантай нээлтийн тоглолтоо хийх юм. Энэ тоглолт Катарын нийслэл Доха хотноо болно. Тус тэмцээнд нийт 16 улсын шигшээ баг оролцох бөгөөд дөрвөн жилийн өмнө аваргын цом өргөж байсан Иракийн шигшээ баг аваргаа хамгаалах тоглолт хийнэ. Гэвч Иракийн хувьд аваргаа хамгаална гэдэг бараг л боломжгүй юм. 2010 оны ДАШТ-д оролцсон Япон, Австрали, Хойд болон Өмнөд Солонгос гэсэн улсууд оролцож байгаагаас гадна гурван удаагийн аварга Саудын Араб, Иран гэсэн улсууд хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор тооцогдож байна.

Азийн аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөөнөөс гадна нэг зүйлээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Хэдийгээр Европын аварга, Копа Америкатай дүйцэхүйц том тэмцээн биш хэдий ч 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулах эрх авсан Катар улсад болж байгаа учир олны анхаарлыг эрхгүй татаж байна.

Долоо дахь удаагаа Катарт зохиогдож байгаа наадмын А хэсэгт Катар, Кувейт, БНХАУ, Узбекистан гэсэн улс багтсан бол В хэсэгт Саудын Араб, Япон, Йордан, Сири, харин С хэсэгт Өмнөд Солонгос, Австрали, Энэтхэг, Бахрайн, D хэсэгт Ирак, БНАСАУ, АНЭ, Иран гэсэн улсууд өрсөлдөх юм. Хоёр хотын таван цэнгэлдэхэд болох тус тэмцээний аварга энэ сарын 29-нд тодорно. Харин аваргын багийн хүртэх цом Катарт ийнхүү хүрэлцэн ирсэн юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж