
Ноён Дайсаку Икэдагийн ярианаас япончуудын эртнээс сурвалжтай гүн ухааны сэтгэмж, нөхрийн ёсыг бүхнээс дээдлэгч тунгалаг сэтгэл, амьдралын амар амгаланг эрхэмлэгч нирваан чанар бидний өмнө нээгдэж байна. Харин манай зохиолч Д.Цэдэвийн ярианаас нүүдэлчин монголчуудын өвөрмөц сэтгэлгээ, ёс заншил, ахуй амьдрал япон уншигчдад улам нээлттэй болох болов уу. Үүгээрээ “Нөхөрлөлийн уудам тал” ном монгол, япон хүмүүсийн сэтгэлийг харах толь болон мэндэллээ.
Анд нөхрийн халуун дотно илэн далангүй хөөрөлдөөнөөр энэ ном бүтсэн учраас манай хоёр орны уншигчдын аль алиных нь сэтгэлд хүрэх нь лавтай. Уран зураг, хөгжимд орчуулга хэрэггүйн адил сайхан сэтгэлээс гарсан чин сэтгэлийн үг уншигчдад ямагт ойр байдаг. “Нөхөрлөлийн уудам тал” ном нэгэн цагт хол байсан хоёр орны хүн ардыг улам ойр болгоход оюун санааны гүүр болон уншигчдын гарт очлоо.