Б.Наранбаатар Бундеслигийг ялалтаар үдэв

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Б.Наранбаатар Бундеслигийг ялалтаар үдэв

Германы гэх тодотголтой ч Европ тивийн хүчирхэг бөхчүүд өрсөлддөг бөхийн чөлөөт барилдааны Бундеслигт зодоглосон Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар ням гаригт сүүлийн барилдаанаа хийж, ялалт байгууллаа. Зарбрукен хотын “KSV Kollerbach” багтай гэрээ байгуулсны дагуу Бундеслигт есөн тойргийн барилдаан хийж, найман ялалт байгуулснаар багаа плей-оффын шатанд шалгарахад үнэтэй хувь нэмэр оруулсан Б.Наранбаатарын баг плей-оффын хоёрдугаар шатанд лигийн хүчирхэг багуудын нэг “RWG Mombris-Konigshofen” багтай таарч барилдан нийлбэр дүнгээр 40:25 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ. Плей-оффын эхний шатанд “1. Luckenwalder SC” багийг 37:35 харьцаатай ялсан “KSV Kollerbach” хоёрдугаар шатанд талбайдаа хийсэн барилдаандаа 16:15 харьцаатай ялалт байгуулсан боловч өрсөлдөгч багийнхаа талбайд зочлон барилдахдаа 25:9 харьцаатай ялагджээ.

Бундеслиг нь ерөнхийдөө хөлбөмбөгийн лигийн дүрэмтэй ижил бөгөөд нийт 20 баг өрнөд, дорнод бүсэд хуваагдаж, өрсөлддөг байна. Нэг баг чөлөөт болон сонгомол бөхийн тус бүр долоон жинд нийт 20 тамирчнаа сойдог бөгөөд ингэхдээ 66, 74 болон 84 кг-ын жинд тус бүр хоёр, харин бусад жинд нэг нэг тамирчин өрсөлддөг ажээ. Б.Наранбаатарын хувьд чөлөөт бөхийн 60 кг-ын жинд зодоглож, багийнхаа амжилтад чухал нөлөө үзүүлж чадсан юм.  Тэрбээр бямба гаригт хийсэн сүүлийн барилдаандаа Британийн бөх Красимир Кратановыг 2-0; 2-3; 1-0 харьцаатай гурван үед дараалан ялж, багтаа гурван оноо авчирчээ. Харамсалтай нь, багийн 10 тамирчнаас хоёр нь л ялж, бусад нь ялагдсанаар баг нь 25:9 харьцаатай ялагдал хүлээсэн байна.

Монголын тамирчид дэлхийд данстай гэдгийг баталж, Европын тавцанд дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэн дэлхийд дуудагдсан Б.Наранбаатар Бундеслигт 11 барилдаан хийж, ес ялсан амжилттай нутаг буцах болж байна. Цааш цаашдаа Монголын тамирчдын гарцыг нээх зорилго өвөртлөн Германыг зорьсон тэрбээр маргааш эх орондоо ирэх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж