
Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “Прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг гурван жилд нэг удаа шалгаж дүгнэнэ” гэж заасныг үндэслэн энэхүү шалгалтыг авч байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-нээс 29-ний өдрүүдэд Прокурорын мэргэжлийн зөвлөл дээрх шалгалтыг Дорнод, Өмнөговь, Архангай, Дархан-Уул, Сэлэнгэ зэрэг 12 аймгийн прокурорын газарт ажиллаж байгаа прокуроруудаас эрх зүйн мэдлэгийн түвшин тогтоох сонжуур, хяналтын ажлын үр дүн гэсэн дөрвөн гол үзүүлэлтээр авсан бөгөөд ойрын өдрүүдэд Нийслэл, дүүргийн прокурорын газруудад ажиллаж байгаа 130 гаруй прокуроруудаас дээрх шалгалтыг авах талаар зохих шийдвэр гарсан байна.
Шалгалтын явцад прокурор бүртэй уулзаж хийсэн ажлын чанар, үр дүнгийн байдалд нь үнэлэлт дүгнэлт өгч, санал хүсэлтийг нь сонсож прокурорын байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, сайжруулах, олон түмэнд илт тод, нээлттэй болгох талаар авах арга хэмжээг тодорхойлох ажээ.
Прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшин тогтоох шалгалт нь Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2010 оны 17/15 тоот зөвлөмжөөр дэмжигдэн батлагдсан “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн дагуу хийгдэж байгаа ажлуудын нэг хэсэг юм гэж Улсын ерөнхий прокурорын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.