Баян-Өлгийд буун дуу гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Баян-Өлгийд буун дуу гарчээ

Шинэ жилийн өмнөхөн олныг
сэртхийлгэсэн хэргүүд гарсан. Ту­хайл­бал, Баянзүрх дүүрэгт өнгөрсөн
сарын 30-нд таксины жолоочийг буудан амь насыг нь хөнөөсөн хэрэг
гарчсан. Үүнээс  гурав хоногийн өмнө  буюу өнгөрсөн сарын 27-28-нд 
шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Шуудан холбооны газрын  удирдах ажилтнууд
улс төрийн холбогдолтой маргааны улмаас галт зэвсэг хэрэглэсэн тухай
мэдээлэл цацагдсан юм. Баян-Өлгий аймгийнхан Засаг даргаа суудлаас нь
унагаах оролдлогыг хэд хэдэн удаа хийснээс үзэхэд тус аймагт эл үзэгдэл
сэдэрсэн байж болзошгүй юм.

Хэрэг явдлын талаар  Баян-Өлгий аймгийн Засаг дарга С.Хавалаас тодруулсан юм.

-Өнгөрсөн сарын 27-28-нд шилжих шөнө  танай аймгийн удирдах албан
тушаалтнууд нэг нэгнийхээ эсрэг галт зэвсэг хэрэглэсэн гэсэн. Яг юу
болсон юм бэ?

-Тийм асуудал гарсан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ манай аймгийн удирдлагын
дунд улстөрийн элдэв маргаан байхгүй гэдгийг баттай хэлж чадна. Өнгөрсөн
сарын 29-нд аймгийн ИТХ 35 гишүүний ирцтэйгээр эв найртай хуралдсан.
Хурлаар буудалцаан болсон гэсэн асуудал сөхөгдөөгүй. Харин  аймгийн
төсвийг  баталж, газар зохион байгуулалт, аудитын тайлангийн үр дүнг
хэлэлцсэн.

-Хувь хүмүүсийн дунд маргаан болсон юм болов уу. Танд энэ талаар ямар ч мэдээлэл ирээгүй гэж үү?

-Хувь хүмүүсийн дунд тийм маргаан гарсан байхыг үгүйсгэхгүй. Энэ талаар Цагдаагийн хэлтсийн даргаас мэдээлэл авч болно.

Тэрбээр буу шийдэмдээ хүрсэн маргаан гарсныг үгүйсгэсэн ч галт зэвсэг хэрэглэсэн тохиолдлыг үгүйсгээгүй юм.

Харин тус аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга н.Бакийт “Аймгийн прокурорын
газрын дарга энэ талаарх мэдээллийг өгөх ёстой” хэмээсэн юм.
Баян-Өлгий аймгийн прокурорын газрын дарга Х.Жанибек буудалцаан болсон талаар ийнхүү хариулсан юм.

-Шинэ оны өмнөхөн танай аймагт буудалцаан болсны улмаас хүн гэмтсэн
байж магадгүй гэсэн мэдээлэл тархсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Мэдээллийг шалгаж дууссаны дараа тодорхой хариулт өгөх боломжтой. Одоогоор өөр мэдээлэл өгөх боломж алга.

Тэрбээр дээрх хариултыг өгөөд утсаа тасалсан юм. Баян-Өлгий аймагт
буудалцаан болсныг удирдлагууд нь үгүйсгээгүй. Харин энэхүү буудалцаанд
аймгийн удирдлагууд оролцсон гэсэн мэдээллийг  няцааж  байлаа.
Тиймээс энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн байцаагч Н.Төгсбаяраас  тодруулав.

-Баян-Өлгий аймагт буудал­цаан гарсан нь тодорхой болсон ч удирдлагууд нь нууцлаад байх юм. Энэ талаарх мэдээлэл ЦЕГ-т ирсэн үү?

-Мэдээлэл ирсэн. Баян-Өлгий аймгийн төвд өнгөрсөн сарын 27-28-нд шилжих
шөнийн үүрийн таван цагт буун дуу гарсан юм билээ. Иргэн Б гэгч
эхнэртэйгээ муудалцсаны улмаас эхнэрийнхээ байсан айлын хаалгыг эвдэх
гэж оролдож, агаарт хий буудсан тохиолдол гарсан. Уг хэргийг Эрүүгийн
хуулийн 181.3-т зааснаар эрүү үүсгэн шалгаж байна.

-Аймгийн удирдлагууд энэ хэрэгт холбоотой байж болзошгүй гэсэн мэдээлэл тархсан байсан?

-Ердөө л гэр бүлийн маргаанаас үүдсэн хэрэг л дээ.

-Ямар маркийн буугаар буудсан юм бол. Иргэн Б галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөлтэй хүн үү?

-“Вепер” маркийн буугаар буудсан. Хэргийг шалгаж байгаа учир тухайн иргэний талаар мэдээлэл өгөх боломжгүй.
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн байцаагч дээрх хариултыг өгсөн юм.
Ямартай ч шинэ оны өмнө хоёр ч удаа буун дуу гарч нэг удаагийнх нь
тохиолдол эрдэнэт хүний амийг авч одсон. Цаашид ийм хэрэг давтагдахгүй
гэх баталгаа алга гэдгийг дээрх явдлууд нотоллоо.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж