Qatar Open эхэлж, Давыденко анхны ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Qatar Open эхэлж, Давыденко анхны ялалтаа авлаа

Катарын нийслэл Доха хотноо АТР-гийн энэ улирлын анхны тэмцээн өчигдөр хөшгөө нээлээ. Өнгөрсөн жил Дохагийн талбайд аваргын цом хүртэж байсан ОХУ-ын теннисчин Николай Давыденко эхний тойрогт Италийн тамирчин Фабио Фогниниг 6-1; 6-4 харьцаатай буулган авч, аваргын цомоо хамгаалах гараагаа амжилттай эхлүүллээ. Шинэ улирлын нээлтийн тэмцээнд Давыденко дөрөвдүгээрт эрэмбэлэгдээд байгаа ч олны анхаарал дэлхийн топ теннисчид болох Рафаэль Надаль, Рожер Федерер нарын зүг хандаж байна. Тоо баримт эргэн сөхвөл Надаль, Федерер нар нийт 66 тэмцээний чансааны эхний хоёрт эрэмбэлэгдэж өрсөлдсөн бөгөөд ингэхдээ 44 удаад нь тэдний хэн нэг нь түрүүлсэн амжилттай. Гэхдээ өнгөрсөн жил гэмтлийн улмаас төдий л сайн амжилт үзүүлж чадаагүй Давыденко өнгөрсөн жил Дохад аваргын цом өргөхдөө тус тэмцээний хошой аварга Федерер болон Испанийн Надаль нарыг хожиж байсан юм.

Өчигдөр мөн тэмцээний чансааны гуравдугаарт бичигдсэн Жо-Уилфред Цонга эхний тоглолтоо хийж, өрсөлдөгчөө дараалан хоёр сетэд буулган авчээ. Франц тоглогч маань Испанийн Рубен Рамирез Идальгог 6-2; 6-0 харьцаатай хожсон байна. Түүнчлэн Испанийн Гуиллермо Гарсия-Лопез Казахстаны Михаиль Кукушкинг 6-1; 7-6-аар хожжээ.

ATP World Tour 250 ангилалд багтах Катарын нээлттэй тэмцээний шагналын сан нэг сая, 24 мянган ам.доллар бөгөөд аваргын цомыг 177 мянган ам.доллар дагалдах юм. Тэмцээний ялагч бямба гаригт тодорно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж