Тэр үед Бирмийн холбоо гэж нэрлэгдэж байсан Мьянма 1948 оны энэ өдөр Их Британиас тусгаар тогтножээ. Тус орон 1962 он гэхэд бүс нутгийнхаа цэцэглэсэн орон байсан гэдэгт одоо итгэхэд бэрхтэй. Цэргийн хунтын 1988 оноос тогтоосон “социализмд хүрэх Бирмийн онцгой зам” гэх бодлого одоо Бирма-Мьянмаг хамгийн их авлигад идэгдсэн орон болгоод байгаа юм.
• Орост шинэ жилийн амралт үргэлжилж байна.
• Самоа улс Шинэ Зеландаас 1962 оны нэгдүгээр сарын 1-нд тусгаар тогтнолоо авахад захирч байсан II Малиетоа Танумафили, Malietoa Tanumafili II хааны төрсөн өдрийн баярыг хийж байна. Хаан 1913 онд төрөөд 1963 онд нас баржээ. Тэр цагаас хойш хаант засаглалыг Самоа халаад парламентаар бүх насаараа сонгогдсон омгийн толгойлогч нь улсаа удирдах болсон байна.
• Ардчилсан Конго улс (хуучин Заир) Бельгийн колончлолын эсрэг 1969 онд боссон Тусгаар тогтнолын төлөө зовогчдынхоо өдрийг тэмдэглэж байна.
• Ангола бас яг ийм баярыг тэмдэглэж байгаа нь Португалийн колончлогчдын эсрэг 1961 онд боссонтой нь холбоотой ажээ.
“Үхэж буй хун” бүжгэн жүжгийн минатюра анх тоглогдов
1908 он: Петербургийн Мариинскийн театрт 1908 оны энэ өдөр буяны концерттай байлаа. Концерт дээр Оросын бүжгэн жүжгийн од Анна Павлова анх удаагаа “Үхэж буй хун” бүжгэн жүжгийн минатюра бүжиглэжээ.
Минатюрийг Анна Павловад зориулан Францын хөгжмийн зохиолч Камиля Сен-Сансын хөгжмөөр бүжиг дэглэгч Михаил Фокин тавьсан байв. «Амьтдын багт наадам» гэх найрал хөгжмийн сюитийн 13 дугаар хэсэг нь “Үхэж буй хун” бүжгийн уян шугамтай нийлэн нандин сэтгэл ба хайрын шархлалын эмзгийг харуулж чадсан юм. Павлова ба Фокин хоёрын үзүүлсэн яруу найргийн дүр нь Оросын бүжгэн жүжгийн бэлгэдэл болсон юм. “Үхэж буй хун” бүжгэн жүжгийн минатюра хожим Оросын бас нэг алдартай бүжигчин Майя Плисецкаягийн гоцлол бүжиг нь болсон ба түүнийг бүжиглэсэн тоо нь лавтайяа Гиннессийн номонд бичигдэхээр болсон байх. Дахин давтах дургүй Плисецкая уг минатюрийн төгсгөлийг янз бүр болгож байсан ч дэлхий даяар түүнийг алдаршуулсан хунгийн далавчний хөдөлгөөнийг үзүүлдэг гарын урлал нь тэр чигээрээ үлдсэн байлаа.
«Тайм» Иосиф Сталиныг жилийн хүнээрээ сонгов
1943 он: Америкийн долоо хоног тутмын «Time» сэтгүүл жилийн хүний рейтингийг 1927 оноос хойш гаргаж иржээ. Сэтгүүл жилийн хүнээ эерэг ба сөрөг чанарыг нь үл харгалзан тухайн хувь хүний нийгэмд үзүүлсэн нөлөөгөөр нь шилж иржээ.
Хамгийн анх удаа 1927 онд уг сэтгүүлийн жилийн хүнээр адал явдлын хувь тавилантай америк нисгэгч Чарльз Линдберг тодорсон байв. Тэрээр ганцаараа анх удаа Атлантын далай дээгүүр гатлан ниссэн хүн юм. Линдбергийн дараа автомобилийн магнат Уолтер Крайслер ба «Женерал Электрик» компанийн захирлуудын зөвлөлийн тэргүүн Оуэн Янг нар шилэгдэж байлаа. 1930-1940-өөд онд жилийн хүнээр улстөрчдөөс гадна дарангуйлагчид тодорч байжээ. Энэ үеэр Франклин Делано Рузвельт хоёр удаа шилдэг болсон ба 1937 оны сэтгүүлийг генералиссимус Чан Кайши эхнэрийн хамт чимсэн байв. Дараагийн жилийн хүн нь Адольф Гитлер байлаа. Гэхдээ сэтгүүлийн хавтсыг дундад зууны үеийн инквизацийн шүүхийн буруу номтонг дүүжлэн тамлаж байгаа бар зургаар чимэглэсэн байжээ. 1939 оны хүнээр Иосиф Сталиныг Time нэрлэсэн байв. Харин 1942 онд түүнийг дахин жилийн хүнээр тодруулахдаа дарангуйлагч биш фашизмтай тэмцэгч болгосон юм. Сэтгүүлд өгүүлэхдээ «…Алхам ч бүү ухар!.. 1942 он бол цуст ба хүчний жил байлаа. Нэр нь болд төмөр гэж хэлэгдэх,англи хэлний санд нь догшин залуу гэсэн үгтэй энэ Хүн бол 1942 оны хүн мөн. Зөвхөн Иосиф Сталин л 1942 онд Орос бут ниргүүлэхэд ямар ойрхон байсныг мэднэ. Зөвхөн Иосиф Сталин л Оросыг хэрхэн аварснаа мэднэ. Иосиф Сталин яллаа. Тэр бол нөгөө догшин залуу мөнөөс мөн»… гэсэн байв. Дэлхийн II дайнтай арван жилд “жилийн хүнээр” тус бүр хоёр удаа Уинстон Черчилль, Гарри Трумэн ба генерал Жорж Маршалл нэрлэгдэж байлаа. Оросуудаас Сталины жилийн хүнээр хоёр удаа болж байсан “амжилтыг” 1980-аад онуудад Михаил Горбачев давтсан билээ.